Эргэж ирэхгүй намар

Altan Bayar
Aagii’s blog
Published in
2 min readDec 21, 2022

Дасах, Санах, Бэтгэрэх тэгээд Мартах…

Хот дэндүү завгүй бас чимээтэй. Хот гэдэг үгийг сонсох төдийд л ядрах эсвэл бага зэрэг стресстдэг болж. Юуны төлөө зүтгэдгийг нь мэдэхгүй ч хүмүүс дэндүү завгүй, тэгсэн хэр нь мөнгөгүй. Хуурамч инээмсэглэл, уур хилэн, бас аймшигт мэдээнүүдээр миний сэтгэл гэх эрхтэн биш ч мэдрэгддэг зүйл өдөр бүр гэмтэнэ. Энэ киног үзээд тэр сэтгэл гэх зүйлээ бага ч болов услав, эмчлэв.

Энэ киног үзээд ХӨХӨӨ монгол кино, Ах дүү баавгай гээд хүүхэлдэйн киног л бодоод байв. Амараагийн аав өнгөрдөг хэсэг яг л Хөхөө кинон дээрх эмээ өөд болдогтой ижил. Тэр өвгөнийг асрах тойлох хүнгүй, хэн нэгнийг хүлээсэн. Хүлээлт нь амар нүд аних боломжийг олгодог байх. Бас хэт хөгшрөөд дэмий дээ гэх Монголчуудын үг ч үнэн бололтой.

Нүд баясгасан зүйл нь НАМАР өөрөө байв. Салхи, бороо, налгар нар гээд бүгд хүйтэн өвлийг дулаацуулах шиг болов. Тэнд наадам болов. Ёстой босоод бүжчихмээр, хуушуур идмээр, бөх мэх хиймэгц хамаг биеэ чангалж уухайлаад, түрүү бөхийг хурайлан орилмоор санагдсан. Хавар ирсэн шувууд үржээд, явах бэлтгэлээ хангах шиг. Тэд ч бас нуурандаа дассан байх. Морин төвөргөөнийг нүдээр үзэх сэдлийг төрүүлэв. Хоньчин хүү адуучин болж, аавын хүү том хүн болжээ гэх шүлгийн мөр бодогдсон.

Өвөө, эмээ бол ХАЙР юм. Тэд дэлгэцэнд харагдах ахуйг нь хараад өвөө, эмээгийн үнэрийг үнэртэв. Өвөөгийн үнэр, эмээгийн үнэр хоёр өөр. Өвөө эвхэгддэг тамхи татна. Түүнийг би алиадаа /том авга ах/ бага байхдаа эвхэж өгдөг байсан сан. Би амьдралынхаа бүхий л хугацаанд “өвөө” гэдэг үгийг хэн нэгэнд зориулж амнаасаа гаргаж үзээгүй. Хэзээ ч харж байгаагүй тэдгээр хүмүүсийг ч санаад амжсан.

Санах, дасах гэдэг сэтгэлийн зовлон. Хайр гээч зүйлийн ард асар их дасах сэтгэл нуугддаг. “Хоолонд дасах ч яах вэ, хүн хүндээ дасах л хэцүү” гэж эмээ хэлдэг. Энэ ч үнэн. Хоосон зайг нөхөх хэн нэгэн гарч ирэхэд хүн хурдан дасдаг шиг санагддаг. Гэхдээ л дассан сэтгэл, нэг л өдөр мартагддаг.

2022/11/21

--

--