Зүүд

Өнгөтөөр, бодитоор, давтамжтай, бас дээр нь зөнтэй зүүдэлдэг болохоор зарим үед зүүдлэхээсээ ч жийрхэх үе гардаг. Галт тэрэгнээс хоцрох, эсвэл галт тэргэнд ам мөлтөс сууж амжих, хоцрохоороо таньж мэдэхгүй газар айхтар хямарч байгаагаа мэдрэх; гоё гүйцэд боловсорсон, эсвэл хорхойд идэгдэж, муудаж хүрэнтсэн гүзээлзгэнэ түүх, муудсан гүзээлзгэнийн муухай амт амтагдах; цэлийсэн их устай намган дунд дов сондуул дээр ганцаар зогсох; ширүүн урсгалтай голыг сэлж гатлах; юу ч ойлгоогүй хичээлийн шалгалт өгөх гээд цөөн хэдэн үйл явдал багагүй давтамжтай зүүдэнд минь байнга эргэлддэгт одоо хэр нь гайхдаг. Энэ удаад ээлжит гүзээлзгэнээ зүүдлэв.

Эгц урдаас нь өгссөөр уулын бараг оройд нь гарч ирлээ. Баруун гар талаар ой байсан ч жимсгүй гэж өөртөө итгэлтэй явсаар ирж байгаа нь энэ. Зүүн гар тал угаасаа модгүй нүцгэн. Оройд нь гарч ирээд хэсэгхэн тэгш газар модгүй, хэдхэн алхмын цаана багахан чулуун овоотой довцог, түүнээс цааш харин битүү ой үргэлжилнэ. Таагүй өнгө аяс мэдрэгдлээ. Өнжсөн хуурай өвс, улаан шоргоолжны үүрний дайтай хог ургамал овоорсон хатсан навчтай бут, учир битүүлэг дов сондуул, хонхор. Энэ хонхорт юу ч байгаа юм бүү мэд. Хулганы хөеө шиг гэхдээ нэлээн том овоолсон хатсан өвс… Гүзээлзгэнэ дов сондуул тойроод элбэг ургадаг болохоор таагүй санагдсан ч хайж үзлээ. Бүх дов сондуулыг нэгжив. Цөөхөн хэдхэн, гэхдээ гоё улаан, гүйцэд боловсорсон гүзээлзгэнэ олсон л доо, гэхдээ дахиж цаашаа хайх ч хэрэг алга. Цагийн гарз, буцсан нь дээр юм байна…

Сэтгэл санаа таагүй байгаагийнх л байх даа. Хийж байгаа ажлаа больё, дуртай юмаа хийе гэж сэтгэл эргээд байгаагаас юм болов уу? За бүү мэд дээ, чухал шийдвэр гаргах, шинэ юм сэдэх болохоор л энэ гайтай гүзээлзгэнэ зүүдэнд ордог. Яахав сайхан амттай, их гүзээлзгэнэ олдохоор сэтгэл санаа өөдрөг байдаг ч олдохгүй ингээд гурайтчхаар дургүй хүрээд байдаг.

Show your support

Clapping shows how much you appreciated Bonoroo’s story.