Хэзээ ч асууж байгаагүй асуулт

Хүнтэй амархан ойлголцож чаддаг төрлийн буюу нөгөө хүн нь чамайг ойлгохгүй, хүсэх ч үгүй байхад чи аль хэдийн ойлгосон, байгаагаар нь хүлээж авсан байдаг төрлийн хүн. Тэр хүн бусдын яриаг анхааралтай сонсож, өөрийн тухай ярихыг төвдөхгүй. Учир нь өөрийгөө сонирхолтой хүн гэж боддоггүй. Байдаг л нэг, уйтгартай холик гэж боддог. Харин бусад хүн бол бүх л ертөнц. Сайн муу, сайхан муухай хамаагүй. Тэдэнтэй “ярилцахад” кино үзсэн мэт, эсвэл сайхан дуу сонссон мэт болдог. Эсрэгээрээ дотор муухайрам яриатай хүмүүстэй ч таарч явжээ.

Хүмүүстэй ярилцсаны дараагаар тэдний түүхийг мартдаггүй тэр хүн яав ч зүгээр биш байх. Сэтгэцийн өөрчлөлттэй, галзуу хүн юм болов уу? эсвэл Psycho байх. Мэдэхгүй. Түүний талаар хамгийн сайн мэдэж байгаа зүйл бол тэр өөрийн гэсэн үзэл бодол, итгэл үнэмшилтэй, ба аливаад гүн автдаггүй зүгээр л шохоорхон сонирхогч. Хичнээн сонин содон байлаа ч шохоорхоод л өнгөрнө. Хөөрхий тэгээд л хэнд ч чин үнэнээсээ дурлаж үзээгүй. Дурласан зүйлээ нэрлээч гэвэл тэр “ айдас” гэх байх. Айдас түүний нүдийг нээж, сэтгэлийг хөдөлгөж, бас хүч оруулдаг. Бусдад нь тэр хүч байхгүй гэдэгт итгэдэг.

Харин түүний дурласан айдас бусдын хувьд аймшигтай зүйл. хүсэх зүйл биш. Зугтдаг. Эсвэл үзэн ядангуй тээж явдаг. Харин тэр хүлээж авдаг. эвлэрдэг. хэсэг хугацаанд алга болоход нь санадаг. Эргээд ирэхэд нь баярладаг. Учир нь айдаг тэр хүний амьд байгааг, хичнээн утгагүй амьдралаар амьдарч байгааг нь ч мөн сануулдаг.

Үүнийг тэгээд дурлал гэх үү? магадгүй Харукамитай уулзвал дурлалын тухай өөрөөр бодох болов уу? Эсвэл Монро түүнд эмэгтэй хүний өрөвдөлтэй хувь заяаны тухай амьдралын туршлагаа ярьж өгөхийг тэр хүлээгээд байна уу?

Юутай ч буруу дурлалтайгаа учирснаа, өөр “юмаар” солихыг хүсч байгаагаа тэр хүний айдас гээч юунаас үүдэлтэй, юунд хүргэдгийг сайтар мэдэрч гэмээнэ ухамсарлах байх.

Ахиж дурламааргүй ч юм шиг. Эсвэл тэр дурлалт “зүйл”-ээ яаж баяр баясалд хүргэх хүч болгохоо хараахан ойлгохгүй байгаа байх. Тэр юуг ч мэдэхгүй, юуг ч ойлгоогүй. Амьдралын мөч бүр шинэ содон биш ч гэлээ тохиол учрал бүр нь өөр, содон байхыг сонирхож, дараа нь юу байгаа бол, юу олох бол, бас юу алдах бол гэсэн сониучирхал тээн яваа нэгэн. Бусдаас өөр ч биш, ижил биш нэгэн.

тэр өөрөөсөө хэзээ ч асууж байгаагүй асуултаа хайж байгаа. Олвол хуваалцах биз, хэн нэгэнтэй.

Маргааш юу ч тохиолдож болохыг мэддэг учраас өнөөдөр юу ч хийж болно гэдгийг бас мэддэг. Өнөөдөр юу ч хийгээгүй байж байтал маргааш золгүй явдал тохиолдвол яах вэ? сэтгэлийн амар амгалангаа олтлоо явна даа, дараа төрөлдөө ч.

Show your support

Clapping shows how much you appreciated Uchral Ganbaatar’s story.