IT-н төсөл дээр ажиллаж үзэв.

Altan Bayar
Aagii’s blog
Published in
5 min readJan 1, 2024

Чадахгүй зүйлээ хийж үзэхийг амжилт гэж боддог.

Хоёр жилийн өмнө өдийд ажлаа солих шийдвэр гаргаж байсан юм байна. Тэр үед би өөрийгөө шинэ зүйл хийж сурах хэрэгтэй гэдэг дээрээ тавьчихсан, магадгүй комфорт зондоо удчих вий гэж байнга боддог байсан байх. Тэгээд би ХасБанкны нэг гишүүн болж, IT-ийн А үсэг мэдэхгүй ч эрсдэлийн нэгжийг техник технологийн салбартай, шийдэлтэй уях мэргэжилтнээр орсон юм. Хүмүүс болон маш олон тест намайг бизнес нэгж, борлуулалт талдаа ажиллаж үзэх хэрэгтэй гэж зөвлөдөг ч миний чадахгүй зүйл рүүгээ тэмүүлэхийг эрмэлздэг зан маань хөдөлсөн юм. Ингээд би бага багаар сурсаар, мэдсээр нэгэн IT-ийн систем нэврүүлэх төсөлд зориглон төслийн багийн гишүүн болсон юм.

Системийн нэрийг нууцалъя. Гэхдээ төсөл эхлэхээс дуусах хүртэл ямар мэдрэмж авснаа, юу сурснаа бичих гээд үзье.

  1. Гэрээний өмнөх үе шат

Энэ бол судалгааны үе, банкны шаардлагыг тодорхой болгох, гадны вендор компаниудыг судлах, ярилцах үе юм. Шаардлага (Requirement төслийн үед Pre-DRG гэх нэр томъёог ашигласан) гэдэгт хүссэн бүх зүйлээ бичнэ. Гадны том банкууд юу хүсдэг тэдгээрийг хүслийн жагсаалт (wish list) болгоод дарааллаар нь бичээд л байна. Түүний дараа төстэй санаануудаа базна, нэгтгэнэ. Мэдэхгүй нэр томъёогоо мэддэг болтлоо судална. Зарим тохиолдолд мэдэхгүй ч, мэддэг юм шиг ярина. Ингээд вендоруудтай онлайн ярилцлага хийнэ. Би бол зөвхөн сонсох, ирүүлсэн мэйлүүдийг хэрэгтэй хүмүүс рүү нь явуулах, зарим баримт бичгийг нь унших л ажил хийдэг байв. Ерөнхийдөө хөндлөнгийн хүн шиг юу болж байгааг нь нээх ойлгохгүй ч, ойлгосон царай гаргаад явдаг байв. Цалин авч байгаа хүн чинь чадахгүй, мэдэхгүй, ойлгохгүй байна гээд суугаад байж болохгүй. Хугацаатай төсөл юм чинь хэзээ нэгэн цагт ойлгож, сурах нь тодорхой гэдгийг анхнаасаа өөртөө хэлж тайвшруулдаг байв. Ингээд хэд хэдэн байгууллагын харьцуулалтыг хийнэ. Тэгээд үр өгөөж, зардлын тооцоо зэргийг нарийвчлан гаргасны дараа удирдлагууд шийдвэр гаргана. Уг шийдвэр гаргалт хурлуудад бизнес нэгжийн захирлууд, IT талын захирлууд, худалдан авалт хийх тул үйл ажиллагаа хариуцсан захирлууд оролцдог. Тэдгээр хурлаас олон улс хоорондын албан хүндэтгэлтэй харилцааг бага ч болтугай ажиглаж сурсан гэж өөртөө дүгнэв.

2. Гэрээний үе шат

Энэ үед би нэг үсэг, нэг өгүүлбэр ямар чухал болохыг мэдсэн байх. Гэрээний драфт вендор (гадны систем нийлүүлэгч) байгууллагаас ирэх ч түүнийг батлахын тул маш удаан хугацааг өнгөрүүлэв. Бүх “ЧАДНА” гэсэн шаардлагуудыг нь гэрээний заалтууддаа шигтгэнэ. Эхлээд гэрээний бүх заалтыг экселийн мөр бүр дээр байршуулна. Дараа нь заалт бүр дээр ярилцана. Хэрэв эцэслэсэн бол DONE, дараагийн хурлуудад өөрчлөлт хийх, шийдэгдэх шаардлагатай бол юу нэмэхээ коммент байдлаар бичээд OPEN статусаар үлдээнэ. Бүх асуудал DONE болсны дараа гэрээг байгуулна. Ингэхдээ гэрээг XML формат руу хуулаад өмнөх болон эцсийн драфтыг харьцуулна. Гадны вендор санаатай бөгөөд санаандгүй үг үсэг нэмэх, солих эрсдэлтэй. Тиймээс энэ харьцуулалтыг заавал хийх хэрэгтэй. Миний хувьд гэрээгээ хэвлээд, эксельтэйгээ, XML-тэйгээ, Google translate-тэй, google-ээс зарим мэдэхгүй зүйлээ хайж зэрэг зэрэг харьцуулалтуудыг хийдэг байв. Хэрэв өөрчлөлт, өөр зүйлс байвал төслийн менежертээ хандаж яагаад өөр байгааг асууна. Эцэст нь гэрээ батлагдана. Гэрээг батлахад худалдан авах захиалгын хуудас бөглүүлэх, төсөв захиран зарцуулах гэх мэт дотоодын шаардлагатай материалуудыг зэрэг бэлтгэнэ. Энэ бол тухайн байгууллагын худалдан авах процесс юм.

3. Гэрээний дараа юу болдог вэ?

Гэрээний үүрэг гүйцэтгэгч болон гүйцэтгүүлэгч 2 тал дотооддоо өөрсдийн багийг бүрдүүлж Kick-off meeting хийнэ. Энэ хурлаар төслийн зорилго, юу юу хийгдэх, төслийн төлөвлөгөө, багийн бүрэлдэхүүнийг танилцуулна. Дотооддоо хийсний гараа, хамтарсан нэг хурлаар дахин үүнийгээ танилцуулна. Манай багийн хувьд 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй байв. Ихэнх нь IT талаас ч чиг үүрэг, хийх ажил хүн бүрийнх өөр өөр. Миний хувьд бизнес талаасаа төсөлд орсон ч “бизнес аналист” эсвэл “бизнес талын төслийн менежер”-ийн үүрэг гүйцэтгэсэн. Зарим талаараа зохион байгуулалт, чиглүүлэх, нэг асуудал гарахад хэнд хэлэх, хэнээр шийдүүлэх гэдгийг түргэн хугацаанд холбох ажлыг хийсэн гэхэд болно. Гэрээний дараа бид системийнхээ сургалтыг урьдчилж авав. Яг үнэндээ хэн ч ашиглаж үзээгүй программ тул сургалтаа түрүүлж авах нь төсөөлөлтэй болоход амар. Сургалтыг заах үед зураг авч хадгалах, шаардлагатай тохиолдолд бичлэг хийх нь төслийн туршид цаг хугацаа болон хийгдэх ажлыг багасгасан гэхэд болно.

4. DRG-ийн үе (Detailed Requirement Gather)

Энэ үед гадны вендорууд Монголд ирэв. Гэрээний өмнө ярьсан шаардлагуудаа дахин нарийвчилж яг юу хийх, ямар байх вэ гэдгээ албажуулдаг гэхэд болно. Уг хэлэлцүүлгээр модуль бүр дээр яг юу хийгдэх, ямар ямар ажлууд хийгдэх талаар ярилцана. Шаардлагуудаа анхнаасаа маш сайн гаргахгүй бол вендор талаас нэмэлт ажил буюу customization хийнэ гэж үзээд мөнгө илүү ихийг төлнө гэсэн үг. Уг үеэс 2 албан бичиг гарна. Бизнес талаас functional, IT талаас technical гэсэн албан бичгүүд. Өдөржин хуралдах, эх хэлээс өөр хэлээр хуралдах гээд надад маш их чалленжтай байсан ч хугацаатай зүйл учир даваад л гарсан. Энэ үед англи хэлний бичгийн болон ярианы хэл сайжрах гэхээс илүү зүгширч, сэргэсэн гэж бодож байна. Тухайн үед вендортойгоо хэсэг ажиллах тул илүү дотносох, дараа нь холбоотой байх, Монголоо танилцуулчих юм сан гэсэн зорилгоор бид Тэрэлж, Цонжинболдог, ойролцоох мэлхий хад гэх мэт цогцолбор газрын дурсгалуудаар аялсан юм. Энэ үед би хөтөч хийн, коллежид аялал жуулчлалаар сурсныхаа хэргийг мөн гаргаад авсан. Ингээд албан бичиг, шаардлагууд бэлэн болсны дараа захирлууд, шийдвэр гаргах түвшний хүмүүс гарын үсэг зуран баталгаажуулна.

5. SIT болон UAT-ийн үе (тестийн үе)

Үүнээс өмнө IT талаас бүх нөөц, боломжийг бэлэн болгоно. Түүнийг Solution readiness гэнэ. Энэ үед надаас хамаарах зүйл байхгүй тул ээлжийн амралтаа авч амжив. Амралт ч гэж дээ, манайд үер болоод яг үнэндээ онцгой байдлын горимд тог усгүй, лифтгүй нэг сарыг арай хийж давсан. SIT буюу System Interface Testing, UAT буюу User Acceptance Testing эхэлсэн. Энэ үе бодит орчинд хийгдэх бүх үйлдэл, кейс бүрийг нэг бүрчлэн гаргана. Хугацааны хувьд богино тул өдөр бүр юу хийх, юу хийснээ ярилцана. Хэрэв хийгдээгүй, хүлээгдэж буй ажил байвал яаралтай яаралтай шийдвэрлээд явна. Бид нийт нэг тестийн үед 2000 орчин тест кейс гаргасан байв. Тест хийх тусдаа програм дээр хөтөлнө. Хэрэв манай талаас алдаа гарвал BUG-г хөгжүүлэгчийнхээ хаягаар бүртгэнэ. Харин вендорын талаас алдаа гарвал JIRA систем дээр алдааг бүртгэнэ. Энэ алдаа бараг хэдхэн цагийн дотор засагддаг байв. Алдаа бүрийг маш сайн тэмдэглэх хэрэгтэй. Учир нь энэ алдаа бодит орчинд үүсч болох юм. Хийгдэх ажлын хувьд бид маш шаргуу ажилласан бөгөөд ямар нэгэн хугацааны хоцрогдол үүсэхгүйгээр үе шатыг дуусгав.

6. Go-Live буюу бодит орчинд оруулах үе

Манай системийн хувьд бодит цагийн горимд ажиллах хэсэг, хугацааны хоцрогдолтой шалгах гэх мэт хугацааны хувьд өөр өөрөөр ажиллах модультай бөгөөд банкны үндсэн системтэй интеграц хийх ажилтай тул маш нарийн ажиллагаа их юм шиг санагдав. Модуль бүрийг үндсэн системээ шинэ системтэйгээ холбох буюу Deploy хийх ажил хийгдэнэ. Энэ нь UAT болон SIT-н үед батлагдсан кодуудыг оруулж ажиллагааны хувьд UAT-тэй ижил болгоно. Бодит орчинд орсноор илрээгүй байсан алдаанууд илрэх магадлалтай тул бид тогтмол системийг хянана. Гадны вендоруул ирэн хамт ажиллаж байгаа тул дор дор нь асуудлаа шийдүүлнэ. Ингэснээр систем тогтворжход хялбар болох юм.

Жилийн өмнөх надаас комфорт зоноос гаргасан ганц ажлийн ийнхүү бичин хадгалав. Яг над шиг төсөл дээр ажиллах хүнд бага ч болтугай төсөөлөл үүсгэх байх. Миний хувьд өөрийгөө хангалттай сайн ажилласан гэж дүгнэхгүй ч чадахаараа л, байж болохоороо л хичээсэн гэж бодож байна. Олон зүйл давхцаж, маш их ядарсан ч ард нь гарсны дараа амьсгаа авах шиг сайхан зүйл гэж үгүй. Одоо л би амьсгаа авах нь уу гэтэл төслийн үеэр хийгдээгүй миний ажлууд намайг хүлээж байв. Ямартай ч дуусгаад шинэ онд оров. Сарын өмнөх бичвэрээ шинэ оны дараахан дүгнэн дуусгав.

Шинэ оны мэнд,

--

--