“Дурсамжаар хөглөсөн өдрүүд”

(Гэрэл зургийг: Тархи цэнэглэгч номын клубын цахим группээс авав)

Ном гэдэг хүний оюун санаа, ухаан бодлыг цэгцэлж, хувь хүнийг төлөвшүүлэн хөгжүүлж, амьдралын олон олон өнгийг харахад тусалдаг “ид шидтэй” зүйл юм. Ид шид хэдий чинээ олон хүнд хүрнэ төдий чинээ гайхалтай үйл явдал олон тохиолдоно.

Номоор дамжуулан нийгэмд эерэг хандлагыг бий болгон, сайн сайхныг түгээхэд хувь нэмрээ оруулж яваа залуусын төлөөлөл, цахим орчин дахь хамгийн өндөр хандалттай Тархи цэнэглэч номын клубын “дурсамж хөглөсөн өдрүүд”-ээр хамтдаа аялъя.

Тус номын клубын 3 жилийн ойг тохиолдуулан дэд зохицуулагч У. Ганбаяртай ярилцлаа.

Танд энэ өдрийн мэнд хүргье. “Тархи цэнэглэгч” номын клубын талаар товч танилцуулаач?

“Тархи цэнэглэгч” номын клуб 2014 оноос эхлээд үйл ажиллагаа явуулж байна. Номын талаар бодитой хэлэлцүүлэг хийж, үзэл бодлоо солилцох, хамтдаа хөгжих, номоор дамжуулан нөхөрлөлийн холбоо үүсгэх зорилгоор анх Ч.Идэрболд үүсгэн байгуулж байсан. Эхлээд номын групп үүсгэсэн, цаашлаад клубын үйл ажиллагаа болон өргөжсөн. Одоогоор ерөнхий 3 админ, чиглүүлэгч, мөн идэвхитэй 12 админы бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Групп 70000 гаруй гишүүнтэй. Нийт 46 удаагийн уулзалт зохион байгуулсан.

Анх бүгдээрээ дуртай номоо авчирч уншсан номнуудынхаа талаар сонирхолтой зүйлс ярилцдаг байсан. Харин сүүлдээ нэг номын талаар санал шүүмжээ хэлэлцэх зэргээр илүү цэгцтэй, зохион байгуулалттай болсон. Бид өөрсдөө ч туршлага сууж, алдаа оноогоо хэлэлцэж, яавал улам сайжрах вэ зэргээр суралцаж эхэлсэн.

(Гэрэл зургийг: Тархи цэнэглэгч номын клубын цахим группээс авав)

Номын клубын зорилго, үнэт зүйл юунд оршиж байна вэ?

“Тархи цэнэглэгч” номын клуб нь номоор дамжуулаад аливааг олон талаас нь ярилцах, бие биенээсээ суралцах цаашлаад өөрийгөө хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлж, ном унших, хэрэглэх соёлыг түгээн дэлгэрүүлэх замаар залуучуудад зөв үлгэр дууриалал үзүүлж нийгэмд эерэг хандлагыг төлөвшүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулах эрхэм зорилготой. Хийж бүтээх, сурч мэдэх, хөгжихийн төлөөх “чин эрмэлзлэл” бол бидний үнэт зүйл юм.

Таны “үнэт зүйл” биднийхтэй нэгдэж байвал хүрээд ирээрэй. Хамтдаа урагшилъя, хамтдаа бүтээе

Нөлөөллийн олон төрлийн ажил дундаас яагаад “ном”-ыг онцолж үйл ажиллагаа явуулахаар шийдсэн бэ?

Ном хүний оюун санааны, сэтгэлгээний, дотоод сэтгэлийн дархлааг бий болгодог. Мөн бидний амьдрал, үзэл бодол, хүмүүжил төлөвшилд хүчтэйгээр нөлөөлж чаддаг зүйл. Хамгийн гол нь ном өөрөө цагаан мөртэй зүйл учраас үүгээр дамжуулан нийгэмд эерэг төлөвшил, зөв хандлагыг бий болгож чадна гэсэн итгэлээр номыг онцолж үйл ажиллагаага явуулах болсон.

Өөрчлье, бүтээе гэж бодоод хийсэн зүйлс маань бусдад хэрэгтэй байгаасай, хүч дэм болдог, сэдэл төрүүлдэг, идэвхижүүлдэг цаашлаад оролцдог, хөгжихийн төлөө гараа өргөдөг байгаасай гэж хүсдэг. Энэ бол бидний гэлтгүй нөлөөллийн ажил хийдэг байгууллагуудын гол зорилго юм.”

Олон олон хүүхэд залуусыг “эерэг хүмүүс цугласан сайхан газар, ахиж заавал ирнэ” гэсэн байхыг олонтаа харсан юм. Ийм олныг хамарсан идэвхитэй үйл ажиллагаа явуулахад олон хүний хөдөлмөр шаардагдах нь гарцаагүй. “Админуудын оролцоо, сэтгэл, хичээл зүтгэлгүйгээр бид клубын үйл ажиллагаагаа төсөөлөх арга байхгүй” гэж дэд зохицуулагч У.Ганбаяр дурьдсан. Тэгэхээр тэдний оролцоо хөлөг онгоцны сэлүүр шиг л чухал зүйл ажээ. Олон хүмүүсийн амьдралд эерэг нөлөө үзүүлж, номыг эрхэмлэн уншдаг, түүнээс хэрэгтэй зүйлээ ойлгон суралцахад нь хувь нэмрээ оруулан хичээж ажилладаг номын клубын “админ”-уудын төлөөлөлтэй уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.

(Гэрэл зургийг: Тархи цэнэглэгч номын клубын цахим группээс авав)

Номын клубтэй холбоотой өөрийн дурсамжаа хуваалцана уу?

Админ Х.Батцэцэг

Би энэ клубын үйл ажиллагаанд уусан шингээд 5 сар гаруй хугацаа өнгөрсөн ч одоо ингээд бодоод дурсамж бичих гэхээр тоолшгүй олон дурсамжтай болчихжээ. Хэнийг нь хэн, хээрийг нь алаг гэхэв дээ гэгчээр би аль дурсамжаасаа өгүүлэхээ ч мэдэхгүй гацаанд орчихлоо.
Аливаа зүйлийн хамгийн анх мэдэрсэн мэдрэмж, дурсамж хүнд хамгийн эрхэм дурсамж болж үлддэг шиг өвлийн тэр нэгэн хүйтэн орой эргэлзэж эргэлзэж клубээ зорьсон анхны уулзалт маань намайг энэ клубтэй эргэшгүйгээр холбож өгсөн билээ. Тэр орой тэнд цугласан залуусын сэтгэгдлийг, бодлыг сонсох надад ямар их бодол дагуулсан гэж санана. Тэр оройноос хойш өдөр бүр л шахуу клубтэй минь холбоотой дурсамжууд намайг тойрон хүрээлэх болжээ.

Админ Х.Нямгэрэл

Миний хувьд клубтээ нэгдээд удаагүй байгаа учир тийм ч олон дурсамжууд цуглуулж амжаагүй байгаа хэдий ч өнгөрсөн 45-р уулзалт бол амьдралын минь гэрэл гэгээтэй, сайхан дурсамжтай өдрүүдийн нэг болж үлдсэн. Маш олон ном уншдаг, эерэг сэтгэлгээтэй залуустай танилцаж, санал бодлыг нь сонсох сонирхолтой байсан. Choco’Lantine coffee house-н маань тухтай орчин, хаврын нарлаг өдөр, уулзалтын уур амьсгал зэрэг төгс зохицож, өөрийн эрхгүй баяр төрүүлж байсан.

Админ Б.Цагаан-Эрдэнэ

Хамгийн анх “Момо” номын уулзалтан дээр гол дүрийн Момог зураад хүмүүстэй халуун дотно яриа өрнүүлсэн нь миний хувьд клубын хамгийн дурсамжтай цаг үед тооцогддог. Анхны бүхэн хамгийн нандин байдаг болоод ч тэр үү хамгийн сайхан дурсамж гэж хэлж болно.

Эндээс олж авдаг хамгийн гоё мэдрэмж юу вэ?

Админ Х.Батцэцэг

Анх энэ клубт хөл тавьсан цагаасаа л шууд аз од минь гийж админ нь хэмээх алдрыг хүртсэн болохоор надад гишүүдээс минь ирэх халуун дулаан урмын үгс, бахархсан сэтгэлүүд нь надад дахин дахин цэнэглэгдэх мэт гайхамшигтай мэдрэмжийг өгдөг. Бас ховорхон ч гэлээ хааяа ирэх шүүмж зэмлэл надад гүн сэтгэгдэл төрүүлдэг.

Админ Х.Нямгэрэл

“Тархи цэнэглэгчид” хэмээх онцгой нэртэй хамт олонтой нэгдсэн минь миний хувьд маш сайхан ололт.Цахим орчинд өнгөрүүлдэг цаг минь хэрэгтэй мэдээлэл, эерэг уур амьсгалаар дүүрэн болсон. Ялангуяа админы баг маань үнэхээр их таалагддаг.Өөр өөр насны, өөр өөр сонирхолтой, өөр өөр мэргэжилтэй залуус маш хурдан хугацаанд нэгдэж халуун дулаан уур амьсгал бүрдүүлэн, хоорондоо найзууд болж, нэгэн зүйлийн төлөө хамтдаа алхах чин сэтгэл, зүтгэлтэй хамт олон болж чадсан нь бахархмаар санагддаг шүү.

Админ Б.Цагаан-Эрдэнэ

Хүндлэл, хайр, аз жаргал гээд бүх л сайхан мэдрэмжийг авдаг. Клубыхантайгаа яриад л баймаар санагдаж уулзалтаа дуусгамааргүй хорогдсон мэдрэмж төрдөг. Тэнд хүмүүс нөхөрлөдөг, заримдаа элгээ хөштөл инээдэг, заримдаа бүр түүх яриад уйлмаар ч мэдрэмж төрнө. Ер сэтгэл минь тийм оргилож маш их урмаар тэтгэгддэг тийм л халуун дулаан мэдрэмжийг авдаг.

Номын клубд орноор таны амьдралд ямар эерэг нөлөө, өөрчлөлт авчирсан бэ?

Админ Х.Батцэцэг

Би өөрийгөө илүү нийгэмтэй ойр байлгаж чаддаг болсон гэж бодож байна. Энэ клубт орох хүртлээ би ганцаараа унших, ганцаараа бичих, ганцаараа бодох гээд ном уншдаг гэдгээ хүмүүст мэдэгдэхгүй байх нь илүү гэж үздэг байлаа. Өрөөндөө ганцаараа сууж бүгдийг ганцаараа хийдэг байсан намайг энэ клуб нийгэмшүүлж байгаа. Бас би эндээс маш олон мэдэхгүй зүйлсээ мэдэж, өөрийгөө голох бас сайшаах мэдрэмжүүдийг мэдэрч илүү ихийг сурах хийх ёстойгоо группдээ орох бүртээ ойлгож авдаг.

Админ Х.Нямгэрэл

Номын клуб маань надад маш эерэгээр нөлөөлж байгаа. Олон төрлийн хүмүүстэй танилцаж нөхөрлөх нь намайг хувь хүний минь хувьд хөгжүүлж байгаа гэж бодож байна. Наад зах нь ямар ч хүнийг сонсох, хүлээж авах, ойлгох гэж хичээх хандлага нэмэгдэж байгаа. Хамгийн чухал нь би ном унших гэдэг зүйлийг өөртөө дадал болгож, амьдралынхаа салшгүй хэсэг байлгахаар шийдсэн. Огт ном уншихгүй амьдрах нь үнэхээр ойлгомжгүй бөгөөд боломжгүй санагдах болсон. Энэ бол клубын маань нийт гишүүдийн л ач тус.

Админ Б.Цагаан-Эрдэнэ

Хариуцлага гэдэг зүйлийг сайн ойлгож үеийхнээсээ түрүүлж алхаж байна. Бас ах эгч нараасаа гишүүдээсээ их зүйлийг суралцаж ямар их зүйл уншиж мэдэж сурах ёстойгоо ухамсраладаг. Өөртөө маш итгэлтэй болж олон хүмүүсийн өмнө ярьж сурсан. Мэдээж хэрэг уулзалт болгон дээрээ шинэ зүйлсийг мэдэж авахаас гадна анх номын үйл явдлыг нь л уншдаг байсан бол клубдээ орсноор номыг гүн гүнзгий мэдэрч уншдаг болсон.

Хүүхэд залуучуудын сайн сайхан ирээдүйн төлөө өөрсдийн хувь нэмрээ оруулан, алхам алхамаар урагшлан яваа тэдний 3 жилийн ой тохиолдож дурсамжийн хуудас нь ахин нэгээр нэмэгдэж байна. Эерэг зөв үйл сайн үр дагаварыг авчирдаг учиртай билээ. Номын цагаан буян дэлгэрэх болтугай гэсэн ерөөлөөр ярилцлагаа өндөрлье.

Ярилцсан Ц.Энх-Орчлон
2017.04.29

Show your support

Clapping shows how much you appreciated У.Ганбаяр’s story.