Хүүхэдтэй болсноо хүмүүст хэлэв.

Altan Bayar
Aagii’s blog
Published in
3 min readJan 3, 2022

Хамгийн анх хүүхэдтэй болсноо 3 сарын 7-нд мэдэв. Энэ үед бид хоёр 5-р хорооллын 5-р байранд Отгоо, Доогий, Эркатай хамт амьдардаг байлаа. Цаг үе ч жаахан дээрдэж хөл хорио хагас, хугас суларч кино театр, үзвэр үйлчилгээ нээгээд байсан юм. Тэр өдөр хүүхэдтэй болж буйгаа мэдмэгцээ л хоёр биенээ тэвэрч, “ямар сайхан юм бэ” гэцгээж байв. Амьдралыг минь өөрчилсөн 2 зураасаа бид одоог хүртэл хадгалдаг. Орой болсон байсан ч энэ өдрийг тэмдэглэх ёстой тул Tom N Toms-д кофе ууж Тэнгис кино театрт “Гангестарууд” нэртэй кино үзэж тэмдэглэсэн. Энэ нь тэр өдрийн хамгийн сүүлчийн үзвэр байлаа. Тэр шөнөжин нойр хулжиж ирээдүйд яах талаараа бус, амьдрал гэдэг ямар баялаг зүйл вэ гэдгийг ярилцаж хоносон.

Гуравдугаар сарын 8-нд аав, ээж манайд ирж Мартын бэлэг өгөв. Энэ өдөр Ангираад аав өөрийн гараар оёсон хүүхэд тэвэрсэн эмэгтэйг жаазлан бэлэглэсэн. Ерөөлтэй ч гэх юм уу, зөнтэй ч гэх юм уу тийм дулаахан бэлэг байв. Гэсэн ч бид хүүхэдтэй болсноо хэлэлгүй миний төрсөн өдрийн өмнөхөн хоёр талынхаа аав, ээжид хэлсэн. Гадаадын кино, бичлэг дээрх шиг орилж, хөөрч баярласан хүн байхгүй ч дотроо бол тэд хамгийн жаргалтай байсныг нь мэдэрсэн. Учир нь Ангираа бол айлын ганц, харин би айлын ганц хүү нь. Энэ өдрөөс л эхлэн гэр бүлийнхэн маань утсаар ярихдаа, уулзахдаа хүүхдийг маань хэр байгаа талаар, тоонуус өгч байгаа талаар асуудаг болж ярианы сэдэв тэр гэдсэн доторх амьны талаар болсон юм.

2021 оны Дөрөвдүгээр сарын 8-нд миний төрсөн өдөр болж гэртээ хэд хэдэн найзуудыгаа дуудаж тэмдэглэв. Яг үнэндээ эдгээр хүмүүст төрсөн өдөр гэхээс илүү хүүхэдтэй болсноо дуулгахсан гэсэндээ тэсэн ядан хүлээж, сандарч байсан юм. Энэ үед манай гэрийн хамтран амьдрагчид болох Отгоо, Эрка, Доогий, манай ангийн хүүхдүүд болох Намуунаа, Дариа, Дагва, Золоо, Пүүжээ, Оюука, Батхүү бас клубын найз Мөөнөө ирсэн байв. Бид олон тоглоом тоглож, бидний өдөржин бэлтгэсэн хоолнуудыг идэцгээв. Маргаашнаас нь хөл хориотой байсан тул хүмүүс ч гарахын хүслэн байсан байх. Хүмүүст хүүхэдтэй болсноо хэлэхэд бүгд орилж, тэврэлдэж, нэг тийм дулаахан мэдрэмжийг бид авсан. Энэ бол миний хамгийн сайхан төрсөн өдөр. Учир нь хамт амьдардаг 3 найзтайгаа өнгөрүүлж буй хамгийн сүүлийн баяр байсан. Бид хэд яг 1 жилийг маш адал явдалтай өнгөрүүлсэн юм. Харин зарим талаар гунигтай. Олон жил найзалсан найз маань энэ мэдээний дараахан зайгаа барьсан ч холбоотой л байв. Ажил амьдралын балаанс, анд нөхдийн холбоо гэдэг зүйлийг илүү ойлгосон гэх үү дээ. Уг нь хамгийн ихээр хажууд байж, надаас илүү баярлах болов уу гэж бодтол үгүй байсан. Би ч угаасаа л хүнтэй дотно найзалж чаддаггүй, бүх найз нар нь өөрөөс нь зайгаа барьдгийг мэддэг тул тэр үзэгдэл л гэж бодсон доо. Гэхдээ л бид өмнөх шигээ биш ч, сайн найзууд хэвээр.

Харин бусад хүмүүст нэг нэгээр нь хэлсээр байв. Эмэгтэй найзууд маань сэтгэлээсээ баярлаж орилсоор л байв. Эмэгтэй найзууддаа хэлэх ямар урамтай байсан гээч. Харин эрэгтэй найзууд баяр хүргэснийхээ дараа “яана даа” гэсэн царай гаргадаг байв. Би ч юу гэх гээд байгааг нь бас царайнаас нь хараад л ойлгоно. Өөрсдийн гэсэн орон гэргүй, хүүхдээ авч явах чадамжгүй, эмэгтэйгийнхээ гэрийнхнээс гуйгаагүй байж гээд олон асуулт нүүрэн дээр нь байдаг байв. Ганц, хоёр нь санхүүгийн маань талаар асууна, хэр их зарлага гарч байгааг лавлана, хэцүү байна уу гэж өрөвдсөн харцаар харна. Гэхдээ надад ямар ч асуудалгүй байсан. Хүүхдийг тээх хугацаанд тийм ч зардалтай биш. Эмэгтэйгээ жаргалтай байлгаж, өөрөө хажууд нь түшиг болоход л хангалттай зүйл.

Ингэж л бид хүмүүст хэлсэн. Хүүхэдтэй болсноо хэлэх болгонд аз жаргалыг мэдэрч байсан. Хүмүүсийн сэтгэл хөдлөл их сонин. Зарим нь жинхнээсээ баярлана, зарим нь бидний өмнөөс санаашрана. Зарим нь бүр шооконд орно. Гэхдээ нэг л өдөр бид хүүхэдтэй болох нь ойлгомжтой байсан. Энэ мэдээг дуулгах бүрт миний хүүхэд улам том болсоор байсан юм.

--

--