Миний илэрхийлж чаддаггүй мэдрэмж

Та ч ойлгохгүй л дээ.

Намар оройтсон бороонд гунигтай дуу сонсоод, гараа халаасандаа шургуулан алхахдаа өөрийгөө гунигтай, эсвэл жаргалтай байгаа эсэхийг ойлгохгүй ч шаргал навчсаа нэг нэгээр гээн нүцгэрэх модны хажуугаар зөрөхдөө өөрийгөө түүнээс жаргалтайд тооцох…

Үргэлж явдаг замаараа өөр нэг замаар солихдоо хуучныг нь үгүйлэн санахдаа,

Хамгийн дуртай хоолоо үргэлж хийж, эсвэл авч идэж чаддаггүй болохоор хааяа нэг идэхээрээ шуналтай гэгч нь үмхэж, амтлан зажлахад, инээмсэглэхдээ,

Амьдралд тохиосон үйл явдал, учирсан хүмүүсийн сайхныг хэзээ хойно нь ухаарахдаа,

Байдаг л зүйл шүү дээ. Дахиад тохионо гэж боддог. Би талархахаа мартдаг.

Залуу насны сайхан нь яг юундаа байдаг юм бэ?

Хүн хичээвэл, сайн хайвал гараад л ажлын байр, мөнгө олох боломж байхад. Илүү хичээвэл боловсрол эзэмших боломж булан тойроод л олдоход. Цагийг зугаатай өнгөрүүлье гэвэл хэдхэн алхаад л бар, ресторан, кофе шопууд. Нүд, сэтгэлээ нээгээд сайн харвал хүссэн хүн чинь, сайн найз нөхөр хажууханд байгааг,

Алдсан бол түүнийгээ ухаарч, юунаас болж, яагаад алдсанаа тунгааж, дараа давтахгүй байхад,

Залхсан бол шинийг эрэлхийлэхэд
Өвдсөн бол эмнэлэг яваад тариа хийлгэчихэд л болно. (гэж бодсон)

Айдсаасаа илүү хүсч байгаа сайн сайхан зүйлээ төсөөлж, мэдэрч чадвал тэнд баяр хөөр байж л байгаа гэсэн бодол. Хүн бүхэн үүнийг хийж чадна. Үүний тулд заавал залуу байх шаардлага юу байна? Гэтэл надад цаг хугацаа гэдэг зүйл бусдаас хангалттай байгаад бас л талархсангүй. Залуу байхын сайхан нь цаг хугацаа байна. Засраад, ухаараад, шинээр эхэлсэн ч боломж байна. Гэтэл би баярласангүй.

Гараа гаргаж хоол хийлгүй дэндүү удсан

Эргээд очихыг хүсдэггүй үе, дурсамж амьдралд нь байдаггүй хүн гэж үгүй болохыг,

Зөвхөн надад ч биш, хэн нэгний амьдрал ч гэсэн хий хоосон, уйтгар гуниг, эсвэл сэтгэл хөдөлгөм сайхан дурсамжууд, итгэл найдвар, хүсэл мөрөөдөл, эсвэл сэтгэл зовоосон асуудал, өөр нэгэнд сэтгэлээ уудлах хэрэгцээгээр дүүрэн байгааг мэддэг.

Тулсан үед тэр хүнд ч гэсэн тусламж хэрэгтэйг, хүн хэзээд хүнээрээ үлдэж чадвал амьд явсны хэрэг бүтнэ гэдгийг, чин сэтгэлээсээ хандвал хэн ч муу хүн биш, муу хүн гэж байдаггүйг, өөрөөсөө хайгаад олохгүй байгаа гэрлийг, эсвэл ямар нэг зүйлийн хариултыг бусдаас олж болдог гэдгийг мэддэг атлаа,

Би сайн хань болж чаддаггүй. Хүссэнээрээ халамжилдаггүй. Хайр мэдэрсэн хором нэг бүрийг дахиад, дараа нь ирнэ гэж бодоод хайхардаггүй. Хажууд байгаа нэгнийг үргэлж дэргэд минь байх юм шиг бодоод хайртай гэдгээ хэлдэггүй.

Ташуурал

Өнгөрснөөс өнөөдөр хүртэл ирээдүйрүү л тэмүүлж, түүнийг л харж, өөр бусдыг анзаарах сөхөөгүй, нэг ч зүг барьж явснаас болоод би хаана байгааг төдийлөн сайн мэдэхгүй. Хажуу тийшээ харахад, эргээд харсан ч миний мэддэг ганцхан зүг урд зүг л байсан. Гэсэн ч би айгаагүй. Айдас гэдгийг мартсан. Аль арван хэдэн жилийн өмнө л.

Хаашаа оддог юм бол доо алдсан тэр бүх цаг хугацаа, хүмүүс, мэдрэмжүүд минь…

Оргүй алга болохоос өмнө буулгаж авлаа, энд бас мэдрэмж шингэсэн л байх. Хуваалцаж, уншсанд баярлалаа.

Г.У

Like what you read? Give Uchral Ganbaatar a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.