Дараагийн дэлхийн аварга даанч хол байна даа, Сергей Каръякин!

Altan-Ulzii Chuluun
Dec 1, 2016 · 3 min read

Дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Нью Йорк хотноо 11 дүгээр сарын 11–30-ны хооронд явагдлаа. 2013 оноос хойш дэлхийн аварга цолыг эзэмшиж буй Магнус Карлсен энэ удаад Оросын шатарчин, хамгаалалтын мастер Сергей Каръяакинтай цолоо хамгаалах тоглолтууд хийсэн юм. Тэд нийт 12 өрөг тоглож ялагчаа тодруулах дүрэмтэй бөгөөд уг тоглолтууд 6–6 харьцаатай тэнцсэн учир хайнаа хагалах рапид тоглолтууд хийж, улмаар Карлсен дэлхийн аварга цолыг 2018 он хүртэл хадгалахаар боллоо.

Тэмцээний өмнө Карлсен дэлхийн чансааны #1-т, харин Каръяакин #9-т байсан. Тийм ч учраас Карлсен цолоо хамгаалах магадлал, шинэ дэлхийн аварга төрөх магадлалаас хавь илүү байлаа. Хоёр шатарчин 2-уул 26 настай ба дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээний түүхэнд байгаагүй залуу хослол нүүр тулсан нь энэ.

Шатрын анхлан суралцагчид төдийгүй их мастерууд хүртэл маш их зүйлийг суралцаж болохуйц өндөр түвшний, өрсөлдөөнтэй тоглолтууд боллоо хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна. Тоглолтын үр дүнгүүд Карлсены, магадгүй дийлэнх шатар сонирхогчдын хүлээлтээс зөрж эхний 7 тоглолт тэнцээгээр өндөрлөсөн. Үүн дотор 3 дахь өрөгт Карлсен, 4 дэх өрөгт Каръяакин өөрсдийн давуу байрлалаа хожил болгож чадаагүй юм. (Доорх зургаас өргүүдийн турш давуу байрлал хэний талд байсныг харна уу.) Харин 8 дахь өрөгт Каръяакин ялалт байгуулж, 10 дахь өрөгт Карлсен онооны харьцааг тэнцүүлж чадсан. Бусад тоглолтууд тэнцээгээр өндөрлөсөн учир 12 өргийн дараагаар 2 шатарчин эвийн гэрээ байгуулжээ. Сүүлийн буюу 11, 12 дахь өргүүдэд тоглогчдын хэн хэн нь эрсдэл хийхээс зайлсхийж, тоглолт богино хугацаанд тэнцсэн.

Хайнаа хагалахын тулд шатарчид 4 рапид тоглолт хийх дүрэмтэй. Дахин тэнцвэл блиц рүү шилжих, блиц тоглолтуудад мөн тэнцвэл Армагеддон форматаар ялагч тодрох ёстой. Нэмэлт тоглолтууд эхлэхийн өмнө шинжээчдийн хийсэн судалгаа ёсоор рапид тоглолтуудын дараагаар ялагч тодрох магадлал 80 хувь гэж үзэж байв. Үүнд Карлсен ялах магадлал 60 хувь, Каръяакин ялах магадлал 20 хувь байсан. Карлсен 2015 оны ДАШТ-ий рапид ангилалд аваргалсан, уг төрлийн дэлхийн чансааг тэргүүлж байсан учраас эдгээр нь шударга тоонууд байв. (Рапидын дүрэм: Тоглогч бүрт 25 минут, нүүдэл тутамд 10 секундын нэмэгдэлтэй.)

Paypal-г үүсгэн байгуулагч энтрепренеур, тэрбумтан Питр Тиел ёслолын журмаар эхний нүүдлийг хийснээр нэмэлт тоглолтууд эхэлсэн. Питр Тиел бол ФИДЕ-д (Дэлхийн Шатрын Холбоо) данстай, шаггүй шатарчин болохыг шатар сонирхогчид андахгүй биз ээ (ФИДЕ чансаа: 2199).

Рапидын эхний 2 тоглолт тэнцээгээр өндөрлөсөн ч дараагийн 2 тоглолтонд Карлсен ялалт байгуулж чадсан. Бүх л тоглолтуудад тэрээр цагийн давуугаа ашиглаж байсан юм. Ийнхүү 4 рапид тоглолтын дараагаар Карлсен 3–1 харьцаатайгаар ялалт байгуулсан бөгөөд Каръяакинтай хүнд, хэцүү 16 тоглолт хийсний дараа дэлхийн аварга цолоо хамгаалж чадсан.

Тоглолтын дараагаар Карлсен энэ цувралыг дэлхийн аваргын төлөөх өмнөх учраануудаас нь хамгийн хэцүү нь байлаа хэмээн тодотгосон. Харин Каръяакин өөрийгөө Карлсены хэмжээнд өрсөлдөхүйц шатарчин болохоо хангалттай батлав. Өдгөө дөнгөж 26 настай эдгээр залуус дахин олон жил дэлхийн шатрын ертөнцийн оргилыг булаацалдах боломжтой. Гэхдээ Каръяакин дахин дэлхийн аваргын төлөө өрсөлдөхийн тулд Каруана, Ананд, Крамник, Накамура, Со Весли зэрэг хүчтэй өрсөлдөгчдийг дахин ялах шаардлагатай.

Дараагийн дэлхийн аварга даанч хол байна даа, Сергей Каръяакин!

When you are young, work to learn and not to earn… #economics #math #sports

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade