Хүмүүс…

Altan Bayar
Aagii’s blog
Published in
3 min readSep 9, 2022

Өр нэхэх хүмүүсийн тухай.

Хоёр жилийн өмнө дотны найзаасаа, эгчдээ баяртай гэж хэлээд огт уулзаагүй юм. Багын л салах ёстой хүнээсээ хурдхан шиг салж сурахад өөрийгөө бэлтгэсэн. Багын найзууд зуурдынх байдаг шиг амьдралын найз гэж бараг байхгүй. Магадгүй бидний гэр бүл, эхнэр, хүүхэд л амьдралын найз байж болох юм. Салах ёстой хүмүүс салахдаа өр нэхэх нь сүүлийн үед аймшигтай санагдана. Хутга бие рүүгээ шаалгахаас ч их өвдөлтийг хааяа мэдрүүлдэг байх.

Хоёр жилийн өмнөх салалт.

Түүнтэй байнга хамт явдаг байлаа. Тэр надаас 10-аар эгч ч маш сайн найз байлаа. Бид өөрсдийгөө хурцалж ном уншина, бие биедээ ном уншиж өгнө. Мэдээж кофенд дуртай тул миний хамгийн дуртай хүн. Би кофе уудаг хүмүүст хайртай. Кофе уудаггүй хүмүүс дэндүү уйтгартай амьдардаг шиг санагддаг. Миний эмээ кофег сайн уудаг байсан бөгөөд намайг кофенд ороход маш их нөлөө үзүүлсэн хүн. Найз эгч маань надад хүн яаж эерэг байх талаар зааж өгдөг байв. Тэр “Нууц” номын бүх бүлгийг/номыг уншсан. Сүлжээний бизнес эрхэлдэг бөгөөд намайг ятгах гэж хэд хэд оролдсон ч би энэ бизнест амжилт олохгүйгээ мэдэрдэг тул үргэлж татгалзах ч барааг нь тогтмол хэрэглэнэ. Нэг л өдөр над руу уурлаж залгахад бидний дунд байсан нандин шаазан аяга хагарах шиг болсон юм. Бид бараг 4 жил нөхөрлөхдөө анх удаа л ийм авир тэр хүнээс мэдэрч байв. Юу болсон гэхээр миний төрсөн өдрөөр нь бэлэглэсэн ном түүнд таалагдаагүй хэрэг. Уг нь дэлхийн бестселлэр ч тэрхэн үедээ Монголд нээх танигдаагүй ном байсан юм. Тэр номын нэр “Ад үзэгдэх зориг”. Би төрсөн өдрийн партинд нь очиж чадаагүй ч уучлалт гуйн ном бэлэглэхэд инээгээд л авсан юм уг нь. Маргааш нь тэр дуудлага орж ирсэн. Хүн уурлахаараа өмнөхөө сөхдөг юм билээ. Надад өгсөн бүх бэлэгнийхээ үнийг бодоод 100 гаруй мянган төгрөг надаас нэхэв. Би чадахгүй ээ гэв. Би ямар гуйж авсан биш гэж гомдон гомдон бодно. Хүн залилсан хэргээр цагдаад мэдэгдэнэ гэж над руу дайрсан ч хэлээгүй байх. Тэр хүн маш сайн хүн ч тэр л өдөр хэн нэгэн хурцалж над руу дайрахад хүргэсэн байх гэж өөрийгөө тайтгаруулж бодно. Байж болох бүх хараалыг над руу урсгаж, бүх харилцаа холбоогоо тасдав. Дараа нь хэд хэд таарахдаа өмнөх найз шиг минь мэндэлж харьцсан ч миний зүрх өвдөөд, харахаар өмнөх хагарсан шаазан шиг сэтгэл минь эвлэрэхгүйгээс хойш хүчилж инээж ч чадахгүй л байв. Тэр шаазан хэзээ ч эвлэхгүй ч хааяа эвлэрчхээсэй ч гэж бодно. Тэр шаазан дэндүү үнэтэй шаазан байсан юм.

Эрчүүдийн салалт

Эрэгтэй найзууд байсан. Бүгд л салсан. Хамгийн нандин мөчид салдаг нь хачирхалтай. Гэхдээ би л хаягддаг байв. Тэдэнтэй нийлж уудгүйгээрээ, гардаггүйгээрээ хааяа буруутддаг байсан байх. Гэхдээ би хүчилж ууж чадахгүй. Уухаараа хачин авир гаргадаг хүнтэй бүр огт уулздаг ч үгүй. Тэдний мөн байдал нь тэр шүү дээ. Нэг найз маань надад өөрийнхөө тухай ярьж өгөөд хэзээ ч уулзаагүй юм. Би огт зөвлөгөө өгөөгүй. Тэр хүний амьдралаар би нэгэнт амьдарч үзээгүйгээс хойш зөвлөж чадахгүй шүү дээ. Гэхдээ л тэр мөн нандин үерхэл байсан сан. Одоо ядаж нэг надтай уулзчихаасай гэж бодно. Би ЯАГААД гэдэг маш олон асуултыг уйлж байгаад асуумаар байгаа. Тэр миний чатанд хариу өгөөгүй, уулзахыг ч хүсээгүй. Бид нь найзууд шүү дээ гээд хааяа нүүр лүү нь хараад орилчихмоор байдаг. Мөн л бодох төдийд зүрх өвдөнө. Тэр шаазан хагарсан ч шаазангийн хэлтэрхий нь ч үл олдоно.

Одоогийн салалт

Олон танилтай байв. Би оюутан байхдаа тэдэнд тусалж байна гэж боддог байсан ч тэд надад туслаад байсан бололтой. Бизнес гэдэг тасалдахгүй явсны эцэст амжилтанд хүрдэг жамтай. Тэр бизнес одоо амжилттай яваа. Гэхдээ үнэ цэнгүй. Миний төсөөлдөг байсан зүйл үгүй болсон байв. Би дэндүү сайхнаар төсөөлөхдөө өөртөө мөн тэр үнэ цэнийг бий болгочихсон байсан. “Бид чамд хичнээн их тусалдаг байлаа, дэмждэг байлаа, найддаг байлаа” гэх үгс намайг ЮУ БИЛЭЭ гэж бодоход хүргэв. Би амьдралынхаа турш хэн нэгнээс огт тусламж гуйгаагүй амьдарсан гэж боддог нь талаар нэг болов. Эдгээр үгс надаас хариу нэхэж байгаа бололтой. Авсан зүйл байхгүй ч тэд надаас өөрсдийн сэтгэлийг нэхэх шиг болов. Сэтгэл гэдэг нь чухам миний өдөр тутамдаа зүгээр уулздаг уулзалтууд л байх шиг байна. Мөн миний хийсэн бүхэн зүгээр л хийх ажилгүй хүн очоод гуйгаад үнэгүй ажилласан мэт мэдрэмжийг төрүүлэв. Одоо БАЯРТАЙ гэж хэлэх цаг болов. Амьдралын үнэ цэнтэй зүйлээс, зарим дурсамжаасаа баяртай гэх хэцүү ч зарим зүйлийг орхиж сурсан шигээ хүмүүсийг ч мөн орхиж сурах хэрэгтэй.

--

--