Нэг өдөр-Өнөөдөр (2018/11/07) Лхагва гараг


Яг ингээд санаа бодлоо бичнэ гэдэг миний хувьд ярихаас илүү хүнд санагдаж байгаа ч оролдоод үзэхэд … яагаад болохгүй гэж? Гээд анхныхаа блог? тэмдэглэл? оройн тэмдэглэл? бичвэр?-ээ бичье.


Өглөө аясаараа цааргалахгүй босоод, шүршүүрт ороод, гоё дуу сонсонгоо ороо засаж өрөөгөө цэгцлээд, шалан дээрх үс, тоос, хог юу байсан цөмийг нь цааш харуулаад, тагт-аа нээж агаар оруулаад, нүүрээ будангаа зөгийн балтай усаа уугаад, хамгийн дуртай(одоогийн байдлаар) жинсэн өмдөө өмсөөд, цагаан цамцаа гөлийтөл нь индүүдээд, угаасан кэтэндээ үдээсээ хийгээд, ээмгээ зүүгээд, цүнхэндээ авч явах зүйлсээ хийгээд, гэрийнхэн рүү явуулах илгээмжээ жин тан болгоод өдрийг туулах бэлтгэлээ хангав. Гадаа ямар гоё байсан гээч… Байгалийн ухааны оюутан болохоор дэлхийн дулаарал, улирлын өөрчлөлт гэж энгийн хүмүүсээс ч их давтамжаар сонсдог авч…

Өнөөдрийн хувьд бол үнэнхүү дулаахан(+21), таатай, зөөлхөөн сэвэлзүүр салхитай, яг л “Гуйя, намрын шар наранд төөнүүлэнгээ дугуй унаад, мишээл тодруулангаа яваад өгөөч ээ!” гэж байгаа юм шиг л байсан. Би ч яг л түүний дагуу хийсэн.

Өнөөдөр, гэрийнхээ ойролцоох ахлах сургууль дээр очиж англи хэлний хичээлд оролцлоо… (ёоо) Хүүхдүүд ямар лаг юм бээ? Яг үнэндээ японд ирснээсээ хойш өөрийнхөө англи хэлэнд тийм ч итгэлгүй бас хүмүүстэй англиар ярихаасаа цааргалдаг, тэрнээсээ болоод дотогшоогоо, бас ичимхий болдог үеүд зөндөө байсан. Саяханаас нэг гадаад найзаасаа урам аваад, бас хэзээг хүртэл өөрийгөө ингэж өөхшүүлэхэв гэж бодоод тааламжит бүсээсээ гарахыг хичээх болсон. Жинхнээсээ. Өөрийгөө өөрийн мэдэлгүй голдогоо ч саяхан л анзаарсан. Зүгээр л их санаа зовомтгой гэж боддог байсан ч үнэндээ өөрөө өөртөө гологдохгүйн тулд л аливаа зүйлийг дахин дахин шалгахаас нааш санаа амардаггүй байж… Хүн гэдэг их сонин юм. “Би өөрийгөө сайн мэднэ ээ” гэж итгэлтэй байдаг байсан ч бага багаар өөрийгөө ямар их мэддэггүйгээ анзаарч эхэлсэн хэдэн сар байлаа. Хүн хэлэхээс нааш гэдэг шиг хэлүүлж байж анзаарсан зүйлс ч нэлээдгүй бий…

Ахлах сургуульдаа ямар байснаа эргэж бодох нэг өдрийг өнөөдөр надад өглөө. Бусадтай элгэмсэг, дундаа орсон, яриа хөөрөөтэй, энийг хий гэвэл яг л хийдэг тийм л хүүхэд байсан… Эсрэгээрээ олуулаа тоглох үед байдаггүй, бөөндөө цуглах үед нээх очдоггүй… зожиг биш хэрнээ цаагуураа нэг тийм дотогшоогоо би ч бас байсан. Яг юу хийх вэ, ямар хүн болох вэ гэдгээ яг тунгааж бодож байгаагүй ч шууд л химиэр явна гээд толгойд буучихсан байсан. Хими, матдаа ч дуртай байсан… Аливаа хүн сайн чаддаг зүйлдээ санаа амар, итгэлтэй байдаг даа… Чадахгүй зүйлээ сурж, муухай мэдрэмж авахыг хүсээгүй ч гэх тал бий. Одоо бодоход ахлах сургуулиа дэндүү нэгэн хэвийн өнгөрөөсөн байна аа.

Өнөөдрийн япон сурагчидтай уулзаад маш их эрч хүч, гал цог мэдэрсэн… Лагаар хэлвэл урам зориг авсан(motivated). Ингээд бичиж байхдаа анзаарвал би ер нь дандаа л тааламжит бүсдээ л байдаг, хувиа хичээсэн хүн байна :)). Инээх зүйл биш ч гэсэндээ хэхэ. Одооноос, нарийн хэлвэл нэг сарын өмнөөс гадагшаагаа(би яриа хүн лдээ, өөр утгаараа) байх гэж, илүү их уншиж, тэрнийхээ хэрээр илүү их цаасан дээр буулгаж байхаар шийдсэн. Толгой доторхоо гаргана гэдэг ямар хэрэгтэй зүйл байсан юм бээ. Даанч хожуу ухаарлаа… 23 насандаа. Хэтрүүлэг биш шүү. Надад хамгийн тустай зүйл байж. Би гэдэг хүн ингээд далан таван булчирхайгаа тоочоод ч байгаа юм шиг яагаад ч байгаагаа мэдэхгүй зүгээр л гаргамаар санагдаад бичээд сууж байна. Ингээд сууж байгаадаа баяртай байна. Эрт ч бай хожуу ч бай одоог хүртэл ойлгосон, ухаарсан, үзсэн, харсан, учирсан бүх зүйлсдээ …

Өнөөдөр очсон тэр сургууль (хэмжээгээрээ японд 2т ордог гэсэн), уулзсан тэр хүүхдүүд, явсан зам, өнгөрүүлсэн хугацаа намайг 8 жилийн өмнөхийг бодож, энд бичсэн зүйлсийг анзаарахад тусаллаа. Өнөөдөрт баярлалаа.

(Сүүн кремтэй талх ба лаазтай боргол, ¥215, дэлгүүрийн эмээ, хонх дуугарав, хүүхдүүд гүйлдэх, дурсамжууд уралдах, нэг бүрчлэн сэтгэл зүрхээ гаргаж хийв гэх үгс, дулаан өдөр-дулаан мэдрэмж)

Цаашдаа хөөрхөн англи хэлээр ч бичвэр оруулж байнаа. Япон хүмүүсийн хэлдэгээр бол одооноос хичээх тул туслаж дэмжиж байгаарай гэх тогтсон үгээр дуусгая. (хэн ч уншихгүй байж болох ч өнөөдрийн мэдрэмжээ энд хадгалав.)