Нэмүүн

Altan Bayar
Aagii’s blog
Published in
3 min readNov 11, 2021

Цагаагчин үхэр жилийн хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн хоёрны өдөр өссөн гэрээс (аавын) өөрийн гэр лүгээ адал явдал дүүрэн явав. Бидний гэр тавдугаар хорооллын хуучин таван давхарт. Ангираагийнх хаа байсан Налайх тул хатуу хөл хориог хэрхэн давж хотод ирэх нь сонирхолтой. Хашааны булан тохой бүрд цагдаа харагдах бөгөөд хүн таарвал “Сайхан шинэлж байна уу, айл хэсэлгүй гэртээ шинэлээрэй” гэнэ. Ерөнхийдөө гадаа автобуснаас өөр машин үл харагдана. Автобусаар зөвхөн цагдаа, эмч, төрийн албан хаагчдыг л зөөх тул би болохгүй бол алхана гэдэг бодлоор -25 хэмд гэрээс гарсан юм. Ангираа ч мөн ижил. Түүний хувьд бие жижиг, бор, том алаг нүдтэй, өөрөөсөө том цүнх үүрч явдаг тул цагдаа нарт эмч шиг харагдсан нь лав. Монголд жилдээ хэд хэдэн удаа машингүй өдөр гэх арга хэмжээ төв зам даган зохиогддог байсан сан. Энэ жил ийм өдөр бараг өдөр бүр байв. Чимээгүй, тайван, түгжрэл битгий хэл машин ч үл үзэгдэх хэрнээ бага зэргийн айдастай яг л Чернобилд очсон мэт санагдах энэ хотод бид яг нэг цагт өөрсдийн гэрт ямар ч адал явдалгүй хэр нь дотроо бол засгийн шийдвэрийг зөрчин эрсдэлтэй зүйл хийсэндээ баярлацгаана. Гэртээ ирээд хэд хэд тэврэлдэн, орилолдож урьд өмнө хэзээ ч уулзаж байгаагүй юм шиг хөөрөлдөнө. Энэ өдөр Хоёрдугаар сарын 13-ны өдөр. Маргааш валентин тул дэлгүүрээс хоолны хэдэн юм цуглуулж авчхаад нар жаргах агшинд хэсэг зогсов.

Бид үерхээд 4 жил болсон байв. Энэ хугацаанд бие бие рүүгээ орилж үзсэнгүй, муухай харж ч үзээгүй тийм нандин үерхэл байв. Уулзаагүй өдөр бараг үгүй. Хааяа нэг уурлахаараа оройдоо яаж ийж байгаад л эвлэрнэ. Ихэвчлэн би буулт хийнэ. Ангираа уурлахаараа ихэвчлэн уйлна, би аргадахдаа өөрөө бас уйлчихна. Ер нь л нулимс ихтэй хүмүүс тул заримдаа ямар ч шалтгаангүйгээр биес рүүгээ хараад уйлчихна. Яагаад уйлсныг асуухад нэг шалтгаан зохиогоод хэлчихнэ. Гэхдээ тэр хэлсэн шалтгаан маргааш нь шийдэгдчихсэн байдаг нь сонин. Бид тийм “Нэгнийхээ аз жаргалын төлөө” төрсөн хүмүүс шиг санагддаг.

Одоо бид нас чацуутангууд буюу 22-той. Хоёр сар хүрэхгүй хугацааны дараа би 23 хүрнэ. Бас сайхан мэдээнүүд, амьдралын цаг бүрийг алтаар мэдрэх үе удахгүй ирнэ. Шинийн хоёрны адал явдалт өдөр нь бидний календарын дагуу Нэмүүний ААВ БАС ЭЭЖ болох өдөр байв. Каледар хөтлөөд нээх удаагүй хэр нь энэ талаар бид маш сайн мэдлэгтэй байв. Нэмүүний талаар олон сар ярилцсан. Хүүхэдтэй болохын тулд заавал бэлэн байр, хоол хүнс шаардлагагүй бөгөөд энэ бүхнийг бүтээх аав, ээжийн хайр нь сав дүүрэн байхад л болно. Сарын дараа хүсэн хүлээсэн өдөр ирэв. Хоёр зураас гарсан тэр Гуравдугаар сарын 7-ны өдөр аав нь хэзээ ч баярлаж үзээгүйгээрээ баярлаж, хэзээ ч ийм их хайрыг мэдрээгүйгээрээ мэдрэв. Баярласандаа ковидыг умартан чамдаа зориулж аав, ээж нь гадуур баахан болзоод орхив. Бид энэ өдөр дэлхий дээрх хамгийн жаргалтай хүмүүс байв.

Чиний эхний хэмжээ 0.9 см. Ээжийнхээ гэдсэнд ердөө цэг төдий л харагдана. Гэхдээ чи хүн болно, миний хүү болно.

2021 оны 2-р сард бичив.

--

--