Тунист очсон тэмдэглэл-1

Африк тивийн хамгийн хойд зүгийн орон Тунис улсад очсон тухайгаа хуваалцъя. Газрын дундад тэнгист хаяалан орших энэ газар 10 гаруй сая хүн амтай. Одоогоос есхөн жилийн өмнө иргэний бослого дэгдэж 24 жилийн турш дарангуйлж байсан ерөнхийлөгч Бэн Алиг ард иргэд нь түлхэн унагажээ. Таксины жолооч Боб-той ярилцаж байхад энэ хувьсгал бол жинхэнэ ард түмний дуу хоолой, эсэргүүцлээс үүдсэн хувьсгал байсан. Иргэд ажилгүйдэл, ядуурал, авилгал хээл хахууль, үзэл бодол үгээ хэлэх эрх чөлөөгүй байсны улмаас бослого гарсан. Гэхдээ юм гэдэг сонин юм билээ. Яг л нэг өдөр тэсэрнэ гэгч болсон гэлээ.

Хожим Тунисийн хувьсгалын талаар лавшруулан судлахад Мохаммед Боазизи хэмээх гудамжинд жимс зардаг 26 настай залуу эр энэхүү хувьсгалыг эхлүүлсэн болж таарав. Тэрээр жимс зардаг тэрэгээ гудамжинд байрлуулсны улмаас цагдаагийн албан хаагчийн эсэргүүцэлтэй тулгарчээ. Гэр бүлийнхаа долоон гишүүдийн амьжиргааг залгуулдаг залуу эрийн уур бухимдал нь дээд цэгтээ хүрч гудамжинд өөрийгөө шатаан эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэрээр эмнэлэгт хүргэгдсэн боловч хэдхэн хоногийн дараа шархаа даалгүй нас барсан байна. Түүний тэмцэл, үхэл төр засагтаа бухимдсан олны эгдүүцлийг өрдөж иргэд цугларч, тэмцлийн жагсаал өрнүүлж эхэлжээ. Энэхүү хувьсгалыг олон улсад эрх чөлөөний төлөөх “Мэлрэг цэцгийн хувьгал”, “Арабын хавар”-ыг эхлүүлсэн үйл явдал хэмээн нэрлэдэг байна. Хувьсгалын үеэр ерөнхийлөгч Бэн Али Саудын Араб руу зугтан алга болжээ. 2011 оноос хойш буюу Бэн Алиг зугтсанаас хойш дөрвөн ч ерөнхийлөгчийн нүүр үзээд байгаа Тунисийн ард иргэд боловсролтой, улс орныхоо төлөө гэх сэтгэлтэй шинэ залуу ерөнхийлөгч удахгүй сонгогдоно гэдэгт итгэж байгаа гэлээ.

Тунист англиар ярьдаг хүн ховор бөгөөд Тунис эсвэл Франц хэлээр ярьцгаана. Азаар буудлын ресепшн бүсгүй надад англиар ярьдаг Боб хэмээх 50 гаруй настай энэ эрийг дуудаж өгсөн юм. Боб Лондонд таван жил ажилласны хүчинд орох орон, унах машинтай болжээ. Тийм болохоор англиар муугүй ярина. Та гэр бүлээсээ хол Лондонд байхад хэцүү байсан уу, гэхэд. Үгүй дээ, тийм ч хэцүү байгаагүй. Хэрэв би Тунист байсан бол байр, машинтай болж чадахгүй байсан. Тиймээс Лондон руу явсандаа хэзээ ч харамсдаггүй гэлээ. Энэ хугацаанд та өөрийгөө илүү их сонсож, шаргуу хөдөлмөрлөхийн зэрэгцээ өөртөө цаг гаргасан таван жил байсан байх даа, гэхэд…Яг тийм, хэмээн марсайтлаа инээгээд… чи ч юмны учир ойлгодог хүн байна шүү… хэмээн жуумалзлаа.

Тунист ирсэн шалтгаан маань RightsCon гэх олон улсын форумд оролцох байсан бөгөөд, амарч зугаалахаар биш сургалтанд хамрагдахаар ирсэн тул цаг давчуу, тэгээд ч ганцаараа явж байгаа болохоор аялана гэж төлөвлөөгүй байсан юм. Учир нь буцах нислэг маань өдрийн дөрвөн цагт тул яагаад ч аялаж амжихгүй гэж бодож байлаа. Гэхдээ шууд явчихна гэхээр нэг л хайран санагдаад, дахиад хэзээ ч Тунист ирээ билээ гэж бодов. Тэгээд явах өдрийнхөө өглөө эрт босоод такси дуудсан нь азаар Бобтой таарах шалтгаан болов. Надад Тунис хотыг үзэх гурван цаг л байгаа, би энэ хугацаанд юу үзэж амжих уу гэхэд, тэрээр санаа зоволтгүй чамд хангалттай их цаг байгаа юм байна. Харин хоёулаа тохиролцьё. Чи надад таксины километрээр биш нэг мөр 50 доллар өгчих…би чамд үзэж болох ойр хавийн бүх газруудыг үзүүлээд бас нисэх онгоцны буудалд хүргэж өгье гэв. Ингээд бид тохиролцлоо.

Энэ яриа газрын дунд тэнгисийн эрэг дээрх үзэсгэлэнт Сиди Бусайд дүүргийг үзэхээр зорьж байхад болсон яриа юм. Цэлмэг тэнгэр шиг гүн хөх өнгөтэй хаалга, цонхоор гоёсон цав цагаан байшингууд далайн эргийг тольдон сүндэрлэх нь Грекийн Санторини аралыг санагдуулна. Сиди Бусайд хэмээх энэ газар Тунисийн аялал жуулчлалын төв цэг гэж хэлж болно. Өдрийн хурц нар дээрээс ээх бөгөөд яг л саунд байгаа мэт мэдрэмж төрүүлнэ. Алчуураа толгой дээгүүрээ нөмөрчихсөн байгааг Боб хараад зүгээр дээ. Нарнаас айх хэрэггүй. Нар чамд хэрэгтэй. Сайхан бор арьстай болох хэрэгтэй шүү дээ. Чи намайг хар, өөрийгөө хар хэмээн хошигнов.

Оросууд Тунис руу визгүй зорчдог болоод ч тэр үү, эсвэл үзэсгэлэнт далайн эрэгт тухлахад хамгийн тохиромжтой газар гэж боддог уу, маш олон Орос жуулчид энд зугаалах ажээ. Мөн Тунисийн эртний хотын туурь болох Картэйжийг жуулчид ихээр сонирхоно. Номхон далайн эрэгт орших стратегийн чухал энэхүү газар Ромын эзэнт гүрний үед гурван ч удаагийн дайны хөлд нэрвэгдэн өдгөө тус хотын туурь л үлджээ. Гэсэн хэдий ч МЭӨ 814 онд байгуулагдсан эртний хотын туурийг сонирхох жуулчид ирсээр л байдаг ажээ. Хэдийгээр Картайж гэх эртний хот балгас болж, зөвхөн туурь нь л үлдсэн ч гэсэн жуулчдын зорин иргэд газруудын нэг бөгөөд энэ нь ч улсдаа эдийн засгийн багагүй хувь нэмрийг оруулах ажээ. Тунист Мозайк буюу шил, шигтгээ, шаазангийн хэлтэрхийгээр хийсэн уран дүрслэлүүд алдартай ажээ. Энэ ч Картайж хотын туурь балгасаас илхэн харагдана. Тиймдээ ч жуулчид ихээр очдог газруудад нь мозайк чимэглэл бүхий керамик эдлэлүүдийг өнгө алаглуулан өрсөн байгаа нь харагдана.

Тунис улс 1881–1956 оны хооронд гурван үеийг дамжсан Францын колони улс байжээ. Тиймдээ ч исламын шашинт улс хэрнээ европжуу амьдралын хэв маягтай, хоёрдогч хэл нь франц болжээ. Бяслаг, баггетийг өглөө, өдөр, орой аль ч цагт хоолтойгоо хослуулан хэрэглэх ажээ.

1956 онд тусгаар тогтнолоо зарлаж өдгөө олон тэмцэл сориллтой тулгарсаар Арабын ертөнц дэх ардчилсан засаглалтай цорын ганц улс ажээ. Хэдийгээр ардчилсан улс гэж байгаа ч ард иргэдийнх нь дунд ажилгүйдэл, ядуурал ихтэй, амьжиргааны түвшин нь сайнгүй гэдгийг захын дэлгүүр, супермаркетаас нь ороод харахад л илхэн харагдана. дэлгүүрүүдэд нь цөөхөн нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн, харагдах агаад, үндэсний үйлдвэрлэл нь тийм ч сайнгүй гэдэг нь мэдэгдэж байлаа. Ардчилал гэдэг нь нэг удаа хөрсөнд суулгаад л орхичихдог “эд” биш, түүнийгээ “арчилж, тордох” хэрэгтэй гэдгийг онгоцонд хажуугийн суудалд сууж явсан Тунис эр ярианыхаа завсарт хэлж байсан санаанд оров.
Ер нь хөгжиж байгаа улс орны иргэд ийм байдаг уу гэлтэй Тунисчүүд их сониуч, гадны иргэн тэр дундаа ази хүн гудамж талбайгаар явж байвал эвэртэй туулай үзсэн мэт харна. Бас нэгэн хачирхалтай зүйл нь төв зам, гудамж талбайн хажуугаар төмөр сараалжин хашаа эгнүүлээд тавьчихсан байлаа. 2010 оны иргэний бослогоос хойш ийм байдалтай байгаа бөгөөд дахиад бослого гарахаас сэргийлж байгаа гэв.

Арабын хавар гэх 2010–2011 онд үргэлжилсэн тэрхүү бослогын үеэр Бэн Алигийг талаар сөрөг мэдээлэл нэвтрүүлсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд, блог бичигчдийг баривчилж байсан ч олон улс даяар Тунисийн бослогын талаар мэдээлж дэлхийн нийтийн анхааралд хүрэх хүртлээ тэмцэл өрнөжээ. Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагын мэдээлснээр тухайн үед дор хаяж 6 сэтгүүлч болон блоггерууд гадагшаа дүрвэсэн байна. Бослого даамжрах үеэр ерөнхийлөгч Бэн Али эхнэр гурван хүүхдийн хамтаар Саудын Араб рүү дүрвэж, улмаар Интерполоор сурвалжлагдан баригдаж авилгал, мөнгө угаасан мөн хар тамхи зөөн тээвэрлэсэн хэмээн Тунисын шүүх 35 жилийн шоронд хорих ял оноосон ч 2019 онд буюу саяхан 9 сарын 13 нь 83 насандаа хорт хавдрын улмаас нас баржээ.
Бэл Алигаас хойш 74–92 насны дөрвөн ч ерөнхийлөгчийн нүүр үзэж тогтворгүй төр засагтай байжээ. Харин саяхан буюу 2019 оны 10 сарын 23-ны өдөр албан ёсны тав дахь ерөнхийлөгч Кайс Сайд хэмээх хуульч мэргэжилтэй хүн сонгогдсон талаар саяхан мэдэв.

Тунист ирсэн аялал маань ардчиллын үнэ цэнийн талаар ойлгох , ойлгохыг хичээх сэдлийг төрүүлсэн сонирхолтой, дурсамжтай бас сургамжтай аялал болсон юм. Сургамжтай гэдэг нь онгоцноосоо хоцорсон талаараа дарагийнаа бичвэрт бичих болно оо.
