Шинэ мянганыханд өгөх амжилттай ярилцлагын 5#hacks

НҮБ-ын Залуучуудын Зөвлөх хороо болон өөр ганц хоёр байгууллагад Сайн дурын ажилтан, ажилтан сонгох ярилцлагуудад сууж, ярицлагын баг ахалж, заримд нь “хаалгач” хийж явснаар ажигласан, сурсан чухал хэдэн зөвлөгөөг хуваалцъя.

Залуучууд ажлын, эсвэл тэтгэлгийн ярилцлагад орохдоо юу анхаарах хэрэгтэй вэ? Ямар хүмүүс АМЖИЛТТАЙГААР ярилцлагаа давдаг вэ?

ЭХЛЭХ: Намайг хурцалсан бүтэлгүйтэл

Миний бие 3 жилийн өмнө Америк элчингийн эмэгтэй оюутны солилцооны хөтөлбөрийн эцсийн шатанд тэнцээд ярилцлагадаа л орох үлдээд байлаа.

Тэр өдөр айхтар сандарч билээ. Хүн болсоор хоёр дахь удаагаа хүссэн зүйлийнхээ төлөө мэргэжилтнүүдийн өмнө суун “байцаагдах” гэж байсан нь тэр. Хэл яриа хангалттай хэмжээнд хүртэл сайн хөгжөөгүй, сэтгэлгээ ч задраагүй, ёстой л нөгөө унаган багын аашаараа явсан юм шиг байгаа юм эргээд санахад.

Ярилцлагатай өдөр догдолсон хүн хугацаанаасаа 40 минутын өмнө оччихов. Зохион байгуулагчруу би очиж явна гээд залгасан гэж байгаа. Тосоод аваарай гэх гээгүй байгаа даа лол.

Энэ ярилцлагадаа би өөрийгөө тэнцэнэ гэдэгт яагаад ч юм батаас бат итгэсэн байсан. Гэсэн ч уначихсан. Ийм нэг явдал болсон.

Цагаасаа эрт ирсэн хүн 20, 30 минут хүлээсний эцэст ярилцлагын өрөөнд ордог юм байэ. Яваад ортол нүдэнд дулаахан гурван эгч сууж байлаа. Тэдний нэг нь харааны бэрхшээлтэй Уянга гэх бүсгүй. АНУ-ын элчинд ажилладаг, Фулбрайтын тэтгэлэгтэй мундаг эмэгтэй. Түүний байнга дагуулж явдаг том шаргал нохой ч ширээн доор хэвтэж байгааг харж амжив.

Ярилцлага англи хэл дээр явсан юм. Өөрийгөө танилцуулаад, асуултанд хариулаад дажгүй явж байгаад яаж байгаад ч юм доошоо хараад өнөө хөөрхөн нохойтойгоо харц тулгараад, тэрүүхэндээ хайр хүрээд нөгөөхрүү чинь “маасайх” гэж байгаад л хэл татчихсан юм. Бүх юмаа мартаад, англи хэл ч ор сураггүй бол, ичиж гайхсандаа хамаг бие халуу дүйгээд, толгой манарсныг одоо ч тод санадаг. Тэгээд л юу ярьснаа өөрөө ч ойлгоогүй. Ер нь яг юу болсныг ч сайн ойлгоогүй л байна, одоо ч. Сайн дурын ажлын тухай юу ч асуугаагүй байхад тэр тухай яриад байснаа санаад байгаа. Ойлгомжтой. Тэнцээгүй. Гутарсан. Өөрийнхөө хүлээлтэд хүрсэнгүй.

Ярилцлагын маргааш сэтгэлээр унаж, баахан санаа алдаж гутарсан хүн тухайн үед ажиллаж байсан сэтгүүл дээрээ ирэв. Үг ч гарахгүй, ярихаар л уйлчих юм шиг мэдрэмж төрөөд, өөр хэнд ч биш өөртөө л, тэр нохойнд ч биш, зөвхөн өөртөө л гомдмоор санагдаад…

Харин тэр үед хамт ажиллаж байсан найз маань “Чи тэнцээгүй гээд амьдрал чинь дуусах гэж байгаа биш дээ. Ахиад олон боломж байна. Битгий гутар” гэж товч бөгөөд тодорхой хэлсэн юм. Ер нь манай тэр найз юмны голыг олоод хэлчихдэг, түс тас түмпэн шанага, сайхан сэтгэлтэй, мундаг охин. Үе тэнгийнх атлаа надад үргэлж зааж сургаж, үлгэрлэсэн хүн дээ. Хиши :)

Тэр үгийг сонсоод нээрэн ч юу билээ гэх бодол төрж, гутрахаа ч байж, тэр бүтэлгүйтлээсээ урам зориг орж, сэтгэл зүй хийгээд, хувийн бэлтгэлээ сайтар базаасаар тухайн жилийн төгсгөлд буюу 2015 оны 12 сард НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хорооны гишүүнээр элссэн юм. Тэр үед Америк явсан бол би НҮБЗЗХ гэх газар орохгүй байх байсан. Алдаагаа дахиж давтахгүй гэж өөртөө хатуу сануулсан болохоор, би чадахгүй гэдэг бодлоор өөрийгөө хязгаарлаагүйн үр шимээ хүртсэн.

Тэр цагаас хойш НҮБЗЗХ-ны шинэ гишүүн шалгаруулах хэд хэдэн үйл явцад оролцсоноор тэр үед яагаад сандарч, будилж, бүтэлгүйтсэнээ, ямар байж чадсан бол амжилттай байх байсан тухайгаа илүү бодитоор, бусдын туршлага дээрээс харж, ойлгож авсаар байна.

ТИП №1: Хаалгач “ШҮГЭЛ ҮЛЭЭНЭ”

2015 оны сүүлээр нэг ярилцлагад хүмүүсийг липтээр “зөөдөг” ажил хийв. Ярилцлаганд орох гэж байгаа залуучууд сандарсан догдолсон байх нь хэвийн үзэгдэл. Тэр тусмаа Монголд үйл ажиллагаа явуулдаг НҮБ-ын дэргэд ажилладаг залуучуудын багт орно гэдэг өөрөө ТОМ ДАВАА байлаа.

Ямар нэг ярилцлага, шалгаруулалтанд орохоор аль нэг байгууллагын хаалгаар орохоосоо эхлээд гарах хүртлээ сэтгэгдэл төрүүлж чаддаг бай.

Юу гэсэн үг вэ?

Ярилцлага авч байгаа хүмүүсээс гадна тухайн багт байгаа хүмүүсийг бүү үл тоомсорлож, “үнэн төрх”-өө бүү харуул. Тухайн хүн хэдий лифтээр хүн дээш доош авч явж байгаа туслах мэт харагдавч, чимээгүй тэмдэглэл хөтлөөд сууж л байгаа мэт байвч тэр хүмүүс ч мөн танаас ярилцлага авч байгаа. Ярилцлага авч байгаа багийн нэг хэсэг гэдгийг бүү март.

Би лифтэнд явж байхдаа залуучуудтай яриа өдөж, асуулт асууж байлаа. Зарим нь үнэнээ хэлнэ, сандарч байна, зөвлөгөө өгөөч, дотор ямар хүмүүс байгаа вэ гэж асууна. Харин зарим нь харах ч үгүй. Нэг муу “хаалгач” л байна гэж боддог байх. Зүгээр л сийндсэн тохиолдол ч бий. Шалгаруулалтын багийнхан ярилцлагын хариугаа бүгд хэлэлцэж, “хаалгач”-ынхаа санал, сэтгэгдлийг сонсох тактик байдгийг хүмүүс мэддэггүй байх. Хаалгаар ороод гаран гартлаа найрсаг, мэдээж өөрийнхөөрөө байх нь хүмүүст сэтгэгдэл төрүүлдэг.

ТИП №2: Их ярих биш чухлыг нь ярих

Миний ажигласнаар ихэнхи хүн өөрийгөө бүрэн харуулах боломж бол зөвхөн ярилцлагын шат гэж хардаг. Гэтэл өмнө нь багийнхан анкет, эсээ, бичлэг зэргээг аль хэдийн өөрийгөө маш сайн харуулах боломжийг өгчихсөн байдаг. Харамсалтай нь хүмүүс тэр бүхнийг хангалттай сайн ашиглаж чаддаггүй. Жишээ нь: Анкет дээр овог нэр, төрсөн нутаг, унасан шороо, эцэг эхийн нэр, сурсан сургууль гээд бүгд бичээстэй байхад бичлэг дээрээ түүнийгээ давтаж ярьдаг. Намайг … гэдэг. Би … сургууль… гээд эхэлж байгаа бичлэг цааш хэрхэн өрнөх нь барах ойлгомжтой болж эхэлдэг гэхэд хилсдэхгүй. Ярицлага дээр өөрийгөө танилцуулахдаа ч товч ярьж байх.

Учир нь багийнхан таныг мэдэж байгаа, сайтар судалсан. Бүү цаг алд. Түүнчлэн хийсэн бүтээсэн бүх зүйлээ ярилцлага дээр ярих гэж “чичрэн” хүмүүсийг бүү залхаа. Тэр тусмаа CV дээрээ аль хэдийн бичсэн, тэдний сайн судалсан зүйлийг бүү ярь. Харин ярилцаж байгаа хугацаандаа тэр хүмүүст өөрийн тухай шинэ мэдээлэл өг. Гайхшруулах ёстой бол гайхшруул. Уяраах ёстой бол уяраа. Харизматик бол түүнийгээ ил гарга, тэднийг өөртөө ТАТ.

ТИП №3: Үнэн үргэлж ялдаг тул өөрийнхөө, үнэнээрээ байхыг хичээ

Заримдаа тохиолдоор ганц нэг таньдаг, мэддэг хүнээсээ ярилцлага авч таарна. Огт танихгүй хүний түүх ярьж байгаа ч юм шиг, өөрийн хэзээ ч хэлж, хийж байгаагүй үйлдлээ хийсэн болгож ярих нь зүгээр л ичмээр явдал шүү. Хана хүртэл чихтэйг санаж, бурхныг бодож өөрийнхөө бай. Өөрийнхөөрөө үнэлэгд. Араа бодоорой. Ахиад таардаг л юм байна лээ шүү хаа нэгтээ, төсөөлөө ч үгүй цагт, эсвэл газарт.

ТИП №4: Шүүмжлэгч сайрхагчийн аль ч БИШ БАЙ

Хэн нэгийг, эсвэл бусдын хийсэн ажлыг өөрийнхөө туршлага, чадварыг тодотгохын тулд хэт сайрхаж, эсвэл шүүмжилж ярих гэсний хэрэггүй. Зайлсхий. Өөр жишээ тат. Сонсож байгаа хүнд таатай байдаггүй бөгөөд үнэлгээнд тань сөргөөр нөлөөлөх тун боломжтой. Хаана ч, хэн ч сөрөг энергитэй, эсвэл хэт онгироо хүнийг багийн гишүүнээрээ авахыг хүсэхгүй л болов уу.

ТИП №5: Ярилцлага авагчиддаа сурах боломж олго

Айн? гэж үү? Жилийн өмнө ярилцлагын багт хаалгачаар биш, ярилцагчаар сууж байх үедээ нэг зүйлийг анзаарсан бөгөөд амьдралын түүхээ зөв сонгож, түүгээрээ хэлэх гэсэн санаа, авсан туршлагаа оновчтой илэрхийлэх нь ярилцаж буй хүнд өгөөжтэй байдаг. Яг үнэндээ тантай ярилцаж байгаа хүн ямар нэг байдлаар танаас суралцаж байдаг гэдгийг мартаж болохгүй.

ЭЦЭСТ нь: ХҮНДЭТГЭ

Мэргэжлийн хүний нөөц биш, дээрээс нь бүтэн цагийн ажилтан шалгаруулах ярилцлагын туршлага үгүй ч НҮБ гэх олон улсын байгууллагын баримталдаг дүрэм журмын дагуу явагддаг 4 ярилцлагад оролцож, зуу гаран 15–24 насныхантай ярилцсаны эцэст хүрсэн дүгнэлт энэ юм. 
Мэдээж ярилцлагад орохдоо анхаарах жишиг соёл гэж бий. Түүнийг мөрд. Бохь бүү зажил, хэнэггүй, тоомжиргүй бүү бай, хэт их хичээж, ургуулж бодож, өөрийгөө сандаргасны хэрэггүй.

Эцэст нь хүнтэй л ярилцаж байгаа гэдгээ сана. Таны хүсээд байгаа тэр ажлыг маш сайн мэддэг, хайж байгаа хүмүүсээ точный тодорхойлсон, тантай ярилцах хугацаагаа бүгдийг нь зөвхөн таныг сонсоход зориулан чихээ дэлдийлгэн, хамгийн гоёороо байгаа ярилцлага авч буй багийнхныг хүндэл, өөрийгөө ч хүндэл. Бүү ай.

Залуучууд мундаг болсоор байгаа, хөгжсөөр, сэтгэлгээний цар хүрээ нь тэлсээр, санаачлагатай, хөдөлмөрч болсоор байгааг ч биеэрээ мэдэрсээр ирснээ хэлэхээ мартаж яавч болохгүй болов уу.

Миллениалууд буюу шинэ үеийнхэн, залуучууд өдөр ирэх тутам илүү чадваржиж, итгэл даах хүмүүс болж төлөвшсөөр байгааг тэдний нэг нь болохын хувьд, цаг үргэлж хамтарч ажилладаг хүний хувьд батлан хэлж чадна. Нүдээрээ ч харж байгаа. Залуучуудаар бахархдаг.

Г.Учрал

2017 он 10 сар 18-нд

Like what you read? Give Uchral Ganbaatar a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.