………………….
Наймдугаар сарын бүрхэг тэнгэр.

Бүхнээс чамайг нууцалж чаддаг байсан

Хоёр дугаар сарын цаст өдөр

Одоо хаачсан юм бэ?

Хайрт минь

Үсээ далдалдаг зузаан ороолттой чинь хамт

Нүцгэрсэн модод лугаа

Тэр цас

Дарж орхидог сон чамайг

Гагцхүү

Цагаан шүдэт инээмсэглэл

Цан дэрвүүлсэн сормуус хоёр чинь

Бусдаас амьд гэдгийг чинь ойлгуулдаг сан

Өөрөөр бол чи минь

Өвлийн хүнэн төгөл дунд

Унтаж буй мөнгөн хус байсан


Нэлмийтэл норгож орхидог байсан

Дөрөв дүгээр сарын бороо

Одоо хаачсан юм бэ?

Хайрт минь

Нэрийг нь санахгүй байгаа ч

Хэзээд шүлс асгаруулдаг тэр жимсний амт

Чамаас анхилах шиг болдог сон

Тэр бороо тийм их амт дагуулдаг байсан юм уу?


Ичээндээ хэвтээ юм шиг

Тийм бүүдгэр өдрүүдийн дундуур

Далавчаа хумиад чи бид хоёр

Гудмаар тагтаа шиг

Дүнгэр дүнгэр, дув дуугай алхалдаг байсан

Шөнөөр ч гэрэлтдэг ягаахан уруулыг чинь

Шүхэрлэж буй цасханууд

Гэмтээх вий гэж эмээдэг байсан ч

Тэвэрч аваад үнсэж зүрхлээгүй

Тэнэглэл дүүрэн сэтгэл минь

Чинийхийг бүлээцүүлж чадахаар

Тийм эрмэгхэн байсан шүү


Хоёрдугаар сарын цас…

Цастай өдрүүд

Дөрөвдүгээр сарын бороо…

Бороотой өдрүүд

Одоо энэ

Найм дугаар сарын бүрхэг тэнгэр …


Zagarperenlei Tumenbayar

İstanbul, Turkey.