American Beauty

Sally
3 min readJul 7, 2023

--

American beauty
Найруулагч: Sam Mendes

Постерны зураг, товч тайлбар хоёроос нь болоод дөлж ирсэн филм ийм гайхалтай сэтгэгдэл төрүүлнэ гэж бодсонгүй. Хэзээ хэзээнээс педофиль нөхдүүдийг ойлгохгүй байсаар ирсэн тул ахлах сургуулийн охинд татагдах хижээл насны эрийн дүр зураг ой гутам санагдаж, ер нь л үзэхгүй дээ хэмээн шийдсэн байсан сан. Гэтэл санамсаргүй тохиолдлоор уут салхинд хийсч байгаа сценийг нь үзсэнээс хойш толгойноос салахгүй байсаар өнөөдөр үзсэн билээ. Номыг хавтсаар нь дүгнэж болохгүй гэх үзэл бодолтой хүмүүс дунд амьдардаг би юунд энэ гайхалтай бүтээлийг өнгөцхөн дүгнэж өдийг хүртэл зугтаж ирсэн юм бол. Их л гайхаж сууна. Зохиол дэх үйл явдлын эргэлт, зураглал хоёр нь нүд баясгаж, сэтгэл догдлуулмаар байв. Ердөөсөө ч ой гутам санагдсангүй.
Уг кинонд үзэн ядаж ч боломгүй, хайрлаж ч боломгүй сонирхолтой түүхийг өгүүлэх 6 дүрийн талаар гарна.

Лестер:
Түүний дүрээр өгүүлэх гэсэн хамгийн гол санаа нь emasculinity байв. Эр хүнийг юу эр хүн болгох вэ? гэх асуултын хариулт ч гэж хэлж болох байх. Энэ хүн хэзээд гомдоллосоор ирсэн ч юуг ч хаяхгүйгээр олон жилийг өнгөрүүлж ирсэн. Хүсээгүй ажлаа хийж, баахан хог новш аваад аз жаргалгүй амьдрах. Харин эргээд хүсэл эрмэлзэл дүүрэн болсон ч харамсалтай нь тэрээр эцэг байх үүргээ сох мартаж орхисон юм. Зовлонгоосоо салж, аз жаргалтай байгаа нь хайр татам ч гэр бүлээ тэр зовлон гэгчээ болгож харсан нь үзэн ядам.
Рики:
Тэс хөндлөн, тэс өөр хүн. Тэр эхэндээ бүхэлдээ хөндлөнгийн ажиглагч гэх мэдрэмжийг төрүүлэх ч төгсгөл хүртлээ дүрийн оролцоо нь аажим аажмаар эрс нэмэгддэг. Хамгийн сайн хөгжүүлэлттэй дүр нь ч гэж хэлж болно. Эцсийн эцэст түүний авсан дүрс бичлэгт сэтгэл татагдаж энэ филмийг үзсэн учраас миний хувьд чухалд тооцогдох нэгэн юм.
Хэн нэгэн худал дүр эсгэгч, жинхэнэ онцгой нэгнийг ялгах нь үнэн хэрэгтээ хэтэрхий амархан. Тэдний нүд рүү харахад л хангалттай. Харин Рикигийн нүд рүү харах үед тэр намайг бурхан хэмээн бодоосой гэмээр мэдрэмж төрөх болно. Тиймээс тэр бол яалт ч үгүй онцгой нэгэн.
Кэролайн:
Лестерийн эмэгтэй хувилбар ч гэж болно. Тэрээр амьдралаасаа таашаал, аз жаргал мэдрэхээ больсон учраас үүнийгээ амжилт, үнэтэй тавилга, улаан сарнайгаар нөхөх гэж хичээх болсон. Харамсалтай нь энэ нь түүнийг эргээд аз жаргалгүй байдалд хөтлөх төгсгөлгүй цөхрөлийн тойрог болно. Тэгээд дахин хохирогч болохгүйн тулд тэр тойргоос гарах гэж оролдсон ч дахиад цөхрөлд нүдүүлсэн тэр ахин хэзээ ч хөл дээрээ босч чадахгүй болсон мэт надад санагдана. Аз жаргалыг эрж хайх нь хайр татам ч үнэтэй буйдангаа муухай болгохыг хүсэхгүй баригдмал байдал нь, жинхэнэ аз жаргалаа олж харахгүй байгаа зэрэг нь үзэн ядам.
Жейн:
Энгийн нэг ууртай өсвөр насны охин мэт боловч онцгой мэдрэмжтэй учраас тийм онцгой зүйл рүү татагддаг. Ер нь бол хамгийн их хохирсон хүн. Гэвч хамгийн зөрүүд нь. Нүдэн доогуураа зурсан хар будаг шигээ л аливаа зүйлсээс үргэлжид хар бараан талыг нь олж хардаг учраас аз жаргалтай байна гэдэг хэцүү л болов уу? Гэхдээ л тэр үзэсгэлэнтэй.
Анжела:
Үзэсгэлэнтэй ч гэлээ үзэсгэлэнтэй биш хүн гэж бий юу? Лестерийн төсөөлөл дэх Анжела төгс төгөлдөр бол бодит байдалд тэрээр тийм ч төгс биш өөрийн гэсэн дутагдалтай хүн байв. Энэ нь түүнийг төгс биш ч туйлын үзэсгэлэнтэй болгож дөнгөнө. Харин төгс биш байдлаа халхлах гэж өөртөө бодож олсон дүр нь үнэн хэрэгтээ түүнийг зүгээр л тэнэг мэт харагдуулдаг. Тун харамсалтай.
Френк:
Хамгийн их зүйл бодогдуулсан, хамгийн их бичих зүйлтэй дүр байлаа. Түүний явцуу, хуучинсаг, баригдмал үзэл санаа, үр хүүхдээ хэт өөрийн мэдэлд байлгах, бусдаас нуух асар том нууц, өнгөрсөндөө хүлэгдсэн сэтгэл гээд бүх л зүйл нь сонирхолтой. Ёстой л нөгөө есөн шид нь бүрдсэн хүн. Хэдий зовлонт хүн ч гэлээ түүний ямар ч үйлдлийг зөвтгөх боломжгүй юм. Бүр ямар ч шүү.
Маш их зовсон ч өөрийгөө л тэр зовлондоо хутгасан тэнэг амьтан. Гэр бүлийн талаарх буруу ойлголтоосоо болоод дэргэдэх хүмүүсээ маш их зовоодог хуучинсаг хүн. Тэрээр бидэнд үзэл санаа болон хүсэл эрмэлзлэл нь зөрчилдөөд ирэхээр хүнээс ямар гэгч чөтгөрийн араншин гардаг юм бэ? гэдгийг ойлгуулсан. Мөн уг хүсэл эрмэлзлэлээ дарж нуух, бусдыг ч тэгж хүчлэх нь ямар аймшигтай үр дагаварт хүргэж болохыг түүнээс харж болно. Хөөрхий хүү сэтгэлдээ асар их шаналал тээж ирсэн байх даа. Өрөвдмөөр юм. Гэвч түүний нэг ч үйлдэл зөв байсангүй. Мунхаг хүн юм.
Энэ зургаан хүний бодол мэдрэмж,хүслээр үзэгчдийг аялуулсан бүтээл маш олон асуудлыг энэ хүмүүсээрээ дамжуулан хөндөж чадсан. Эхний ерөн хувьд нь хүмүүсийн бузар булайг ээлж дараагаар дэлгэсний дараа сүүлийн арван хувьд нь уур амьсгал эрс өөрчлөгдөн хайр, ухаарал, харуусал, шаналал, гоо үзэсгэлэн зэргийг бүгдийг нь мэдрүүлж өглөө. Тиймээс сүүлийн сценүүд энэ филмийн оргил хэсэг байв.
Яах аргагүй гайхалтай бүтээл юм.

--

--