Юу төгс гэж?

Их сургуулийн хичээл дээр нэг багш маань энэ дэлхий дээр төгс хүн гэж үгүй, харин нохой, муур төгс. Адгуус бол төгс. Учир нь тэд төгсрүү тэмүүлдэггүй, тэр тухай бодол ч байхгүй гэж хэлж байсан юм.

Свийт 11 дүгээр сар киног санаж байна уу? Үзэж байв уу? Яагаад ч юм багшийн хэлсэн төгсийн тухай санаа, энэ киноны гол санаа хоёр ТӨГС гэдэг үгийн утгыг надад төгс сайн ойлгуулж өгсөн юм шиг санагддаг. Яагаав өвчтэй гэдгээ нуугаал нэг танихгүй залуутай ганцхан сар хамт амьдрахдаа өөртөө ухаангүй дурлуулаад эцэст нь би ҮҮРД чинийх гэж хэлээд орхиод яваад өгдөг бүсгүйн тухай гардаг кино? Би түүнд атаархсаан…

Хичээл зүтгэл, тууштай байдал хүнийг ямар ч нөхцөлд авардаг, дээш татдаг хүчин зүйл. Оролдлого сайт оройд нь гэдэг ч үнэн. Тиймээс ч өдөр бүр хамгийн сайнаараа байхыг хичээж, өөрийгөө хөгжүүлж, сул талуудаасаа салахыг хичээдэг. Хийхээр төлөвлөсөн, хүссэн зүйлсээ хийж байна гэж боддог байлаа. Амьдралын төлөвлөгөөгөө 2, 5, 10, 20, 50 жилээр нь гаргачихсан. Эхлээд үүгээрээ бахархаж баярладаг байлаа. Харин одоо түүнийг гаргаж, ягштал мөрдөхийг хүсэхгүй байна. Миний сонирхол, хүсэл, бодол, бас мөрөөдөл зорилго өөрчлөгдөж байгааг мэдрэх цаанаа нэг таатай байгаа боловч аймаар байна. Учир нь энэ миний төлөвлөсөн БИ биш. Миний 50 жилийн дараа харахыг хүссэн би биш. Хэн юм бэ гэж бодож сууна.

https://www.youtube.com/watch?v=pq6lsZoWcFE

Өмсөхийг хүссэн хувцасаа ямар нэг шалтгаанаас болж өдөр бүр өмсөж чадахгүй. Идэхийг хүсдэг хоолоо, үзэхийг хүсдэг киногоо үзэж, уншихыг хүссэн номоо уншиж, уулзахыг, харахыг хүссэн хүнээ өдөр бүр харж чадахгүй. Явахыг хүссэн газарлуугаа явж чадахгүй. Хүссэн зүйлээ бүгдийг нь хийж чадахгүй байгаадаа хааяа маш их гутардаг. Угаасаа 100% хүслээрээ амьдардаг амьтан хаана ч байхгүй байх. Ил гутарч чадахгүй. Гутархаараа “уудаг” хүмүүс байдаг. Тэр уух “эмчилгээг” нь ганц хоёр удаа туршиж үзсэн боловч нэмэргүй байв. Миний хамгийн хол явбал зохих зам гэдгийг мэдэж авсан. Тиймээс сэтгэл хөдлөлөө зохицуулдаг өөрийн уламжлалт аргаа дагнан үргэлжлүүлсэн.Тэр бол надаас өөр хэн ч уншихгүй, уншсан ч ойлгохгүй миний мэдрэмжүүдтэй дэвтрүүд. Нэгэнт мэдэрсэн мэдрэмж гэдэг хамгийн хүчтэй учир хэзээ ч мартагддаггүй. Тийм болохоор би дэвтэртээ нэрээ хэзээ ч бичиж байгаагүй. Хэзээ нэг цагт гээчихвэл хэн нэгэн олж уншаад намайг гэж мэдэхгүй. Үргэлж гутарч явдаг хүн биш ээ. Мэдээж үгүй. Энэ амьдралд байж болох хамгийн сайхан бүхнийг би авсан. Миний эцэг эх, эмээ өвөө, амьдралдаа учирсан намайг шалтгаан, нөхцөлгүйгээр маш их хайрладаг хүмүүс, ойлгодог хүмүүс, эсвэл хурцалж байдаг хүмүүс гэх мэт. Гэхдээ л би үргэлж илүүг хүсдэг. Хамгийн баян, хамгийн алдартай, эсвэл хамгийн сайхан газар амьдарсан ч, үлгэрийн мэт ханхүү дэргэд байсан ч сэтгэл ханахгүй, түүнээс төгсрүү тэмүүлэх юм шиг, ханаж цадахгүй юм шиг мэдрэмж чангаасаар… Новш гэж энэ юу вэ? гэж өөрөөсөө асууж сууна.Миний хүсээд байгаа тэр төгс зүйл хаана байдаг юу вэ гэдгийг мэдэхгүй, эсвэл ерөөсөө байхгүй байж болох ч дутаад байна. Би түүгээр л дутаад байна.

Таван жил хүсч байгаа өглөөний хүн болох зорилгоо биелүүлчихвэл болох юм болов уу?

Таалагддаг хүндээ сэтгэлээ илчихчихвэл,

Хэн ч хэлээгүй нууцаа хэлчихвэл,

Бүх зүйлийг орхиж шинээр эхлэвэл, эсвэл өөр хаа нэг тийшээ явчихвал, эсвэл зүгээр л унтаад өгвөл миний ойлгохгүй хэлээр ямар нэг зүйлийг үргэлж шивнэх, дотроос чангаах дотоод хүн дуугүй болох юм болов уу? Энэ бүхний хариулт хэнд байгааг мэдэж байгаа нь намайг эрүүл ухаантайг батлах болов уу?

Аристотель байсан ч хэлж, Эйнштэйн ч ойлгож чадахгүй. Төгс зүйл гэж байхгүй гэж боддог бодлоо орхие. Хүссэнээ мэдрэх нь төгс байх. Түүнийг өөрөөсөө олно. Тэгэхээр би төгс. Миний цор ганц итгэх ёстой, аврал бол ТӨГС би. Хүссэнээ хийх би. Би төгс юм байна. Гэхдээ би адгуус биш. Муур, нохой биш. Зүгээр л ёс журамтай амьдардаг хүмүүсийн нүдээр солиот, харин өөр шигээ тэмцэж тэмтэрч яваа бусдын хувьд өрөвдөлтэй, ижил зовлонтой нэгэн. Төгсрүү тэмүүлэхээр ийм юм болдог. Миний тэмдэглэлийн дэвтрийг хэзээ ч битгий хулгайлаарай. Тэр цагт би ТӨГС байхаа болино.

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.