ЧИЙРЭГ БАЙ, ЧИХЭР БИТГИЙ ИД, ҮХТЛЭЭ БИТГИЙ УНТ

Vajra
12 min readSep 25, 2023

--

Эхлэл хэсгийг унших

Гэрэл зургийг: Баярсайханы Тамир

Тантай таван жилийн өмнө уулзахад “Лайпцаг миний хувь заяа” гэж роман бичиж байгаа гэж ярьж байсан.

Яг энэ зохиолтойгоо зууралдаад сууж байна. Одоо 1600 дахь хуудсан дээрээ явж байна. Эхний дэвтэр нь гарчихсан. Хоёр дахь дэвтэр нь Цурикийн хэвлэлийн газарт бий. Энэ роман Герман хэлээр хэвлүүлж байгаа миний 40 дэх ном. Хэвлүүлээгүй номууд бас их байна аа. Лайпцаг надад хатуу байсан ч ихийг өгсөн. Лайпцаг байгаагүй бол өнөөдрийн Галсан ямар байх байсныг би мэдэхгүй. Та нарт нэг зүйлийг захья! Чийрэг бай, чихэр битгий ид, үхтлээ битгий унт, муужиртлаа битгий хоол идэж бай, бага идэж, бага унтаж, сэргэг бай! Хүнд битгий бялдуучил, үнэнийг хэлэхээс хэзээ ч бүү ай, хэний ч өмнө гулзайхгүй, бусдын эрхшээлээр биш байгалийнхаа эрхшээлээр амьдар.

Гааяа ах аа, та боловсролтой хүн мөн үү? Ямар хүнийг боловсролтой хүн гэх вэ?

Би өөрийгөө боловсролтой хүн гэж хэлнэ. Би өөрийн сэтгэх ёстой бүхнээ сэрээсэн. Маш их боловсролтой хүн л дээ. Би мод тарьж байна. Модоо үрээр нь тарина. Би уулын мод хулгайлахгүй. Уулнаас мод авчирч тарьснаа мод тарилаа гэж яриад байх юм. Энэ бол хулгай, дээрэм. Уржигдар чамайг ярьсан өдөр бүх нийтээрээ мод тарьсан. Нийтээрээ мод тарьж байгаа сайхан өдөр ч гэлээ хагацлын өдөр. Уулын ургаа моддыг өнчрүүлсөн өдөр. Жаахан, жаахан хүүхдүүдийг нь суга суга татаад авч ирээд суулгадаг. Тэдний 80- 90 хувь нь ургахгүй. Энэ бол мэдлэг, боловсролгүй хүмүүсийн хийж байгаа ажил. Нарны гэрэл харуулж болдоггүй юм. Хялгасан судас нь хоёрхон секунд нарны гэрэлд байхад л үхчихдэг.

За тэгээд хонь гаргаж чадна. Хурга, ишиг эх барьж авч чадна. Гаргасан хониныхоо арьсыг элдчихнэ. Элдсэн арьсаараа дээл оёж чадна. Гутлаа хийгээд өмсчихнө. Хоолоо өөрөө хийгээд идчихнэ. Хүний гар харахгүй. Эмээл хийгээд морио эмээллээд уначихна. Үнээ, малаа саагаад сүүгээр нь цагаан идээ хийчихнэ. Архи нэрчихнэ. Энэ бүхэн чинь боловсрол биш юм бол өөр юуг боловсрол гэх юм. “Боловсрол гэдэг амьдрах ухаан юм”.

Та Герман хэлийг сайн сурсан уу?

Сурахад хязгаар байхгүй л дээ. “Эрдэмд оройгүй, үүрд ганцгүй гэдэг”. Хүмүүс хэлийг эзэмшсэн гэж ярих юм. Хүн хэлийг хэзээ ч эзэмшиж чадахгүй. Хэл гэдэг далай. Хэлний цаана гарна гэж байхгүй. Германы нэг номерын зохиолч Гёте бүх насаараа 20–30 мянган үгээс цааш гараагүй байгаа юм. Энэ хүний зохиолд орсон бүх үгсийг компьютероор шүүж л дээ. Тэгэхэд Герман хэлний толь бичиг 600 мянган үгтэй. Хэл гэдэг далай учраас далайг эзэмшиж чадахгүй. Далай бол хэзээ ч бидэнд захирагдахгүй. Далайтай бид эв найрамдалтай эвээ олж амьдрах хэрэгтэй. Хэлтэй бол хөлтэй гэдэг маш үнэн. Би мэргэжлээрээ биш сурсан хэлээрээ амьдарсан хүн. Энэ чиний асуусан боловсрол мөн. Миний мэргэжил Герман хэлний судалгаа хэл шинжлэлийн хүн. Насаараа “хэлмэрч” хийж амьдарч байна. Зохиол бичиж байгаа нь мөн л “хэлмэрч”. Нүүдэлчдийн оршихуйн мөн чанарыг Герман руу орчуулж “хэлмэрч” хийж байгаа юм. Би байгалийг хар багаасаа таниагүй бол, хөхөртлөө даарч үзээгүй бол, хөлсөө цувартал халууцаагүй бол энэ хэмжээний зохиол бичиж чадахгүй байсан.

Гааяа ах аа, ном жортой юу? Таны жор юу вэ?

Надад жор байна аа, жор байна шүү, ном жортой. Номын жор юу вэ гэвэл миний сэтгэлийг уудалж, байхгүй юмыг ил гаргаж, байгаа юмыг цэгцрүүлж өгөх. Бүр санаанд байгаагүй зүйлийг хожим гаргаж өгөх орон зайг бий болгож өгөх “Сэтгэлийн ариусгал” юм. даа. Ном бичнэ гэдэг сэтгэлээ ариусгаж байгаа хэрэг. Чухал биш бодлуудаасаа салах. Хамгийн сайн “Номын жор” юу вэ гэвэл өөрийгөө хайр найргүй харуулах. Манай ихэнх зохиолчид хүн гэдгээ мартчихаад байх юм. Хүн гэдэг чинь сайнтай муутайгаа зэрэг оршиж байдаг юм. Уншигчдынхаа өмнө илэн далангүй, нууж хаах юмгүйгээр уудлах хэрэгтэй. Миний зохиолд би л байгаа. Миний зохиолд, миний тухай л гарч байгаа юм. Би ой модтойгоо, уул устайгаа, уул хадтайгаа цуг л гарч байгаа юм. Хүн гэдэг оршихуй юу юм? Түүнийг л уудалж гаргаж байгаа нь зохиол. Би гэдэг нь зөвхөн миний дотор Чинагийн Галсан байгаа юм биш. Олон хүн байгаа юм шүү дээ. Өөрийгөө эхлээд нээгээд өгчихдөг. Би гэдэг чинь хэмжээлшгүй. Орчлон ертөнц гэдэг чинь нээж дуусахын аргагүй аугаа их юм байна шүү дээ. Миний дотор Чинагийн Галсан ч шингэсэн, Бетховен ч шингэсэн, Гёте ч шингэсэн.

Та бичгийн өрөөндөө гурвуулаа амьдардаг юм байна. Би орж ирээд харсан л даа. Хоймортоо хөгжмийн суут зохиолч Бетховен, их зохиолч Гёте хоёрыг залжээ.

Энэ жил Бетховены мэндэлсний 250 жилийн ой. Өнөөдөр би заллага авлаа. Намайг үг хэлээрэй гэсэн. Өө би хэлнэ, хүмүүсийг амьсгаа даран дуугүй болтол нь хэлж чадна.

Та юу гэж хэлэх вэ?

Бетховен чинь аугаа их хөгжмийн зохиолч. Дүлий амьтан хөөрхий. Хорин наймхан насандаа дүлийрч эхлээд 32 нас хүрэхэд таг дүлий болсон. Амиа хорлох гэж гэрээслэл бичсэн. Хоёр дүүдээ хандаж гэрээслэлээ бичихэд бүх бачимдал нь гэрээслэлд гарчихсан байгаа юм. Тэгээд амиа хорлоогүй. Тэгээд ингэж хэлсэн. “Би хувь заяаны ам руу гараа хийнэм, намайг арай ч сөгдүүлж барахгүй байх аа” гэж. Их ааш муутай хүн байсан. Дүлий хүн ааш муутай байхаас яахав дээ. Маш их гутардаг. Хөгжмөө их чанга тоглодог байсан. Түргэн ууртай. Сүх аваад төгөлдөр хуурынхаа хөлийг хуга цохиж байсан түүхтэй. Төгөлдөр хуурынхаа гурван хөлийг тас цохиж унагаагаад тайвширч байсан гэдэг. Вена хотод нэг жилийн дотор суудаг орон байраа 16 удаа сольсон. Тэр үед Вена хот 100 мянга орчим хүнтэй л байсан байх. Одоо бол 2 сая орчим хүнтэй хот. Вена хотыг тойроод л нүүгээд байдаг. Морин тэргээр нүүгээд ирэхэд л хүмүүс таньчихсан чулуу бариад шидэхэд бэлэн зогсож байдаг байсан. Хүмүүсийн дургүйцлийг ингэж их төрүүлдэг. Одоо Бетховены байшин гэж бий.

Гэрээслэлээ бичсэнээс хойш 15 жилийн дараа нас барсан. “Хувь заяаны ам руу гараа хийнэм” гэж хэлээд алдарт хөгжмийн зохиолуудаа бичсэн шүү дээ. Одоо энэ хүнийг дэлхий мэднэ. Бетховеныг үзэж чадахгүй байсан Венийн олон түмэн Бетховеныг хөдөөлүүлэх өдөр дээд бурхан шиг үдсэн. Шарилыг нь ачсан морин тэрэгний араас хэдэн зуугаараа дагасан гэдэг. Вена хотод тэр өдөр нэг ч сургууль хичээллээгүй. Хар түүшээр зурсан зураг ч бий. Аугаа их Бетховен газарт шингэхээр явсан тэр өдрөө эргэн төрсөн байгаа юм. Гайхамшигтай байгаа биз?

Гэрэл зургийг: Баярсайханы Тамир

Хүмүүс яагаад амьдад нь хайрлаж чаддаггүй мөртлөө яваад өгсөн хойно нь бурхан мэт аашилдаг юм бэ? Бид ч гэсэн ийм араншинтай.

“Хүний сайныг үхсэн хойно нь

Үнээний сүүтэйг худалдсан хойно нь мэддэг” гэж үг бий. Энэ бол хүн төрөлхтөнд байдаг нийтлэг зан. Аугаа их юм хажууд нь байхад ерөөсөө мэддэгүй. “Төрийн багана хугарах шиг болов Төмөр дөрөө сэтрэх шиг болов” гэж Цэндийн Дамдинсүрэн гуай хэлж байсан. Бетховеныг яваад өгснийх нь дараа л Австричууд мэдсэн байгаа юм. Хэзээ ч нөхөж баршгүй юм болсныг нь дараа нь ойлгосон. Тэгэхээр хүн болгоны дотор харамсал, гэмшил үлдсэн. Тэр их гэмшлээс л болсон болов уу? Үзэж ядаж байсан улсууд чинь тэсэлгүй л дагаад алхсан.

Үзэн ядалт, гэмшил болж хувирч байна аа даа?

Тэгж байна. Би Бетховены байшинг эрсээр байгаад очиж үзлээ л дээ. Ишш хөөрхий, нэг муу шар байшин байж байна аа. Хэлбэр галбир ч гэж байхгүй. 200, 300 жилийн настай жижигхэн навтгар шар байшин байж байна. Ороод үзэхэд хоёр давхарт нь жижигхэн өрөө байна. Тийм жаахан байшинд аж төрөөд аугаа их орчлонд бурхан болж хувирсан. Бетховеныг “титан” гэж нэрлэдэг. Аугаа их гэсэн үг.

Таныг ч гэсэн хүмүүс одоо болтол ойлгохгүй л байгаа шүү дээ?

Би үүний чинь учрыг бодож суудаг л юм. Зуун жилийн ганцаардлын зохиолч Габреэл Маркс ингэж хэлсэн байна. “Зохиолч хүн сайн зохиол бичье гэвэл алдарших хэрэггүй, хүн алдаршаад эхлэхээрээ л сайхан чанараа алдчихдаг юм”. Зохиолч хүн нэг л удаа ярилцлага өгөх хэрэгтэй. Өгсөн ярилцлагуудаа эргээд харахад өмнөх юмнуудаа л давтсан байна гэж ярьсан байна. Ойлгуулах гэж амьдарсангүй дээ. Хожмын хөвүүд та нар ойлгоод ингээд ирээд асууж шалгаагаад сууж байгаа нь сайхан байна. Өнгөрсөн үеэ ачилладаг бор банди чамд ах нь баярлаж суудаг. Өнгөрсөн байсан учраас өнөөдөр байгаа юм. Монголчууд бидний нэг чухал соёл байна. Өнгөрснөө ачилладаг, хөлийг нь хучдаг. Бид зуун зуунаараа ингэж л аж төрж ирсэн. Энэ холбоосыг таслахгүй яваа чамд баярлалаа.

Баярлалаа, та сэтгүүлч хүн. Ярилцлагыг ер нь яаж хийвэл сайхан дулаан болдог вэ?

Би өөрийгөө эхлээд нээчихдэг юм. Ярилцлага өгч буй хүмүүс үүнд урамшаад би ч бас ингэдэг, ингэж байсан гээд яриад эхэлнэ шүү дээ. Харилцан бие биеэ уудалж, нээх учиртай юм.

Таны мартагдашгүй, хамгийн сайхан ярилцлага хаана, хэзээ болж байсан бэ? Санаж байна уу?

Саналгүй яахав. 1979 онд Вьетнамд очиход Сайгон хотын (Хо Ши Мин Сити болж өөрчлөгдсөн) үйлдвэрчний эвлэлийн хүн ээжийнхээ тухай надад ярьсан юм. Сайгон бол их том хот л доо. Таван сая орчим хүнтэй. Ээжийнхээ тухай ярихад би уйлаад л, сонсоод суугаад байсан. Би их амархан уйлдаг юм, чи битгий зовоорой, яриад байгаарай гэж хэлсэн. Энэ тухай одоо бичиж байгаа романдаа оруулж байгаа. Миний романы оргил хэсэг нь байх болно.

“Ээж нь Хойд Вьетнамийн төв талбайг цэвэрлэх ажил хийдэг байсан. Хичээлдээ явж ирчхээд ээжийгээ санаад хамт цэвэрлэхээр гүйгээд очно. Би ээжийн хүүхэд, аавынхаа тухай бараг мэддэггүй. Гүйж очоод холоос ээж ээ гээд л дуудна, ээж над руу даллаад инээмсэглэнэ. Ижий маань хөлөрчихсөн л цэвэрлэж зогсоно. Би байдаг хурдаараа гүйж очно доо. Ээж аяар гүй, унана, унана гэж хэлнэ би улам хурдан гүйнэ. Гүйж ирээд л ээжийгээ үнэрлэнэ. Ээжийгээ гуйж байгаад шүүр хийдэг нэг өвгөнөөр “туужуур” хийлгэж аваад л ээжтэйгээ цуг тэр талбайг цэвэрлэдэг байсан. Тэр бол миний хамгийн жаргалтай үе. Тэгээд ээжээсээ холдоод цэрэгт яваад, дайнд явахад ижий минь хүлээж л байсан. “Чи амьд байгаа учраас би үхэхгүй, би амьд байгаа учраас чи үхэж болохгүй. Чи үхчихвэл би бас үхчихнэ, миний төлөө амьд яваарай гэж захидаг байсан сан.

Хожим би Сайгон хотын үйлдвэрчний эвлэлийн дарга болсон. Үе үе ээж рүүгээ очно. Ээж маань эгч, хүргэн ах хоёрын дэргэд байдаг. Намайг очиход ээж минь маш их баярлана. Нэг удаа очиход бие нь их муу байна. Нас нь ная хол гарчихсан их ядарчихсан байв. Ээж маань их жаахан болчхож. Ээж ээ, өнөөдөр би энд байна, надаас хүсэх юм байна уу гэж асуув. Ээж нь цэвэрлэж байсан газраа очиж үзмээр байх юм гэж хэлсэн. Чи унаа машин байхгүй намайг яаж авч явах юм гэхэд нь дугуйн дээрээ суулгаад түрээд аваад явъя гэж хэлсэн. Тэгээд дугуйн дээрээ суулгаад түрж явахад эвгүй байхаар нь үүрээд явлаа. Миний хүү, хүнд шүү дээ, хөгшин хүний яс хүнд байдаг юм гэж хэлж байсан. Үүрч яваад сүүлдээ тэвэрсэн. Талбайдаа ирэхэд ээж нь хүүдээ маш их баярлалаа. Одоо ижийд нь хүсэх юм үгүй гэсэн сэн. Тэгээд жаахан амарч байгаад ээжийгээ өргөсөн чинь ээж нэг их хачин дуугарсан. Тэгээд л ээж амьсгал хураачихсан. Ээжийгээ тэврээд уйлаад яваад байсан. Гар чилээд нэг сандал харагдахаар нь очоод амарч байхад нэг хөлгүй, суга таягтай хүн ирээд “сайн хүү” гэж магтаж байсан сан. Тэр өдөр их уйлсан” гэж өөрийн түүхээ надад ярьж өгсөн юм. Ийм л үнэн түүх хүний сэтгэлд хүрнэ.

Та сүүлийн үед ярилцлага өгөөгүй байх, тийм ээ? Тийм ээ.

Сүүлийн үед ер нь зав их муутай байна.

Гэрэл зургийг: Баярсайханы Тамир

Таниас хүмүүс ямар асуулт асуугаасай гэж боддог вэ? Энэ тухай бодож байв уу?

Ихэнх хүн миний бүх хүсэл биелсэн гэж боддог байх л даа. Үнэхээр бүх хүсэл биелсэн. Өнгөцхөн бодоход… Надад зүдэрч явсан үе бий. Эхнэр төрөх гэж байхад өөрийн гэсэн орон гэргүй тэвдэж явсан үе бий. Гэхдээ цаг нь ирэхэд энэ амьдралаас би маш талархалтай явна. Танд дутуу юм юу байна вэ гэж асуугаасай гэж хүсдэг дээ.

Энэ асуултыг таниас асуувал?

Энэ амьдралаас явахад харамсах ганцхан юм байна. Монгол улс миний хүчийг нэг ч өдөр ашигласангүй дээ. Миний эрдэм мэдлэг, чадвар харийн гүрний идэш боллоо.

Жилдээ би хоёр гурван удаа Герман руу явдаг. Нэг явахдаа 2–3 сараар явна. Тийм болохоор л намайг Германд байдаг гэж боддог юм уу, хүмүүс таарахаараа хэзээ ирэв? Ирчихсэн байгаа юм уу гэж асуудаг. Би ирчихсэн байгаа гэж хариулдаг юм. Хэрэв Монгол улс надад итгэл хүлээлгэсэн бол би ямар ч ажлыг нь өлхөн хийх байсан. Сайд хий гэвэл тэр яамыг нь өөд нь татаад гаргаад ирэх байсан. Элчин сайд хий гэвэл Монгол улсад хэрэгтэй зүйлийг Германаас, Европын орнуудаас сугалаад ирэх л байсан. Чингиз Айтматовыг Киргиз улс ашигласан шиг намайг тэгж ашигласан бол их юм олж ирэх байсан. Монгол улсдаа хүч чадлаа дураараа мөлжүүлэх байсан юм. Монголынхоо төлөө дуртайяа хөлсөө асгаруулах байсан. Одоо бол нас ная шүргэж байна, цаг ч явчихлаа. Одоо хүмүүс ийм үгийг буруугаар ойлгох болжээ. Галсан өөрийгөө дарга даамал болгож өг, ажилд оруулж өг гэж гуйж байна гэж мушгина л даа.

Гэхдээ миний хийсэн бүхэн монголдоо эргээд ирнэ ээ. Герман хэлээр бичсэн 40 гаруй ном маань дэлхийн 20 гаруй хэлээр орчуулагдсан. Энэ номууд дэлхийн жуулчдыг монгол руу ханаруулж байна шүү дээ. Манай Герман хэлтэй охин аяллын хөтөч хийдэг юм. Нэг жил судалгаа хийсэн байна. Германаас ирсэн хүмүүсээс, яагаад монголд ирэв гэхэд 60–70 хувь нь Чинагийн Галсангийн ном зохиолыг уншаад монгол орныг бодитоор үзье гэж зорьж ирсэн юм гэж хариулсан байна. Ийм л юм даа.

Таны хийж буй бас нэгэн гайхамшигтай ажил бий шүү дээ. Одоо дэлхий даяараа цөлжиж байна. Та өөрийн хөрөнгөөр эх орондоо 1 сая мод тарьж өгнө гэж амлаж байсан. Одоо хэд хүрч байна?

“Мод мод мод гээд монголын моддыг богоон богооноор нь хятад руу ачаад зөөдөг байхад, “авна авна авна” гэж байсан хүмүүсийн хажуугаар “өгнө өгнө өгнө” гэж зоригтой дуугарч байв. “Би монголдоо 1 сая мод тарьж өгнө” гэж тэр үед хэлж байлаа. Энэ намар тарьсан модоо оруулахгүйгээр 930.000 мод тарьж өгөөд байна”. Ирэх хавар эхний нэг сая модоо тарьж дуусаад 2021 оны 07 сарын 11-ны өдөр Улс хувьсгалын 100 жилийн ой тохионо. Энэ бол Монгол улсын хувьд маш том, чухал үйл явдал. Энэ том үйл явдлын 100 жилийн ойгоор хоёр дахь сая модоо тарьж эхэлнэ. Би нас эцэслэх хүртлээ мод тарина. Миний үйл хэргийг хойч үе маань ач, гуч нар минь үргэлжлүүлж, мод тарьж амьдарна. Тамирын мөсийг долоох шахам байж олж ирсэн хэдэн бор төгрөгөө гэж Тунгалаг тамир романы Итгэлт ярьдаг шиг Ховдын голоос Туулын гол хүртэлх олон голуудын мөсийг долоо биш далан долоон удаа долоож яваад дэлхийн олон гол мөрний мөсийг долоож, олон бэрхийг давж яваад олж ирсэн жаахан хөрөнгөө мод тарих үйлсэд л зориулна.

Гэрэл зургийг: Баярсайханы Тамир

Яагаад мод гэж?

Хүн холыг харж амьдрах хэрэгтэй. Бидний зуун жилийн нас, дэлхийн насны дэргэд, модны насны дэргэд маш бага юм шүү дээ. Мод маш урт настай. Амьд биет шүү дээ. Энэ гэрээ тойруулаад тарьсан модод биднийг өнгөрөөгөөд, бидний үр хүүхдүүдийг, тэдний үр хүүхдүүдийг ч өнгөрөөнө. Маш олон жил амьдарна. Хар мод гэхэд л 500 насалдаг. Дэлхийн хамгийн их настай мод Англид байдаг. 3000 жил насалдаг. Яагаад ингэж урт насалж байна гэхээр нэг үхээд жаахан амарч аваад дахиад ургадаг. Мод үхэшгүй л дээ.

Модонд шүтэх өөр нэг үзэл байна. Та нарт гарч үзүүлье. Энэ хашаандаа 16 жилийн өмнө эхний дөрвөн модоо тарилаа. Дөрвөн өөр мод зэрэгцүүлээд тарьсныг хараад хүмүүс шүүмжилдэг юм. Буруу суулгасан байна гээд л. Би тэгэхээр нь дуугаа аядаж бай! Би дөрвөн хүүхэдтэй, дөрвөн хүүхдэдээ зориулж энэ моддыг тарьсан юм. Цаг хэцүү болоход минний хүүхдүүд нэг нэгэндээ тус болж, гар гараасаа барилцаж, бие биеэ түшиж яваарай гэж хүүхдүүддээ хэлж байгаа миний дуугүй захиа энэ юм. Хажууд нь байгаа энэ том гурван нарсыг мөн л 16 жилийн өмнө тарьсан. Сөөхийсөн гурван жаахан юм. Тохойн чинээ юмнуудыг сугадаад авч ирж байсан. Энэ гурвыг гурван ачдаа бэлэглэсэн юм. Хажууд нь нэг нарс байна. Үүнийг 2011 оны 11 сарын 13-ны өдөр суулгасан. Энэ бол онцгой нарс. Энэ нарсны доор миний дөрвөн хүүхдийн ээж, миний гэргий Сосорбарамын Норжмаа гэдэг хүн 64 насыг наслаад хорт хавдраар нас барсан. Энд нойрсож байна. Хүүхдүүд маань энэ модыг “Ээжийн мод” гэдэг. Хажууд байгаа энэ нарсны доор нэгэн цагт би өөрөө унтана. Хажууд нь байгаа нарсны дэргэд намайг түшиж байдаг нэг хүн ирнэ. Ертөнцөд төрсөн болгон буцаад явна шүү дээ. Нэг хүн, нэг мод болж хувирч байгаа юм. Хожим энэ хэсэг гайхамшигт шүтээн болж хувирна шүү дээ.

Тэнгэрт явсан хүмүүсийн араас чулуун хөшөө босгодог болжээ. Энэ одоо ямар учиртай юм бэ?

Энэ бол маш буруу. Тэнгэрт явсан хүмүүст зориулж мод тарина гэдэг мод болон хувилж амьдраад ертөнцийн халууныг нь халуун гэж мэдрээд, хүйтнийг нь хүйтэн гэж мэдрээд, орж буй бороог нь мэдрээд бидэнтэй цуг амьдарч байгаа юм шүү дээ. Чулуун хөшөө яах уу? Нурна шүү дээ. Миний хөшөөг барина гэж нутгийн хэдэн залуус шуугьсан. Би загнасан. Би хөшөө болчхоод өвлийн хүйтэн даараад гозойгоод зогсож байх юм уу? Сахилгагүй хүүхдүүд ирж хамар, нүдийг минь ухаж элдэвлээд, золбин нохой ирж хажуунаас шээгээд зогсож байвал яах уу? Та нараар би хөшөөгөө бариулахгүй. Би өөрөө хөшөөгөө босгосон. Миний тарьсан модод миний хөшөө, миний бичсэн номууд миний хөшөө. Би нэг сая модоор хөшөөгөө босгосон.
За энэ хойно байгаа модыг үзүүлье. 2010 аад оны үед улиасны суулгацаа энд ургуулдаг байлаа. Тэгэхэд модны газарт нийлүүлье гэхэд арай жижигдээд гуравхан жижигхэн улиас үлдээсэн юм. Хойтон жил нь харахад их олуулаа болчихсон байсан. Тариад арван жилийн дотор бүхэл бүтэн төгөл болчихсон байна. Жил ирэх тусам л олуулаа болоод байна даа.

Та сая суулгац гэж ярилаа. Одоо хүмүүс ууланд ургаж байгаа модыг суга татаж авч ирээд мод тарилаа гэж ярих юм.

Энэ бол маш буруу. Улс орон, хүн ардаа хуурч байна. Ууланд ургаж байгаа модыг хулгайлж авч ирж байгаа нь гэмт хэрэг. Үүнийг зогсоох хэрэгтэй. Хэнтийн хар хөвчөөс хулгай хийж авчирсан модоо хотын төвөөр замын хоёр талаар суулгадаг. Тэр нь сайндаа таван жил болоод л үхэж эхэлдэг. Өөртэй нь цуг авч ирсэн эх шорооных нь шим тэжээл нь таван жил болоод л дуусдаг. Модыг мөчрөөр нь тарьж болдог юм. Модны мөчрөөс хоёр үеэр нь тайрч аваад устай саванд хийгээд, нойтон хөрсөнд суулгачихвал тэгээд л мод тарьж болно шүү дээ. Нэг модноос бүтэн төгөл бий болгож болно шүү дээ.

Магадгүй 100 жилийн дараа нэгэн жаал хүү “Тэр их ногоон ой хэзээ бий болсон бэ, байсан юм уу, ургуулсан юм уу” гэж асуувал: Тэр үед түүх мэддэг нэгэн хүн “Үгүй дээ хүү минь, энэ их мод байгаагүй юм. 100 жилийн өмнө нэгэн зохиолч байсан юм. Тэр хүн өөрийн хөрөнгөөр эх орондоо 1 сая мод тарьж өгнө гэж амлаад, ном бичиж олсон бүх мөнгөө мод болгосон юм. Тэрээр тарьсан моддоо миний хөшөө гэж хэлжээ. Энэ их ой модыг бүтээсэн хүнд бид талархах учиртай” гэж ярих болно. Мод тарьсан ачлалыг минь санан сүү цайныхаа дээжээ сүнсэнд минь өргөвөл би тэнгэрээс хараад баярлана. Бид богино настай, мод урт настай юм шүү. Миний хүүхдүүд мод тарьж байгаарай.

Гэрэл зургийг Мөнхбатын Мөнхтүшиг

“Номын жор” II номд орсон ярилцлагаа нийтлэв. Батчулууны Базарсүрэн

© Зохиогчийн эрхээр хамгаалагдсан. Ножо хэвлэлийн газар

--

--

Vajra

Ном, кофе, байгаль гурав байхад тэгээд л болчихно доо. youtube.com/@vajra.creator