Тамхинаас гарах сорилт – Гурав дахь долоо хоног
Би гэдэг хүн дулаан хөнжилдөө шигдээд хоосон зүүдээрээ өөрийгөө хөгжөөн өдөржин хэвтээд л байхыг хүснэ. Сайхан зүүд зүүдлэх нь сайн кино үзэхээс хэд дахин их таашаалыг өгдөг. Зүүдэн дотроо хүссэн ертөнцөө бүтээж хүссэн хэлбэрээрээ найруулан хүссэн жүжигчдээ оролцуулан тоглуулдаг. Харамсалтай нь энэ зөвхөн миний л үзэж чадах кино. Үүнийг бодит болгож өөрийн мэдэрсэн мэдэрдэг үзэж харсан бүх зүүдээ бодит болгохын тулд дулаан хөнжлөөсөө босох хэрэгтэй.
Өнгөрсөн долоо хоногт нэг найзын төрсөн өдөр болов. Тоглож пиво ууж инээлдэж сэтгэл хөөрөл согтолтын дээд цэгт хүрэв. Эхэндээ бахархалтайгаар тамхийг үл тоож байлаа. Дунд үед их хүсэвч тэвчээр зааж гүрийж байв. Харин төгсгөл хэсэгт байж болох бүхий л шалтгийг өөртөө тоочиж гарав. Ухамсар бага багаар замхран сарниж ганцхан удаа гэх хүсэл биеийг эзэмдэнэ.
Асуудал тулгарахад түүнийг даван гарах тэсвэр тэвчээр хатуужилтай байж чадвал өөрийгөө ухамсар сэтгэлзүй оюун санааны дараагийн түвшинд хүргэж чаддаг.
Гэвч би энэ удаад чадсангүй. Ухамсар бүрэн унтарч урдаа тавьсан зорилгоо умартан саарал утаанд мансууран цэнгэж дулаан хөнжилдөө шигдэхийг илүүд үзэв.
Гэхдээ хүн алдаа гаргалаа гээд тэр зүйлийг хэзээ ч хийж чадахгүй гэсэн үг биш юм.
Өөртөө тавьж буй сорилтоо зогсоож бууж өгөлгүйгээр үргэлжлүүлэх хэрэгтэй.
Өндөр Баянжаргал овогт Доржсэмбээгийн Золбаяр
