ТОПИК 6 авахын тулд хэрхэн бэлдсэн бэ?
Яг нэг жилийн өмнө Солонгос хэл байтугай ганц үсэг ч мэдэхгүй Солонгост ирж байлаа. Техникийн чиглэлийн мэргэжилтэй, өчнөөн жил Англи хэл сурахаар оролдсон ч олигтой ахиж дээшилсэн зүйлгүй надад ТОПИК 5 авчих юмсан гэсэн хүсэл байсан боловч анхны хичээл дээр хэлний багш “Үсэгнээсээ эхэлж үзээд ганцхан жилийн дотор ТОПИК 5, 6-д тэнцэх хэцүү, 2 жил сурч байж ТОПИК 6 авах боломжтой” гэж хэлж байлаа. Үнэхээр ч түвшин 1 буюу үсгээ цээжлэхээс эхэлж сурсаар 4 сарын дараа (түвшин 2 дуусах үед) анх удаа ТОПИК-ийн шалгалт өгөөд тэнцсэнгүй ээ. (Солонгос хэлний сургалт шалгалттайгаа адилхан Түвшин 1–6 гэж хуваагддаг.)
Энэ үеэс эхэлж ТОПИК-ийн шалгалт тоглоом биш болохыг ойлгон, айхтар нойр хоолоо хасан өдөржин шөнөжин суугаагүй ч гэсэн хэрхэн үр дүнтэй бэлдэх вэ гэж судалж үзээд бага зэрэг тактиктай бэлдсэний хүчинд 4 сарын дараа ТОПИК 5-д, сарын дараа 4-р түвшний хичээлд сууж байх үедээ ТОПИК 6-д тэнцсэн. Хэл амархан сурдаг хүмүүсийн хажууд гайхуулах зүйл биш ч гэсэн над шиг хэлний авъяасгүй гэж өөрийгөө тодорхойлдог хүмүүст жаахан ч гэсэн нэмэр болоосой гэж энэхүү жижигхэн зөвлөгөөг бичлээ. Би чадсан болохоор Та ч бас чадна.
Сургалтанд суух үедээ
Та нэгэнт цаг зав, мөнгөө зарцуулаад сурж байгаа гэдгээ ухамсарлаад сургалтанд сууж байхдаа аль болох ихийг сурч мэдэхийн тулд хичээлдээ анхааралтай, идэвхтэй оролцоорой.
Багштай аль болох их харилцах
Хичээлийн явцад ойлгомжгүй, эргэлзээтэй зүйл байвал “Намайг иймхэн юм мэддэггүй гэж бодох вий” гэсэн айдсаа дараад шууд асууж сураарай. Яагаад гэвэл мэдэхгүй зүйлээ сурах гэж л сургалтанд сууж байгаа шүү дээ. Шалгалтан дээр алдсаны оронд багшаас нэг удаа тэнэг асуулт асуугаад ойлгоод үлдсэн нь илүү хялбар.
Үндсэн суурь бүтэц
Монгол хэл, Солонгос хэлний өгүүлбэрийн бүтэц их төстэй ч гэсэн -이/가, -을/를 гэх мэт нөхцөлүүдээ сайн ойлгож аваарай. Учир нь эдгээр нь Монгол хэлний тийн ялгалуудаас бага зэрэг ялгаатай байдаг.
Өөртөө зориулж суралцах
Мэдээж дүн чухал ч гэсэн зөвхөн сайн дүн авахын тулд биш яг өөртөө зориулж чин сэтгэлээсээ суралцаарай. Жишээ нь: Манай сургалтанд өдөр бүр шинэ үгийн тэст авдаг байхад зарим сурагчид яг шалгалтны өмнөх 10–20 минутанд үгээ цээжлээд тэстээ сайн өгсөн ч ганц 2 өдрийн дараа ихэнхийг нь мартсан байдаг. Үүний оронд өмнөх өдөр нь цээжлээд маргааш нь шалгалтан дээр хэд нь санаанд чинь үлдэж байна вэ гэдгийг шалгавал дараа нь үгээ сайн цээжлэнэ.
Чөлөөт цаг
Байнга хичээл хийгээд байх үнэхээр уйтгартай. Хааяа завсарлага авч хичээлээс өөр зүйл хиймээр санагдах үед хэрхэн яаж ашигтайгаар залхуурах вэ?
Youtube: Сонирхолтой бичлэг, блог үзэх. Би солонгос хүмүүсийн аялалын бичлэг их үздэг байсан.
Кино: Солонгос кино, драм аль дуртайгаа солонгосоор хадмал орчуулгатай үзэх
Бусад хэрэгтэй програм
Зөвхөн Солонгос гэлтгүй гадаад хэл сурах, үг цээжлэхэд туслах тоглоом маягаар сурч болдог апп: Memrise, Duolingo…
Солонгос хэлний дүрэм, толь бичиг, зүйр үгс гэх мэт маш хэрэгцээтэй Монгол хэл дээрх апп: Misheel
ТОПИК I болон II-ийн унших/сонсох жишиг тэст ажиллаж болох апп: Topik Яг шалгалт өгч байгаа мэт хийж үзээд өөрийн түвшингээ баримжаа аваарай.
Шалгалтын үед
Сонсох хэсэг
- Сонсох хэсгийн асуулт бүр дээр үг бүрийг мэдэх албагүй ч гол үгсийг сайн олох: Тухайн үйл явдал болсон эсэх, хэзээ, хаана, хэн гэх мэт асуултанд хариулагдах үгс болон тухайн орчин нөхцөл нь сургууль, оффис, олон нийтийн газар аль нь болохоос хамаараад хэрэглэх үгс өөр өөр болдог болохоор тухайн орчноос хамаараад нийтлэг ашиглагддаг үгсийг сайн мэдэх хэрэгтэй.
- Асуулт бүрийн дараа шууд хариултын хуудас дээр тэмдэглээд, дараагийн асуултны хариултыг гүйлгэж хараад орчин нөхцлийг тааварлах, нэг асуултыг сонсож амжаагүй алдсан бол шууд орхиод дараагийн асуултандаа бэлдээрэй.
Бичих хэсэг
- Үндсэн өгүүлбэрийн бүтэц, тийн ялгалын нөхцөл гэх мэт анхан шатанд сурсан байх ёстой зүйлс дээр алдаа гаргаж болохгүй.
- Анхан болон дунд шатны үгсийн сан болон дүрмээ маш сайн ойлгож өөрийн болгож авсныхаа дараа ахисан түвшний үгсийн сан, дүрмээс алдаагүй хэрэглэж чадах цөөхөн үгс, дүрэм оруулан бичих хэрэгтэй. Гэхдээ эргэлзэж байвал орхиод сайн мэддэг үгс, дүрмээ оруулж аль болох алдаагүй бичсэн нь дээр.
- Миний бодлоор бичгийн чадвараа сайжруулах хамгийн зөв арга бол ном унших болон жишээ зохион бичлэг хуулж бичих юм. Зохион бичлэг дангаараа 50 оноо буюу унших/сонсох хэсгийн 25 асуулттай тэнцүү болохоор түвшингээ ахиулах хамгийн гол хөшүүрэг гэж хэлж болно.
Унших хэсэг
- Унших хэсгийн асуултанд ханзны гаралтай үгс их ордог болохоор түгээмэл хэрэглэгддэг ханзны гаралтай үгсийг ханзыг нь цээжлэх албагүй ч утгыг нь ойлгож цээжлэх. Жишээ нь -력 нь чадвар, чадал гэсэн утгатай гэдгийг мэдвэл урд нь мэдэхгүй үг орлоо ч ямар нэг чадварыг хэлж байна гээд таамаглаж чадна.
- Сонсох хэсэгт ч бас хамаатай: Ахисан түвшинд хүрэхийн тулд 1–30 хүртэлх асуултыг аль болох алдахгүй хийж сурах
Шалгалтны өмнөх өдөр хичээлээ давтаад нойргүй хоносноос аль болох сайн унтаж амраад, өглөөний цайгаа тайван сайн уугаад явбал шалгалтны үеэр толгой сайн ажилладаг. Шалгалтанд явахдаа бичиг баримтаа марталгүй аваад, шалгалт хооронд идэх жаахан юм бэлдээд аваад яваарай. Учир нь ангидаа орж суугаад хүлээхээс авахуулаад дуусах хүртэл шалгалтны нийт хугацаа 4, 5 цаг болдог. Амжилт хүсье!
— — — — Би хичээлийн сурах бичгээсээ өөр ямар нэгэн шалгалтанд бэлтгэх ном, сурах бичиг ашиглаагүй бөгөөд интэрнэтээс өмнөх шалгалтуудын материал болон зохион бичлэг, дүрмийн жагсаалт гэх мэт материалууд татаж аваад түүн дээрээ ажилладаг байсан. Topik mock test, korean grammar cheatsheet, солонгос хэлний дүрэм гэх мэтээр гүүглэдээд үзвэл зөндөө материал гараад ирдэг шүү.
