Цар тахлын тэмдэглэл “Яана аа”

Altan Bayar
Aagii’s blog
Published in
3 min readJul 21, 2021

Гадаа чих шуугим, айдаст автуулам аюулын дохио дуугарч байна. Эхлээд цагдаагийн машин, дараа нь эмнэлгийн машин. Манай гэр онцгой байдлын дуут дохионоос бага зэрэг зайтай ч гэсэн онцгой байдлын дохио мөн сонстоно. Нэг эмнэлгийн машин өнгөрөхөд л маань мэгзмээ унших шахам дотроо залбирдаг миний хувьд дуут дохио бүрт хүн өөд болж буй мэт таагүй санагдана. Яана аа?

Коронагийн нийгмийг 2 хувааж болохоор юм байна. 1-р сараас эхлэлтэй корона, 11-р сараас эхлэлтэй корона. Нэгдүгээр сард “ Flu”, “Contagious” кинонууд өдөр дарааллан телевизээр гарч, гадаа нэг ч хүн харагдахгүй болж, автобусанд суусан хүмүүс бүгд биесээсээ зайтай зогсч байсан нь надаа хоосон, уйтгартай хотод амьдарч байгаа мэт санагдаж байлаа. Архи уудаг ах нар энд, тэнд чанга чанга орилно. “Монгол хүн корона тусахгүй ээ, ялангуяа амиа хичээсэн та нар бүр тусахгүй” энэ үгийг автобусанд, долоон буудалд, гудамжинд хэд хэд сонссон. Яг тэр үед манай гэрийнхэн бүгд ажилгүй болж, би хичээлдээ явалгүй, гэрээсээ дадлага хийсэн. Гэртээ байхад хүний хэрэглээ бага, мөнгө үрэхгүй бас олохгүй, тансаг зүйл хааяахан иднэ, бас чанартай хоол хүнс иддэгээрээ давуу талтай. Телевиз, сошиалаар хүн хэрэглээнийхээ хадгаламжтай байх ёстой гэж ярих ч энэ нь дундаж орлоготой хүмүүсийн хувьд (энэ нь сая давсан орлого шүү дээ !!!), дунджаас бага орлоготой хүмүүсийн хувьд ХАДГАЛАМЖ битгий хэл талхны мөнгөндөө залгавал их зүйл юм. Баян, ядуугийн ялгаа нүдэн дээр харагдана. Залуусыг ялгаж чадахгүй ч 40-өөс дээш гарсан хүмүүсийн хувьд илтхэн. Яг тэр үед автобусны, нэг ч талхны мөнгөгүй шахам хүмүүст хадгаламжаараа амьдар гэж уриалж байсан хүмүүс олон. Улсаас мөнгө тараасан ч тэр мөнгөний болзлыг хангаагүй хүмүүс олон. Хүүхэдгүй, ажилгүй, гэрээтээр ажиллаж байсан хүмүүст энэ хямрал дэндүү мэдрэгдсэн байх. Одоо энэ зүйл дахиад л давтагдана.

“Шимэгчид” кино коронагийн өмнөх нийгэмд хүмүүсийг цочирдуулсан ч мартагдсан. Би том зочид буудлуудад ажилладаг байхдаа л (16-тайдаа л) анзаарсан. Маш баян хүмүүс манайхаар үйлчлүүлж, хотод гэр нь байх ч манай буудалд ганцхан хонохдоо 600,000 төгрөг (хамгийн багадаа) төлж байхад нөгөө хэсэг нь яг энэ мөнгийг олохын тулд бүтэн сар хөдөлмөрлөөд ч олж чаддаггүй байлаа. Ажлын ах нар хааяа мөнгө асууна. Нойлын өрөөнд суухдаа олон зүйл сонсоно. Лизинг, машины зээл, хүүхдийн төлбөр, байрны төлбөр, айлын хашаанд амьдардаг, түрээсийн байр, гэрээсээ хөөгдсөн гээд хүнд байж болох бүхий зовлонг шийдэлтэй нь хамт сонсчихсон мэт санагддаг. Яг үнэндээ энэ бол дунджаас доошхи бүлэг. Энэ бүлгээс доошхи нь Монголын хүн амын бараг тал нь шахуу. 30 хувийн ядууралтай гэдэг тоог хүмүүс зүгээр л хэлээд, попроод өнгөрдөг. Яг үнэндээ “Ядуу хүн амьдрах гэж алалцдаг”. Сонгинохайрханд уулан дээр амьдардаг хүнээс, долоон буудлын нохойны хоол зарж байгаа эгчээс, Баянхошууны ноорхой гэртэй залуугаас, Нарантуул дээр тэрэг түрж байгаа өвөөгөөс асуу? Зарим нь бүр иргэний бүртгэл ч үгүй хүн байгаа даа. Энэ хүмүүс цар тахал гэхээс илүү өлсөж үхэхгүйн тулд, уулнаас буух усанд живчихгүйн тулд, хэн нэг нь “Энэ миний газар” гээд хүрээд ирэх вий гээд айж суудаг юм. Энэ хүмүүс яах бол? гэдэгт санаа тавьдаг хүн бараг үгүй.

Нийгэм коронагийн дараа сайхан болно гэдэгт огт итгэхгүй байна. Амьдрал улам л дордоно. Нэг нь хэсэг нь улам баяжиж, нөгөө хэсэг нь улам л доройтно. Өчигдөр хүмүүс махан дээр зодолдсоныг хараад цочирдож байна лээ. Би багадаа хүмүүс хоолны төлөө, нэг ширхэг дэвтэрний төлөө бие биетэйгээ зодолдож, толгойг нь чулуугаар хагалж байхыг харсан. Энэ амьдрал ш дээ. Нэг нь газар дээр байшин бариад амьдарч байхад, нөгөө нь газар доор амьдардаг ш дээ. Хамгийн аймар нь бид л мэддэггүй байхгүй юу.

Өнөөдрөөс амьдрал хэрхэх бол? Тэдгээр хүмүүс хэрхэн амь зогоох бол? Ажилгүй болсон байх даа? Архидаад хүүхдээ зодох вий дээ? гээд түмэн бодол хааяа бодогдоно. Энэ хол мэт боловч хажууханд чинь байгаа, харагдах л зүйл. Сүүлийн хэдэн сар аймар, аймар мэдээ сошиалаар цацагдаад л байна. Яг үнэндээ энэ зүйл байдаг л зүйл мэтээр олон жил явсан юм шүү. “Зуунхэдхэн мянган төгрөгний утас хулгайлснаас болоод хүүхэд нь хорих ял авлаа. Ээж нь цус харвалаа. Өөд боллоо” энэ мэдээг хүмүүс сонсоод дургүйцнэ. Тэр хүүг өмөөрч ч байх шиг. “Хэдхэн төгрөгний төлөө ийм их ял өглөө” гэж хүмүүс сошиалаар давалгаалж байна. Хулгай хийсэн нэгнээ өөгшүүлж, зөвтгөж байгаа нь аймшигтай. Зуунхэдхэн мянган төгрөг гэдэг нь зарим айлын хоёр сарын хэрэглээ. Бид нийгмээсээ жоохон холдоод л байх шиг байна, хүн чанар гээч зүйл коронагийн нийгэмд арилах нь тодорхой болжээ.

Өнөөдөр хөл хорионы эхний өдөр. Гадаа нөгөө чимээ ойр ойрхон сонсогдоно. Нэг цагдаа, нэг хянагч байрны гадаа эргэлдэнэ. Хүмүүс улам л айдаст автана. Коронагийн нийгэм яг л дайны үе шиг санагддаг. Сул дорой нь үхэж, зоригтон нэг нь байлдаж, эрх мэдэлтэй нэг нь баяжаад л …

2020.11.12

--

--