ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжавын оролцсон IdeaPlus подкастын тэмдэглэл

Altan Bayar
Aagii’s blog
Published in
11 min readJul 19, 2023

IdeaPlus podcast-аар ХасБанкны гүйцэтгэх захирал Г.Цэвэгжавтай ярилцсаныг бичвэр байдалд хөрвүүлэн хүргэж байна. Товч тэмдэглэл хөтлөх зорилгоор энэ бичвэрээ эхлүүлсэн ч үг бүр нь үнэ цэнтэй байсан тул бараг л үг гээлгүй тэмдэглэсэн гэхэд болно. Энэхүү подкастад АНУ-д сурсан туршлага, одоо хийж байгаа ажлын туршлага, карьерын туршлага зэрэг өргөн сэдвээр ярилцсан байна. Би Г.Цэвэгжав захирлын илтгэлүүдийг сонсч, WP live үзэх дуртай. Яг л МУ-ын ерөнхийлөгчийн шинэ жилийн оройн мэндчилгээг сонсч байгаа юм шиг хүлээлттэй байдаг. Ярилцлагын үеэр зарим нэршлийг мэдэхгүй байсан тул өөрийн ойлгосноор дөхүүлэн хөрвүүлэв. Захирлыг бид TJ захирал гэдэг бөгөөд тэр нэршлээр бичив.

Хөтлөгч: Г.Цэвэгжав захирал АНУ-д 2004–2011 оны хугацаанд буюу нийт 7 жил хөрөнгө зохицуулалтын менежер, санхүүгийн шинжээчээр ажилласан. Мөн 2 ч их сургууль төгссөн. Таны хувьд суралцсан туршлагаасаа хуваалцана уу. Ямар, ямар сургуулийг ямар чиглэлээр төгссөн бэ? Таны энэхүү мэргэжлийг сонгосон шалтгаан юу вэ?

TJ: Эхлээд би АНУ-д Колорадагийн их сургуульд (University of Colorado Denver) Олон улсын бизнес чиглэлээр бакалавр, хоёр дахь мэргэжлээ Мэдээлэл технологийн удирдлага чиглэлээр төгссөн. Дараа нь би Режисийн Их Сургууль (Regis University)-д MBA (Master of Business Administration) хийсэн. Тэрнээс гадна би Certified Treasury Professional (CTP)-тэй байсан.

Хөтлөгч: Яагаад эдгээр чиглэлийг сонгох болов?

TJ: Мэргэжлээ сонгоход аль аль нь тохиолдлын байсан. 1990-д оны үед МУ-ын эдийн засаг хүнд байсан бөгөөд тухайн үед бизнес сонгох л юм бол гоё амьдрах төсөөлөлтэй байсан. Тиймээс би 1997–2002 онд их сургуульд санамсаргүй байдлаар бизнесийн чиглэлийг сонгосон. Мэдээлэл технологийн салбарын Dot-com company хөгжиж байхад манай сургуулийн багш нар ирээдүйд технологийн компаниуд ирээдүйтэй гэж хэлж байсан. Бизнесийн сургуульд мэдээлэл технологийн удирдлагын чиглэлээр (informational system management) хөтөлбөр байдаг байсан. Үүнд код, программчлал, дата бааз бий болгох гэх мэд технологи, удирдлагын чиглэлийг хослуулж заадаг. АНУ-д мэдээллийн технологийг шинээр нэвтрүүлж байсан үе гэхэд болно. Төгсөх үед Dot-com bubble болоод, түүний дараа crash болж байсан. Ийм сонирхолтой нөхцөл байдлаас үүдэлтэй би хоёр мэргэжлээр 2002 оны 12 дугаар сард төгсч байсан.

Хөтлөгч: Дараа 2004–2011 онд АНУ-д хөрөнгө оуулалтын менежер, санхүүгийн шинжээчээр ажилласан. Ямар, ямар байгууллагуудад ажиллаж байсан бэ?

TJ: Тэрнээс өмнө сонирхолтой түүх яривал уншигчдад сонирхолтой байж магадгүй. Сургуулиа төгсөөд Америкт нэлээн хэдэн жил болчихсон, тэгээд Де факто Д.Жаргалсайхан ахтай кофе уув. Жагаа ах “Чи Монгол руу яараад хэрэггүй. Чи жоохон ажлын туршлагатай бол. Диплом чухал ч диплом бас тийм чухал биш. Америкт чи хэсэг ажилчихвал дараа нь Монголд ирэхэд чиний үнэ цэн нэмэгдэнэ. Дээрээс нь Монгол Улсдаа ч гэсэн утга учиртай ажил хийнэ. Зүгээр сургуулиа төгсөөд дипломоо өвөртлөөд ирвэл зүгээр л байдаг оюутан болно” гэж зөвлөж байсан. Тэр үед би зүрхэндээ зөвлөгөөг нь хүлээж аваад хамгийн ойр байсан сургуульдаа бүртгүүлээд (apply хийсэн), орж байсан. Сургуульдаа санамсаргүй байдлаар, гэхдээ ажлын туршлагатай болъё гэсэн зорилготойгоор орж байсан. Магистрт сурч байхдаа Wagner Equipment Co. гээд том дилер байдаг. Монголд бас нэг охин компанитай байсан. Анх тэнд ажилд орж миний ажлын карьер санхүүгийн шинжээчээр эхэлсэн. Банкны эх үүсвэрийг татах, банкны тайлангуудыг бэлтгэх, картер дэ финанс (carter de finance- би буруу сонссон ч байж магадгүй) гээд том санхүүгийн байгууллагын эх үүсвэрийг удирдах, дээрээс нь олон улсад үйл ажиллагаа явуулдаг охин компаниудын нягтлан бодох бүртгэл, санхүү дээр нь ажиллах, мөн захиралдаа туслах чиглэлээр ажиллаж тухайн байгууллагадаа мэргэжилтнээр ажилладаг байсан.

Дараагийн компани нь Restoration Hardware гээд маш үнэтэй тавилгын компанид Treasury manager (хөрөнгийн удирдлага чиглэлээр) гээд арай удирдах албан тушаалд ажилласан. Ингэхдээ ихэвчлэн IPO, хөрөнгө оруулалт, тодруулбал IT талдаа том том агуулгаа автоматжуулах чиглэлээр санхүү талдаа, шийдвэр гаргалтуудыг хийж ажиллаж байсан. Анх ажлын ярилцлагад ороход bubble crushing хэрэггүй гэж бодож байсан маань том туршлага болж байсан. Агуулгаа автоматжуулна гэдэг нь биет болон биет бус зүйлийг хослуулна гэдэг нь маш үнэтэй том хөрөнгө оруулалт болж байсан. Тэгэхээр тухайн үед IT суурьтай (background), санхүүгийн мэдлэгтэй хүн тун ховор байсан тул ажилд орж байсан.

Хөтлөгч: Монголдоо буцах шийдвэрийг яагаад гаргасан бэ? Эргэлтийн цэг нь юу байсан бэ?

TJ: Монгол ирэх 2 шалтгаан байсан. Эхнийх нь, аав ээж хоёр Н.Жанцанноров гуайн CD явуулсан. Тэр нь машинд үргэлж эгшиглэдэг. Тэгээд нэг өдөр “Ер нь Монгол явах болж байгаа юм байна даа” гэсэн сонин мэдрэмж төрсөн. Дараа нь Н.Жанцанноров гуай манай банкинд ирж илтгэл тавихдаа “Би дуу бичихдээ Монголын ард иргэдийн сэтгэлд нь хүрэх гэж бичдэг. Гадаадад байгаа Монголчуудад эх орноо гэсэн бодол төрүүлэх” гэж ярьж байсан. Тэр яриа болохоос долоогоос найман жилийн өмнө энэ ярианд болсон мэдрэмж надад тохиолдсон. Хоёр дахь нь, сайн дурын хоккейны лигт тоглодог байсан. Монгол гэдгийг боловсролтой Америкчууд Чингис хаанаар мэднэ, боловсрол бага нь Монгол BBQ гэж ярьдаг байлаа. Зарим нь Хятадын газар нутагт байдаг Өвөр Монгол гэж андуурна. Нэг өдөр хоккейны багийн залуучууд “Монгол Улс дэлхийн хамгийн өндөр эдийн засгийн өсөлттэй байна. ДНБ-Дотоодын Нийт Бүтээгдэхүүний (GDP) өсөлт нь жилийн 17.8 хувь байна. Японы цөмийн хаягдлыг монголд хаях гэж байна.” гэж ярьж байсан. Анх удаа МУ-ын талаар сонирхолтой яриа өрнүүлснийг ийн сонссон юм. Тэгээд би Монголд нэг юм болоод байна. Би Монголдоо очих ёстой гэсэн бодол төрсөн. Дараа нь би захиралдаа 2 долоо хоногийн ээлжийн амралтаа авъя гэж хэлсэн. Энэ нь АНУ-ын хамгийн их амрах боломжтой ээлжийн амралтын хугацаа юм. Гэхдээ би шударга байх үүднээс “Монголд ирэхгүй байж магадгүй шүү” гэдгээ хэлсэн. Тэр үед би 31 настай байв. Захирал надад “Карьер дээр залуу хүн 30 насандаа азаа турших боломжтой үе. 40 гарчхаад чи тэгэж чадахгүй. Эртхэн очоод хүсч буй зүйлээ харчхаад хүрээд ир гэж байсан”.

Хөтлөгч: Америкт бол 30 нас өөрчлөлт хийх боломжтой юм байна. Тэгвэл Монгол 40 насандаа өөрчлөлтүүд хийх боломжтой гэж бодож байна уу? Та юу гэж бодож байна?

TJ: Боломтой байх. Би юу гэж бодсон бэ гэхээр захирал миний сэтгэлд сэв суулгахгүйн тулд хэлсэн болов уу гэж бодож байна. Ямарваа нэгэн зүйл амжилттай болохгүй бол ард нь safetynet (something that provides security against misfortune or difficulty) буюу тосоод авах боломж байна гэдгийг боддог учраас зоригтой байдаг. Миний захирлууд их ухаантай байсан. Захирал гэдэг талаасаа бус хүн гэдэг талаас нь зөвлөгөө өгдөг. Тэд надаас 15–20 насаар ахим настай, би чам шиг залуу байсан гэдэг байр суурьнаас ханддаг. Монголд ч гэсэн М.Болд захирлын зөвлөгөөнүүд leadership skill (удирдах чадвар), амьдралыг харах өнцөг, мэргэжлийн, ажлын арга зүй зэрэг нь ажилтандаа шууд нөлөөлдөг. Янз бүрийн газраас сонсох, мэдэх гэхээс илүү өмнөх захирлын зөвлөгөөнүүдийг бодохоор өнөөдрийн зарим шийдэж чадахгүй байгаа асуудлуудын гарц нь харагдаад байдаг.

Хөтлөгч: Та Монголд ирээд ХасБанктай яаж холбогдсон бэ?

TJ: Энэ бас л санамсаргүй. Яг амралтаараа хүрч ирээд нэг газар анкетаа өгөөд нөгөө газар намайг ажилд авна гээд ярьсан байсан. Манай найз тухайн үед над руу яриад “ХасБанк Санхүү эрхэлсэн захирал (CFO) авна гэнэ ээ, чи анкетаа өгөөд үз” гэсэн. Тэгээд би шаардлага хангахгүй байх, намайг авахгүй, цагийн гарз юм биш үү гэж хэлж байсан. Гэхдээ би анкетаа өгсөн. Үдээс хойш нь над руу яриад ажлын ярилцлагад урьсан. Би 2011 онд М.Болд захирал болон Үйл ажиллагаа хариуцсан Г.Зул захиралтай ярилцлагад орсон. Надаас “ХасБанк, Тэнгэр санхүүгийн нэгдэл хоёр компаний алийг нь сонирхож байгаа вэ?” гэж асуусан. Миний өмнөх ажлын туршлагаас надад хамгийн ойр нь толгой компани болох Тэнгэр Санхүүгийн Нэгдэл ойр байна. Банкийг би ерөнхийд нь ойлгодог гэхдээ группийн хувьд миний туршлага нийцэж байна. Банкны үйл ажиллагаа бол үйлчилгээ л өөр болохоос ямар ч байгууллагын үйл ажиллагаатай адилхан. Тэгээд би Тэнгэр Санхүүгийн Нэгдэл болон ХасБанкны Санхүү эрхэлсэн захирал албан тушаалыг давхар эрхэлж байсан.

Хөтлөгч: Өөр өөр албан тушаалд ажиллаж байсан хүн байгууллагынхаа бүх талыг харах боломжийг олгодог юм болов уу гэж би боддог. Таны хувьд ямар бодолтой вэ?

TJ: Санал нэг байна. Миний хувьд өөрийгөө азтай гэж боддог. Манай банкийг маш засаглал сайтай гэж үздэг. Залгамж халаагаа бид сайн бэлдэх ёстой, үүрэгтэй. Энэ нь шийдвэр гаргалтанд маш чухал. Бид нэг ойлголттой байх ёстой. Ингэхийн тулд бид багаараа явна.

Хөтлөгч: ХасБанк Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнө нэг хувьцаа эзэмшигч 20-оос дээш хувь эзэмшихгүй гэдгийг хэрэгжүүлээд эхэлчихсэн байсан. ХасБанкны IPO хийхэд 12 гол хувьцаа эзэмшигч байдсан. Үйл ажиллагаа явуулахад аль нэг тал хэт их нөлөөлөхгүй байхын ач холбогдол юу вэ?

TJ: Зөв засаглалын нэг хэлбэр нь шийдвэр гаргалттай шууд холбоотой. Төвлөрөл бага байх нь ТУЗ (Төлөөлөн Удирдах Зөвлөл) нь Гүйцэтгэх удирдлагаа хянаж байгаа, чиглүүлж байгаа, стратегиа баталж байгаа явдал. Банкны дүрэмд ТУЗ-ын ямар нэгэн гишүүн Гүйцэтгэх удирдлагын багт үүрэг даалгавар өгөх хориотой. Зөвхөн ТУЗ-ийн шийдвэрээр үүрэг даалгавар өгөгдөх ёстой. Гүйцэтгэх захирал банкаа өөрөө удирдана. Бид багаараа нэг дуу хоолойтой байх ёстой. Фокуслаж, үр дүнд хүрэх ёстой.

Хөтлөгч: Танайх 5 хувиа олон нийтэд санал болгож байгаа ч үлдсэн хувийг хөрөнгийн биржээр дамжуулах үүд хаалга нээлтэй гэж байсан. Одоогийн хувьцаа эзэмшигчид хөрөнгийн биржээр хувьцаагаа зарах боломжтой гэсэн үг үү?

TJ: Тэрнээс өмнө Тэнгэр санхүүгийн нэгдлийн нийт хувьцаа эзэмшигчид ХасБанкны хувьцаа эзэмшигч болж бууж ирэх ёстой. Энэ процесс одоо явж байгаа. Ингэснээр Тэнгэр санхүүгийн нэгдэл байхгүй болж, бүх хувьцаа эзэмшигч болон 10,000 гаруй хувьцаа эзэмшигчид бүгд ХасБанкны хувьцаа эзэмшигч болно гэсэн үг. Энэ процесс сүүлийн 2 жил үргэлжилж байна. Тэнгэр санхүүгийн нэгдэл олон охин компанитай. ХасЛизингийг ХасБанктай нэгтгэсэн, Тэнгэр даатгал, Тэнгэр капиталыг зарсан (борлуулсан), жижиг охин компаниудаа татан буулгасан, гадаадад хөрөнгө оруулалтай бичил санхүүгийн байгууллагаа борлуулсан гэх мэт том том өөрчлөлт хийсэн. Одоо Тэнгэр санхүүгийн нэгдэл, ХасБанктай нэгдээд хувьцаа эзэмшигчид доошоо бууж ирэх юм. Онол, практикийн хувьд бүх хувьцаа хөрөнгийн биржээр дамжуулагдан зарах, авах боломжтой болно гэсэн үг. Бага дүнтэй арилжаанууд шууд хийгдэнэ, өндөр дүнтэйнүүд нь багцын арилжаа хийгдэх зарчмаар явагдана.

Хөтлөгч: Та сүүлийн ярилцлагадаа, Гүйцэтгэх захирал хийх хэцүү гэж хариулсан байсан. Гүйцэтгэх захирал хийхэд ямар ур чадварууд чухал вэ?

TJ: Одоо бол Soft skill (зөөлөн ур чадварууд гэж нэрлэх болсон) давамгайлна. Сургуульд сурсан, мэргэжлийн техникийн чадарууд нь толгойны ард RAM уншиж байгаа юм шиг ажилладаг байх. Илүү прагматик талдаа, олон зүйлд дүн шинжилгээ хийх зав байхгүй. Гүйцэтгэх захирал болсноор илүү олон scenario (боломжит үр дүн гэх байх) дээр тулгуурладаг. Хөгжсөн орнууд хамгийн муу дээрээ scenario-гоо төлөвлөөд, хамгийн сайн scenario-ийнхоо төлөө тэмүүлдэг. Тэгэхээр гэнэтийн зүйлд бид бэлэн байдаг. Ийм маягаар явбал муу зүйл тохиолдоход паникдах нь бага байдаг. Захирлууд хоорондоо “Хуурамч эв нэгдлээс үнэнч шударга санаа зөрөх юм бол санаагаа шударга ярилцлъя” гэж тохирдог. Тэгэхээр үнэхээр хэлмээр байгаа бол хэл, дараа нь би санал нийлээгүй гэсэн зүйл ярихгүй. Soft skill-ийн хамгийн чухал нь багаар ажиллахад байна. Мэргэжлийн түвшинд би бүх захирлууддаа итгэдэг учраас би Micro managemet хийдэггүй. Манай банкны бүх захирал олон жил ХасБанкдаа ажилласан, hard soft скиллүүдээ мэддэг. Хүн л болсон хойно бид эргэлзэнэ. Саналуудаа хоорондоо ярилцана. Эргэлзээгүй юман дээрээ тухай бүрдээ шууд шийдвэрээ гаргаад явна. Бид 100 хувийн зөв шийдвэр угаасаа гаргахгүй. Бид 80/20-ийн зарчмыг баримтална. Гэхдээ бид “үхийн алдаа” гаргахгүй. Алдаа гаргах үед бид “аймар” шүүмжлэхгүй, алдаагаа ярилцаад л өнгөрнө.

Хөтлөгч: Боломжит хувилбаруудыг удирдах нь хүмүүсийн хүлээлтийг зөв удирддаг гэж таны ярианаас ойлголоо. Та үүн дээр тодруулна уу?

TJ: Хамгийн бодит жишээ бол КОВИД байна. Бид тэр үед 2019 оны сүүл, 2020 он хэцүү жил болох нь гэдэг төсөөлөлтэй байсан. Угаасаа, олон жилийн статистикаас харвал сонгуулийн үеэр эдийн засаг хүнд, амаргүй байдаг. Хамгийн муу боломжит хувилбараа бид эдийн засаг дээрээ тулгуурлаж гаргасан. Тэр муу нь Ковидын нөлөө санхүү, эдийн засгийн нөлөөтэй төстэй ороод ирсэн. Балансаа, үйл ажиллагаагаа 2020 оны эдийн засгийн амаргүй үед зориулаад хамгийн муу боломжит хувилбараа гаргачихсан байсан. Тэр үед харилцагчдадаа хэр их хэмжээний зээл гаргах, чанаргүй зээлийн удирдлага, ажиллагсдаа хэрхэн зохион байгуулах гэх мэт дээр тулгуурласан. Мэдээллийн урсгалаа маш сайн байлгахын тулд FB-ийн (Meta) Workplace гээд апп байдаг. Энэ апп дээр банкны ажилтны домайнээ ашиглаад, админ нь эрхийн зохицуулалтаа хийдэг. Ашиглахад амархан. Бид үүнийг хүртэл хийчихсэн байсан. Үүндээ би LIVE хийчихдэг. Ковид нь манай эдийн засгийн хамгийн муу үед авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй төстэй байсан. Засгийн газрын авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаанууд энэ хүнд үеийг давахад тус нэмэр болсон.

Хөтлөгч: Гүйцэтгэх захирал болохоос өмнө гэрийн даалгавар авсан гэж байсан. Гүйцэтгэх захирал болох гэрийн даалгавар юу байсан бэ?

TJ: Сонсоход хялбархан. Надад 2 бил үү, 3 долоо хоногийн хугацаа өгсөн. 2 дугаар сарын үеэр даалгавар өгөгдсөн бөгөад 3 сарын ТУЗ-ийн хурлаар банкны ирээдүйн нөхцөл байдлыг тодорхойл гэсэн. Миний хувьд ХасБанк бол маш урт хугацаатай, 100 жилээр. Миний хувьд санамсаргүй Ebay-ийн үүсгэн байгуулагч Meg Whitman-ийн хэлсэн үг санаанд ороод, тэр нэгэн ярилцлагадаа “Та EBAY-ийн гүйцэтгэх захирал байсан, Одоо HB-ийн гүйцэтгэх захирал болсон. Дунд нь та улс төр хөөсөн. Энэ дунд та юу сурсан бэ?” гэхэд “Ихэнх захирлууд шинээр ажилд орохдоо өмнөх удирдлагаа муулдаг. Үүнийг би буруутгадаг. Өмнөх сайн юмаа мартаад шинэ юмыг санал болгодог. Би HB-ийн түүхийг эхнээс нь уншсан. Бид юун дээр алдсан, бид юуг сайн хийж чаддаг вэ гэдэг дээр дүн шинжилгээ хийсэн. Бид сайн юман дээрээ илүү төвлөрөөд муунуудаа засаад гэхдээ муугаа засах нь гол биш. Тэгээд HB-ийнхээ ашиггүй бизнесүүдийг зараад ашигтайнуудыг нь улам томруулна гэдэг зарчмаар ажилласан”. Тэгээд би ХасБанкны брэнд мөнхийн оршин тогтнох ёстой гэдэг байр суурьтай. Би илтгэлээ 5 жилээр бэлтгэсэн бөгөөд илгэлдээ, би хувьцаа эзэмшигчдээс нэг ч төгрөг нэмж авахгүйгээр хөрөнгө оруулалт хийхгүйгээр өөрийн хөрөнгө, ашигт ажиллагааг өндөр түвшинд байлгана. Би цахим гэж туйлшрахгүйгээр цахим-биетийг хослуулна гэж хэлсэн. Тэр үед ТУЗ үүнийг зөв байсан гэж ойлгоод гүйцэтгэх захирлаар томилсон юм болов уу гэж боддог.

Хөтлөгч: Стратеги гэж яг юу вэ? Хугацаа өнгөрөх тусам таамаглахад хэцүү болдог. Стратегийг тодорхойлоход юу чухал вэ? Яаж тодорхойлдог вэ?

TJ: Би аль аль тал дээр нь ажиллаж үзсэн. Цэвэр санхүү талаас нь ч, зөвхөн үйл ажиллагаа талаас нь ч. Санхүү талаас санхүүгийн үр дүн талаас нь буюу ашиг, өөрийн хөрөнгө, үр өгөөж, чанаргүй зээл гэх мэт. Нөгөө стратеги нь зах зээлд бид юун дээр сайн, юун дээр муу, гол гол хөрөнгө оруулалтууд гэх мэт. Би стратегийг сонголтын асуудал гэж хардаг. Бидэнд 4–5 сонголт байгаа. Энэ сонголтын алийг нь гүйцэтгэж чадах вэ? алийг нь чадахгүй вэ? гүйцэтгэх чадвар хамгийн өндрийг нь л сонгоно гэсэн үг. Lookup гэдэг кинон дээр дэлхий сөнөх үед Монголын бөө нарыг бөөлж байгаагаар гуравхан секундэд харуулдаг. Тэр хэсгийг би захирлуудын семинар дээр тасалж аваад харуулсан. Энэ бол бидний стратеги. Би Элон Маск болон бусад томчууд шиг сэтгэж чадна. Би Марс дээр анхны банк байгуулна гэж хэлсэн. Энэ галзуу сонсогдоно, гэхдээ байж болно. Гэхдээ өнөөдөр ийм ийм асуудлууд тулгарсан байгаад байна. Энэ асуудлуудыг шийдэхийн тулд ийм ийм стратегийг гаргасан байна. Стратеги нь өөрөө хүрэх боломжтой байх ёстой. Хүрэх боломжгүйгийн нэг эрсдэл нь багийн сэтгэхүй уначихдаг. Хүрч чадахуйц, гэхдээ чармайж байж түүнд хүрч чадах ёстой. Хүрч чадахгүй юм байвал би ч сэтгэл санаагаар унана.

Хөтлөгч: Таны авч байсан хамгийн өгөөжтэй хөрөнгө оруулалт юу вэ?

TJ: Би мөнгөн хөрөнгө оруулалт гэхээс илүү байгууллагын хөрөнгө оруулалт талаас нь ярья. Миний туршлагаас харвал богино хугацааны хөрөнгө оруулалт хөөхөөс илүү урт хугацааны хөрөнгө оруулалт илүү. Үйлдвэрлэлийн хувьд ирээдүйд илүү их бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадвартай. Маркетинг дээрээ арай бага, брэндинг дээрээ арай илүү байдаг ч юм уу. Манайхан үйлдвэрлэлийнхээ тоног төхөөрөмжийг шийдээгүй байж аймар өндөр маркетингтэй, яг гүйцэтгэх болсон чинь уначихдаг. Гэхдээ үүнийгээ баланслах хэрэгтэй. Хүнд жин нь амласнаа биелүүлэх талдаа байдаг. Манай банк нь маркетингдаа арай бага, дутчихаад байдаг. Үйлчилгээн дээрээ илүү хөрөнгө оруулалт хийчхээд байдаг. Бид тэрэн дээрээ ч сайжруулалт хийх хэрэгтэй. Засгийн газрын өр талаас бодоход өр аваад хөрөнгө оруулалт хийгээд өгөөж аваад Бизнесээ томруулах хөрөнгө оруулалтууд бол юу ч бодохгүй хийх ёстой. Ямарваа нэгэн хөрөнгө оруулалт бол бизнесээ болон өөрийгөө таниулах юм. Хүмүүс “Би ажил үүргийн хуваариас илүү ажиллаад яах юм, ажлын цаг дууслаа, би явлаа” гэдэг. Гэхдээ илүү цаг ажиллаж байгаа хүмүүс илүү туршлага хуримтлуулаад байна гэсэн үг. Гэхдээ илүү туршлага хуримтлуулахдаа ухаантай байх ёстой. Механик ажил хийгээд суух юм уу, өөрт хэрэгтэй ур чадвараа сайжруулах ажил хийгээд байна уу гэдгийг харах ёстой. Илүү manual, механик ажил хийж байвал 6 цаг хүртэл суух нь зөв л дөө.

Хөтлөгч: Долоо хоногт 4 өдөр ажиллах шилжилтүүд олон улсад хийгдэж байна. Орчин үед үүнийг илүү таашааж байна. Та үүн дээр ямар бодолтой вэ?

TJ: Би хэлтсүүд дээрээ туршсан. Давуу болон сул талууд гарсан. Банкны онцлог нь 24 цаг үйл ажиллагаа явуулах ёстой. Банкинд тохиромжгүй зүйлүүд гарч ирсэн. Миний бодлоор ажлын цагийг 6 цаг болгох хэрэгтэй. Ингэхдээ 5 өдөр ажиллана. 7 хоногт 36 цаг ажиллана гэсэн үг. Хүний нөөцийн захиралдаа би хэлсэн. Ингэхийн тулд өдрийн хоолны цагийг алга болгох. Гэхдээ энэ нь хууль эрх зүйн хувьд болмжгүй юм байна лээ. Хууль эрх зүйн хувьд боломжтой бол өглөө та 8 цагт ирээд 2-т тар. Дунд нь 15–30 минут амраад хоолоо ид. Гэвч хууль эрх зүйн хувьд боломжгүй. Хэрэв энэ боломжтой бол ажлын цагийг нь зөрүүлээд ажиллуулахад болно. 6 цагийг бол би маш үр өгөөжтэй гэж боддог. Цайны цаг бол ажлын үр бүтээмжийг эрс бууруулдаг. Би бол цайгаа ажлын ширээнийхээ ард сууж байгаад л идчихдэг.

Хөтлөгч: Та бүтээмжээ өндөр байлгах тал дээр юу уншиж судалж байна? туршлагаасаа хуваалцаач.

TJ: Би подкаст их сонсдог байсан. Хамгийн үр өгөөжтэй нь, to do list-ээ календар дээрээ зоох. Мөн жижиг сажиг зүйлийг тоохгүй орхих тал дээр анхаарч байгаа. Цөөхөн тохиолддог зүйлийг түгээмэл тохиолдож байгаа юм шиг сэтгэл хөдлөл гаргахгүйгээр “Алдаа байна, зас” зэргээр шийддэг. Бодлогод өөрчлөлт өгөхгүйгээр засах хэрэгтэй. Тухайн үедээ л зөв шийдвэр гаргах хэрэгтэй. Байгууллагын сэтгэл зүй онцлогтой. Гүйцэтгэх захирал үүрэг даалгавар өгөнгүүт байгууллага тэр чигээрээ сандралддаг. Ямар үед бөөнөөрөө хөдлөх вэ гэдгээ тодорхойлох нь их чухал. Шийдвэр асуудал байвал тухайн салбартаа, хэлтэстээ шийд. Үнэхээр том асуудал байвал удирдлагын баг шийднэ. Шаардлагагүй бол шоргоолжны үүрээ пижигнүүлээд байх шаардлагагүй.

Хөтлөгч: Карьерын явцад олж авсан гол сургамжууд юу вэ?

TJ:

1. Шууд удирдлагаасаа менторшипийн зөвлөгөө ав. Ингэхдээ хувь хүний түвшинд зөвлөгөө аваарай. Захирлууд зөвлөгөө өгнө.

2. Сэтгэлдээ итгэ. Зөн совиноо дага. Яагаад гэдэг хариуг хайгаад хэрэггүй.

3. Өөрөө санаачлагатай бай. Урдаа тавьсан ажлаа л хийгээд байж болохгүй. Захирлаасаа нэмэлт үүрэг даалгаврууд ав.

Тэмдэглэл хөтөлсөн А.Алтанбаяр

--

--