Уржнангаас авахуулаад би гэдэг хүн үүргэвчтэй аялахыг мөрөөдсөөр өдийг хүрчээ. Хүрч очсон мэт сэтгэгдэл төрүүлсэн газруудынхаа зургуудыг цуглуулаад хаа нэг хүн бүрт тохиолддог шиг уйтгар гунигт автахаараа өнөөх зургуудаа үзэж сэтгэлээ сэргээнэ. Түүний минь хэлснээр “хүмүүст боломж нь байгаад байхад аяллаар явах юмсаан гэж ярьсаар л байдаг. Тэд хөдөлдөггүй, мөрөөдсөөр л байдаг” үнэхээр бидэнд боломж нь гарч ирээд, хөдлөхөөр шийдсэн юм. Бага зардлаар ихийг үзэх хүсэлдээ хөтлөгдсөн Вьетнам улсыг дайлаар мордлоо. Хачиргүй, хэтрүүлэггүй, хөнгөн зууш шиг фото тэмдэглэлийг минь таалан сонирхоно уу :)
2016.07.02 Вьетнам элчин дээр визэндээ орохоор очлоо. Монголоор давгүй ярьчихдаг Вьетнам залуу Монгол хэл дээрх асуулгатай материал бөглөхийг хүсээд нутагт нь өдийд айхтар халуун байгаа талаар мэдээлэл өглөө. Урд зүг ойлгомжтой л доо гэж бодов. Ингээд хоёрхон хоногийн дараа бид хоёрын виза гарч маргааш нь хөлгийн жолоо залахаар болсон юм.
2016.07.08 буюу Улсын баяр наадам болохоос гурав хоногийн өмнө аялалдаа гарлаа. “Анхнаасаа бага мөнгөөр ихийг” уриатай гарсан болохоор бид хоёр хэмнээд автобусаар Замын-Үүд орох байсан ч тэр минь намайг бодоод галт тэрэгний (Хүний 18,000 MNT )тасалбар авсан байлаа. Галт тэрэгний буудал орох хүртэл бас сүртэй сүртэй. Хоёул Монгол хатны зурагтай футболка өмсчихсөн, цүнхнүүд дээрээ далбаагаа оёчихсон, Монгол хатан, ноёны модон тоглоом авчихсан. Сүүлийнхийг ч ил барьж яваагүй л дээ кк. Наадамлаж чадахгүй юм чинь гээд хоёр хоёр хуушуур идээд авсаан. Аа тийм манай хүний толгой дээрх зүйл нь монголчилсон GoPro-ны суурь…
За тэгээд холын замд юу эсийг хийхэв хөзөр мушгиад, явуут дундаа иймэрхүү зураг дарсаар маргааш өглөөний 07 цаг хавьцаа Замын-Үүдэд ирсэн юм. Нэг зүйл мартах шахлаа. Хол замд тэр Kindle чинь ёстой зүгээр эд байна лээ шүү. Дамаа бидэн шиг үүргэчвтэй аялж байгаа улсуудад ганц нэг хүнд ном ч ачааны нэр учир хөнгөхөн, олон ном багтаад, уншихад ч эвтэйхэн юм билээ.
Замын-Үүдэд очингуутаа цааш хил гарах унаа хайлаа. 50, 60 юань гээд янз янзын үнэтэй суудлын машины жолооч нар гал тэрэгнээс буунгуут л хөтөлж аваачаад суулгачих гээд бид хоёр эхний үнэ хэлсэн машинд сууж болохгүй гэж бодон өөрсдөө унаа хайлаа. Тэгж л таарна 8000 төгрөгөөр явах автобусанд суугаатахлаа. Ингээд Эрээн хотод ирж Баян Монгол нэртэй хоолны газар амсхийж аваад урд хөршийн цагаар өдрийн 14 цагт Бээжин хот руу хөдөллөө. Унтлагын автобус биш учир замдаа бага зэрэг ядраад шөнийн 00 цагийн орчимд Орон нутгийн автобусны буудал дээр ирлээ. Бүгчим халуун эвгүй үнэртэй ч чийг даасан агаар угтлаа. Таксигаар Өвөрмонгол зуучтай хотын төв орчмын нэгэн буудалд орж тухлаад авсан юм.
Хоног алдахгүйн тулд аргааш өглөө нь шуудхан л Орон нутгийн галт тэрэгний буудал руу метро дамжин очлоо. Ийн явахаас өмнө буудлаас гарахад нэг Өвөрмонгол дагаад хаашаа явах гэж буй, юуны тасалбар хэрэгтэй мэтээр бид хоёрыг шалгаагаад Nanning-д үер буусан болохоор тийшээ явах хөдөлгөөнийг хорьсон, байсан тасалбар нь дууссан тухай хэлээд тасалбар худалдаалах цэг дээр зарагдаж байгаагаас 4 дахин үнэтэй тасалбар олж өгч болох хэлсэн ч бид хоёр итгэл тавин нэрийн хуудсыг нь аваад зорьсон газар луугаа явлаа. Метроных нь учрыг яаж олно доо гэж бодож байсан зааварчилгаа нь хаа сайгүй байлаа. Хямд, түргэн шуурхай, тохилог тээврийн хэрэгсэл байна билээ.
Очтол яасан гэж санана дээрх зурган дээрх очерь бид хоёрыг угтлаа. Яг энэ үед надад гуравхан сая монголын нэг эд эс байгаад дахин талархах сэтгэгдэл төрүүлсэн юм. Гэсэн ч Хятад хүнээс авууштай чанар маш их. Тэд банкинд, нийтийн тээвэрт, дугаарлан зогсож үйлчилгээ хүртэх ёстой бүх л зүйлд хүлцэнгүй, очерь дайрч хүмүүсийн уур бухимдлыг хүргэдэггүй, айхтар зарчимч, дэг журамтай улс шиг санагдсан. Бид хоёр ч тэдний дүрэмд захирагдаж дугаарласаар Nanning хүрэх (суудалгүй) тасалбар авлаа. Үнэндээ суудалтай нь арай үнэтэй бас дуусчихсан байсан юм. Анх удаа 23 цаг зогсоогоороо галт тэргэнд явахаар болов.
За тэгээд л нөгөө бүх л аялагчийн очдог уламжлал шахуу болсон газрууд болох Алдарт ТиэнАнМены талбай, Хориотой хот зэргээр сэлгүүцсээр Галт тэрэг хөдлөх цаг болж буудал руугаа явлаа.

Үүнийг уншиж буй уншигч авхай та 23 ба түүнээс дээш цагаар вагонд явж үзсэн бол бид хоёрын амттай зовлонг мэдэрч байгаа байх. Хүн угаалтуурын өрөө явангуут суудал дээр нь хэсэгхэн хором амсхийх, тэсэхээ байгаад ирэхлээр сандлынх нь ирмэг дээр хажуулдаж хэсэг сууна. За тэгээд бид хоёртой ижилхэн суудалгүй хүмүүс их л сурамгай жижигхэн эвхдэг сандалтай явдаг юм билээ. Хоёр хүн зөрөхөөргүй нарийн зам дээр нь өнөөх сандлаа дэлгэж тавиад зориулалтын суудлын түшлэгийг налаад хажуулдчихна. Замын турш хоорондоо юуны ч юм элдвийн зүйлсийн талаар ярилцах агаад бид хоёртой хүртэл яриа өдөх гэж ч үзнэ. Бэлэн гоймон, амтлаад битүүмжилсэн ууттай тахианы мах, зайдас зэргээ харин ч нэг сэнгэнэтэл иднэ дээ. Нэг аххүү бүр суудлын дор чемодан дотроо битүү идэх юм хийчихсэн явна лээ. Бид хоёрын тортой юмны хажууд дэлгүүр л гэсэн үг. Замын турш мэрсээр явна даа.

Nannig-д шөнө ирсэн учир 200 юаниар буудаллаад маргааш өглөө нь мөн л тэндхийн орон нутгийн вокзалыг заалгаад очтол наймхан минутын дараа бид хоёрын суух байсан автобус хөдлөх гэж байхад нь амжиж суусан юм. Азтай байгаа биз. Хэрвээ амжиж суугаагүйсэн бол маргааш өглөөг хүлээх байсныг дуулгая. Ай хө үүргэвчтэй аялагчдад цаг хугацаа чухал шүү.
Эхний зураг Хятадын хил, удаах нь Вьетнамынх…өөр орчин байгаа биз. Хятадын хил дээр ч тэр Вьетнамын хил дээр ч тэр бид хоёрын пасспортыг хэд дахин нягтлаад зогсохгүй дуусах хугацаа нь эхний хуудсан дээрээ байдаггүй учир нэлээн юм лавласан юм. Одоо ч гадаад пасспортын хэлтэс очерьтоо дарагдсаар…дэлхийн бусад орны жишгээр цахим болгох асуудлыг хурдан шийдвэрлээсэй билээ.
Хил даваад өөр орчин, өөр соёл, өөр царайтай хүмүүс…Үнэнийг хэлэхэд Хятадуудыг бодвол арай царайлаг санагдсан. Эмэгтэйчүүд нь том алаг нүдтэй, цэвэрхэн арьстай бас эвгүй үнэргүй, ярих нь чихэнд чийртэй сонсогддоггүй болоод тэгж санагдаа биз :P Вьетнамын хил дээрх тосгон болох Лонг биэн-ээс Вьетнамын одоогийн нийслэл нийслэл Ха Ной хотыг зорьлоо.
Ха Ной-д очоод тухайн өдөртөө амжиж зорьсон газар болох Ха лонг бэй рүү унтлагын автобусаар явлаа. Автобусанд https://www.youtube.com/watch?v=xevBMDpBpas яг энэ хэмнэл бүх дуунд нь орсон концертыг автобусны зурагтаар үзэж явлаа. Тиймээ бид хоёр Вьетнам дуунд дуртай болсоон хэхэ. Ингээд шөнөдөө Ха Лонг бэйд ирээд буудалд орж амраад өглөө нь Cat ba арал руу явахаар боллоо. Чингэхдээ буудлын эзнээс зөвлөгөө авах гэсэн боловч бид хоёрт Ха лонг бэй арлыг үзүүлээд Cat ba рүү хүргэж өгөх санал тавьсан юм.
Буудлын эзний саналыг зөвшөөрч 150$-р Cat ba хүртэл замдаа хэд хэдэн газар зогсолт хийхээр тохироод завиндаа суусан юм. Гэтэл бид хоёроос гадна 30 орчим хүн багтахаар завинд хөлгийн ахмад болон түүний гурван туслахаас өөр хүн суусангүй. Бид хоёр ч азтай байна аа гэж ярилцсаар замдаа гарлаа. Үнэхээр үлгэрт л гардаг байх гэмээр үзэсгэлэнтэй байгалийн тогтоц, тэнгэр баганадсан хадархаг уулнууд, хязгаар нь үл үзэгдэх далайн эргэн тойронд усан онгоц, завь хөвж байсан нь сэтгэлд тодхон үлджээ. Ахмадын арын албаныхан бид хоёрыг амттай далайн хоолоор дайлж, нутгийн сархадаас дээжлэв.
Ха лонг бэй-д байрлах өвөрмөц тогтоцтой агуйн түүхийг гүүглээс хайгаад уншчих бизээ. Ямартай ч жуулчдын анхаарлыг татдаг төдийгүй манай түүхтэй холбон ярьдаг юм билээ.
Бидний хүсэн хүлээсэнчлэн тийм ч олон газраар явсангүй. Уулан доторх агуй болон, хоёр тахиа зодолдож байгаа гэж тэднийхний нэрлэсэнчлэн хадыг үзүүлчихээд бид хоёрыг Cat ba арал руу хүргэж өгөх моторт завинд суулгаад явуулчихав. Бид хоёрт гайхаж хоцроод Cat ba-д ирээд юу болоод өнгөрөв гээд хэсэг ярилцаад учрыг тайлвал таксан дээрх үзүүлэх ёстой байсан 8 байршлын дөнгөж 3 дээр л очоод бид хоёрыг Cat ba руу явуулсан байлаа. Мөн биднээс жуулчидаас хүртэл авдаг хөлснөөсөө хэд дахин давуулж авсан байсныг нэг ёсондоо хулхидуулснаа мэдээд тэндээс Зуучлалгүйгээр бүх зүйлээ өөрсдөө туршиж үзэхээр шийдсэн юм.
Cat ba бол жуулчдын хувьд үнэтэй арал ч харин бид хоёр шиг үүргэвчтэй аялагчдад хямдхан газар байлаа. Үндэсний мөнгөн тэмдэгт болох 1 dong нь манай 10 мөнгөтэй тэнцэнэ гэсэн үг юм. Тэгэхээр давгүй сонсогдож байгаа биз? Cat ba бол аялал жуулчлал хөгжсөн арал. Тав алхаад буудал, жуулчдад зориулсан үйлчилгээ, буудлууд нь өдрийн 4$-р мопед хөлсөлнө. Вьетнам үндэсний хоолтой газруудаас гадна Европ хоолны цөөн хэдэн газар жуулчдын хөлд дарагдана. Бид хоёр очсон өдрөө 30$-р 10 давхар буудлын 7 давхарт далай руугаа харсан өрөөнд тухлаад авлаа. Далайг хөлөг онгоцнуудтай нь үмхээд авахаар том цонхтой гээл төсөөлчих :P Бид хоёр ч жуулчдаас юугаараа дутахав мопед хөлслөөд давхиж өгсөн. Зорьсон газраа ирээд хөөрцгөөсөн хүмүүс усны хувцсаа аваад далайн эрэг рүү явж байгаа юм чинь. Аяаяаяа харанхуйд далайн усанд орох янзтайюм билээ. Хэлэх үг ч алга. Аа тийм буудлын хувьд олон хоноход үнэтэй санагдаж байвал Вьетнам мөнгөөр хямдхан буудлууд, хостел хэд алхаад л олдох болохоор тэр тал дээр санаа зоволтгүй.
Маргааш нь өнөө мопедтойгоо далайн эрэг ороод тэндээ өнжиж амрав. Тэнд харин жуулчдаас илүү нутгийн хүмүүс их харагдана лээ. Манайхан Хөвсгөл рүүгээ шаагидаг шиг л…
Хөлийн массаж хүний 10$. Удаан зогсоогоороо явж, алхсан бид хоёрт энэ л хэрэгтэй байж. Хэд бариулаад л манай хүн ядралтандаа хурхираад, миний ч нойр хүрээд явчихаж байна лээ. Массаж нь ихэд таалагдаад хүзүүгээ бариулах гэтэл үүдээр өнгөрсөн жуулчид эргэж ирээд тэднийх хөлд дарагдсөөн. Энэ зуур манай хүн эд нар булган сүүл нтр гэж мэдэхгүй л байх даа гэж хөхрөв. Pho шөлөөрөө алдартай газар ирчихээд яаж амсалгүй буцахав гээд амталсан. Манайд зарагддагаас амт нь арай өөр байсан шүү.
Үргэлж явсаар байна гэж юу байхав гээд бид маргааш нь дахин хонохоор болов. Ингэхдээ буудлын менежерийн өгсөн газрын зургийг аваад хэсүүчлэв. Эвгүй үнэрт огидог бол хүнсний захаар нь болж өгвөл орох гээд хэрэггүйг зөвлөх байна. Бараа таваарын хувьд Бээжин, манайхтай харьцуулахад хамаагүй хямд болохоор наймаа ч хийж болохоор санагдсан. Бид хоёр сувинерүүдээ нэмсээр явсан шүү :)
Маргааш өглөө нь хоёр ч усан онгоц сэлгэж автобусанд суугаад Ха Ной хүрсэн билээ. Газраар хөл дүүжлэх бүх л унаанд суусаар явсан нь гайхалтай байсан шүү.
Ха ной хотоос Вьетнамын хил дээр иртэл орой болсон байсан тул хил хаажээ. Ингээд тэндээ буудаллахаар болоод үүдээр нь ортол залуу хосын хуримын зураг угтсан буудалд байрласан юм. Таны бодож байгаачлан эзэн нь өнөө зурган дээрх хоёр маань байлаа. Харамсалтай нь англи хэл мэдэхгүй, аз болж буудлын wireless-р орж google translate ашиглаж ойлголцсон юм. Эхний зурагт харагдаж байгаагаар бид хоёр Lang Song тосгонд байрлах нэгэн хоолны газар биеийн хэлээ ашиглан будаатай хуурга, халуун цай олж авсан зураг байна хэхэ. Хоёр дахь зураг Хятадын хил дээр… Гутгаар зураг Хятданы Nanning хотын таксины жолоочийн хамгаалалтын торны зураг байна. Шөнө оройн цагаар явдаг манай жолооч нарт ч хэрэгтэй л санагдсан. Харин сүүлийн зурагт мопед хөлөглөсөн Хятад бүсгүйчүүдийн нарнаас арьсаа хамгаалсан байдал харагдаж байна. Эмэгтэй хүн шүү дээ :) Гэхдээ яг үсчинд сууж байгаа хүн шиг харагдаж байгаа биз?
Nanning to- Beijing чиглэлийн хөдөлгөөн үргэлж ачаалалтай байдгийг танд сануулье. Тиймээ бид хоёр буцахдаа мөн л 23 цаг зогсоогоороо явж ирсэн. Аа тийм ямар нэг төрлийн харшил, удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай өвчтэй хүмүүст энэ маршрут тохиромжгүй. Дээр дурдсанчлан ямар нэг өвчингүй ч метро, хурдан галт тэргэнд агааржуулагч үргэлж асаалттай байдаг учраас халуун хүйтэн харшлах магадлал өндөртэй юм билээ.
Ингээд амархан сайхандаа жаргажээ гэдэг шиг анх дурдсан маршрутаараа эх орондоо сайн яваад ирсэн билээ. Тэвчээр хатуужил, хурдан шаламгай, сэргэлэн овсгоотой анзааргатай байх, тооцоотой явах, дундын зуучгүй явах, аяллын хөтөч буюу өөрт ойлгомжтой санагдсан газрын зураг, тухайн орны соёлыг хүндэтгэх, хүрч очсон бол тухайн газраасаа сэтгэлийнг амар амгалан, тайвшралыг олж авах, хамтран аялагчийнхаа санаа бодлыг үргэлж сонсож, ярилцаж байх гэхчлэн маш олон зүйлийг энэхүү аяллаас олж авлаа. Энэ завшааныг ашиглаад ийм сайхан аяллын сэдлийг өгч, хамтдаа аялж, зааж сургаж, бөөцийлж, эрхлүүлж явсан Хайрдаа баярлалаа! Дараагийн аялалд хамт явахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Үг үсэг, утга найруулгын алдаатай бичсэнд хөлцөл өчье. Замбараагүй бичсэн фото тэмдэглэлийг минь уншиж дуусгасан танд баярлалаа. Эр зоригт үүргэвчтэй аялагчдын аян зам өлзийтэй байх болтугай! 2016.07.29