Big Fish and Begonia

Sally
2 min readJul 8, 2023

--

Bid fish and Begonia
Найруулагч: Liang Xuan, Zhang Chun
Орчлонд бидний ойлгохгүй маш олон зүйл бий.

Эртний хятадын философи голдуу аливаа зүйлийг тэнцвэрт байлгахын утга учирт чиглэдэг байж. Үүний бэлгэдэл болсон Инь Яныг та бүхэн филмээс хэд хэдэн удаа харах болно. Энэ амьдралын тэнцвэрт байдал тэнцэтгэлийн солилцоон дээр тулгуурласан зарчим дээр тогтдог гэвэл хэт бардсан болох юм шиг ээ. Гэхдээ маш олон баталгааг эртний Таоист түүхээс сэдэвчилсэн уг филм дээрээс олж харах нь гарцаагүй. Хамгийн том жишээ нь амийг амиар, сүнсийг сүнсээр, агуу их үйл хэргийг агуу их үүрэг хариуцлагаар солилцож байв. Чүй хоёр толгойтой могойд хатгуулж үхэл рүү явах үед Чуны өвөө өөрийн үлдсэн амьдралаараа солилцоо хийдэг. Харин Чун өөрийг нь аварсан эгэл хүнийг аврахын тулд тал амиа, нутгийн хүмүүсээ аврахын тулд үлдсэн амиа золиослох болно. Чүйгийн тухайд яриад ч хэрэггүй биз. Энэ орчлон хорвоогийн тэнцвэрийг хадгалахын тулд үнэгүй зүйл оршин байх учиргүй. Заавал ямар нэг төлөөс төлөх л ёстой. Үгүй бол тэнцвэр алдагдаж, дээвэр дээрээс ус алдах шиг л зүйл болно. Байгалиас авсны хэрээр байгальд буцааж өгөх нь хүний хувьд энэ тэнцвэрийг хадгалах журамт үүрэг нь. Энэ ч утгаараа Таоистын нэгэн эрхэм зарчим нь байгалийг хайрлах биз ээ. Уг тэнцвэр дээр тогтсон амьдрал аз жаргалтай, тогтуун дөлгөөн нуурын мандал шиг байх бол, тэнцвэр алдагдах үед эмх замбараагүй байдал ноёлон, далайн ширүүн давлагаа шиг л тогтворгүй болно. Далайчид маш олон загасыг агнах үед далай хүчтэй шуурч байсан шиг л тогтворгүй.
Чун охин тэр тэнцвэрийг үгүй хийх дөхсөн. Байгаль хилэгнэн бүгдийг нь авч одох гэж оролдсон нь гарцаагүй. Эцэст нь дахиад л амиараа тооцоо хийх нь тэр. (ер нь манайхан гоё амиа золислоод2 явчихдаг л даа) Эндээс нэг зүйлийг анзаарвал хайрласан нэгэнд тэр тэнцвэр болон ертөнцийн үйл хэрэг өөр бусад зүйлс огт хамаагүй болдог. Бүр өөрийн амь хүртэл. Хайр орчлон хорвоог тэнцвэргүй, замбараагүй байдалд оруулдаг. Хүн төрөлхтний ихэнх зовлон шаналал хайраас эхтэй. Гэвч ихэнх аз жаргалыг хайр бүтээдэг. Хамгийн тогтворгүй хэр нь үнэ цэнтэй зүйл юм. Чи амьдралдаа үнэхээр их анхаарал тавих хүнээ олсон үедээ өөрийгөө ч мартаж, алдаа гаргах болно. Харин дараа нь эргээд тэр бүгдийгээ засаж зөв болгохыг хичээх үедээ үүнийг засах нь боломжгүй болохыг ухаарна гэж сүнс хадгалагч эрхэм Чунд хэлдэг дээ. Гэхдээ хайрласан нэгэнд энэ анхааруулга ч хамаагүй байдаг. Эндээс л алдаа гаргаж эхлэх нь тэр. Гэхдээ л тэр бүгдийг засаж чадсан. Хайр байсан учраас. Тээр би хэлээ биз хамгийн ядаргаатай тогтворгүй зүйл хайр гэж.

--

--