Тэтгэврийн хөгшид популизмд идэгдсээр байх уу?

Anu Bazar
Altan Gurgaldai
Published in
5 min readMar 31, 2019

Эдоардо Кампанелла, Japan Times-д

МИЛАН — Барууны популист ухуулга барууны орнуудын ардчилал дунд жилээс жилд олширсоор байгаа нь олон улсын хэмжээнд багагүй хүндрэл учруулж байна. Их Хямрал, хууль бус цагаачдын асуудлаас үүдэн улс төрийн популист намууд ухуулга, сурталчилгаа хийсээр байгаа нь бага багаар үр ашгаа өгсөөр байгаа нь нууц биш билээ.

Сонгогчдын нас ихсэх тусам үндсэрхэг үзэлтэй намуудад саналаа өгөх хандлагатай байдаг байна. Энэ үзэгдэл Их Британи(ИБ) улсын хэмжээнд Европын Холбооноос гарах асуулгын дүн, мөн Америкийн Нэгдсэн Улсын(АНУ) ерөнхийлөгчийн эрхийг Трампын гарт атгуулсан явдлуудаас илт харагдана. Польшийн Хууль ба Шударга Ёсны Төлөө Нам(PiS), Унгар улсын Фидес(Fidesz) намын төр барих эрх мөн л ахмад настнуудын өгсөн саналаар нээгдсэн юм. Италид төвтэй Хойд Эвсэл намын эрх баригчид Хойд Италийн хөгшдийн уур бухимдлыг ашиглан төрд гарч иржээ.

© The Times of Israel

Өнөө үеийн популистууд дунд ганц Францын Үндэсний Цуглаан (хуучин:Үндэсний Фронт) намын дарга Марине Ле Пен залуучуудын дэмжлэгээр төрд гарсан байдаг. Магадгүй Бразилын эрх баригч Жайр Болсонаро ч энэ байдлаар төрийн эрхэнд гарсан байх боломжтой.

Энэ хавар болох Европын Парлиаментийн сонгуулиар уг үзэгдэл ахин давтагдах боломжтой юм. Судалгаагаар Европ ахмадууд, тэр дундаа боловсролын төвшин доогуур сонгогчид Европын Холбооноос хэрэгжүүлдэг аливаа төслүүд болон Парламентад итгэх итгэл залуу үетэй харьцуулбал ихээхэн доогуур байдаг аж. Дэлхийн Хоёрдугаар Дайны үед хамгийн их гарз, хохирол амссан бүлгийн хувьд ийм үр дүн гарсан нь маш сонирхолтой. Европын холбооны институтэд үл итгэсэн хандлага нь тэднийг авторитари удирдагчид илүү их саналаа өгөх хандлагатайг харуулна.

Хөгшдийн айдас тэднийг популистууд руу улам ихээр түлхэнэ. Улс орны онцлогоос илүүтэйгээр үндэсний гэх тодотголтой намууд олон улсын чанартай нэгдэл үүсгэхээ амласаар байгаа явдал нь ахмад настнуудын эрхэнд тэгш бус байдлаар халдах боломжтой юм.

© Phys.org

Тухайлбал, цагаачлалын асуудал ахмад настнуудын дунд сэтгэл чилээсэн асуудал болдог нь тэдний хуучинсаг үзэл, нийгмийн тодорхой бүлэгт харьяалагдах гэсэн хүсэл эрмэлзэлтэй холбоотой. Үүнтэй адилаар глобалчлал, техник технологийн дэвшил зэрэг асуудлууд ахмад настнуудын тогтвортой ажлын байрын асуудал, уламжлалт үйлдвэрлэлийн аж ахуйд халтай байдаг байна. Цахим эдийн засагт 20-иос 30-аад насны залуус түрэн орж ирснээр ахмад настнуудыг ажлын байрны боломжуудаас нь шууд бус байдлаар тусгаарлаж байгаа юм. Өнгөрсөн үетэйгээ харьцуулбал одоогийн тэтгэврийн тогтолцоо ажлын байрны зах зээлийн огцом өөрчлөлтүүдээс сэхдэг нь больсон тул ахмадуудад тэтгэвэр олдох нь ч багасжээ. Уг шалтгаанаар ажлын байраа алдсан ахмад настнууд удаан хугацаанд ажилгүй үлдэж хоцордог байна.

Иймэрхүү шалтгаануудын улмаас тэтгэвэрт гарсан хөгшид өөрсдийн ач зээ нартайгаа эд хөрөнгийн хуваарилалтын тал дээр маргаан үүсгэх болжээ. Залуус тэтгэврийн ахмадуудад хэт их хөрөнгө зарцуулж байгаад бухимдан төр засгаас улсын нөөцийг эрх тэгш хуваарилж өгөх шаардлага хүргүүлсээр байна. Жишээлбэл: Италийн Таван Од Хөдөлгөөнийхөн ажил эрхэлдэггүй иргэдэд нас харгалзахгүйгээр “Иргэний хишиг” өгөхийг саяхан уриалав. Ийм байдлаар барууны популистууд ахмад настнуудыг татаж, зүүний популистууд залуусын дунд нэр хүндтэй болжээ.

© Mother Nature Network

Барууны популистуудыг дэмжсэнээр ахмад настнууд хуучин цагийн үндэсний бахархал бүхий, улсын хил хязгаар төвхнөн тогтсон нийгэм рүү буцахыг мөрөөддөг аж. Өнөө үеийн үндэсний гэх тодотголтой улс төрийн хүчнүүд ч статус квог хадгалан үлдээх, өнгөрсөн рүүгээ буцахыг амладаг болжээ.

Иймд үндсэрхэг үзэлтэй улс төрчид хуучны сайхан цагаа санан дурсах нэрийдлээр ахмадуудад өөрийн реторикоо хүргэдэг байна. Америкийн Нэгдсэн Улсын одоогийн ерөнхийлөгч Трамп Америкийн Зэвэн Бүс(The Rust Belt) буюу хуучны аж үйлдвэрлэл ихэд хөгжсөн газруудыг ахин хөгжүүлэх амлалт өгч байжээ. Үүгээр барахгүй Америк-Мексикийн хил дээр хана барих төслөө танилцуулж байсан нь уг реторикийг хэрэглэсэн байдал юм. Мусульман шашинт орнуудын аялагч, цагаачдыг улсаасаа хөөсөн явдал нь Америкийг цэвэр, ариун байлгах оролдлогуудынх нь нэг юм.

Европт мөн барууны популистууд уг реторикийг ашиглан Евро, Шенгений визийн өмнөх эрин үеийг үгүйлдэг аж. Тэд ахмадуудад шууд байдлаар нөлөөлдөг өөр нэгэн арга нь тэтгэврийн насыг багасгаж, нөхцөлийг нь сайжруулах амлалт өгдөг юм. Эдгээр нь мөн Италийн Хойд Эвсэл намын урдаа барьдаг томоохон амлалтууд юм.

© JOE.co.uk

Их Британид Европын холбооноос гарах хөдөлгөөн өрнөж, глобалчлалын ард хоцорсон нэгэнд алдсан цаг хугацаа, боломжуудыг нь нөхөн олгох хоосон амлалт өгөв. Амлалтаасаа зөрөх чөлөөт, бие даасан, “Глобал Британи” лоозонтойгоор эхэлсэн нь олны анхаарлыг татав. Эцэст нь Брекситчүүд тууштай байж чадсангүй ээ.

Өнөө цагийн популистууд насны демографикт тулгуурлан ажиллагаагаа явуулдаг учир энэ бүгд өнөө маргаашдаа шийдэгдэх асуудал биш ажээ. Хөгширч буй нийгэмд ахмадуудын нөлөө улам ихсэх агаад орчин цагийн өөрчлөлтөд тэсвэргүй эдийн засагт дасан зохицох нэг нь багасжээ. Үүний үр дүнд ахмад настнууд нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг шаардаж, үүнийг нь далимдуулан улам олон популистууд тэдний итгэлийг олж авах нөхцөл бүрдэж байгаа юм.

Бид үүнээс хэрхэн сэргийлэх вэ? Үндсэрхэг үзлийн давлагааг зогсоох ганц арга нь эрх баригч намууд ахмадуудын санааг зовоож буй асуудлыг шийдэх гарц, шийдэл олох байж болох. Нээлттэй байдлыг үндэстний тулгуур үзэлтэй, инновацийг төрийн зохицуулгатай хослуулан барьж чадваас ахмадууд маань популистуудын ухраа маягийн бодлогоос сэргийлж чадах юм.

© New Statesman

Асуултын хариулт олон улсын бодлогыг сөрөхдөө биш, тэднийг өөрийн улсын эрх ашигтай ойртуулан зөөлрүүлэх оролдлогод оршино. Бүх насны иргэд одоогийн болон ирээдүйн боломжит саад тотгор, эмх замбараагүй байдалд бэлэн байх хэрэгтэй. Ийм учир ахмадуудаа бөөцийлөхөөс илүүтэйгээр тэдэнд сонголтуудыг нь нэмж өгч, тэднийг хүчирхэгжүүлэх нь хамгийн оновчтой шийдвэр юм. Ихэнх хөгжингүй орнуудад том бүлгэмд зориулсан тэтгэврийн бодлогуудыг тэтгэх бололцоо байхгүй. Тэгээд ч иргэдийг ямар нэгэн тэтгэмжээс хамааралтай болгож байгаа нь моралын хувьд ихээхэн асуудалтай зүйл.

Төр ахмад настнуудын ажлын чадамжийг ихэсгэж, тэдэнд залуу үеийнхэнтэйгээ мөр зэрэгцэн алхах боломж олгон, тэдний энгийн гольдролдоо үүсгэдэг нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагавраас нь салгах боломжтой. Эмзэг бүлгийнхэнд тэтгэмж олгох арга эцсийн сонголт байхад зохино.

Ахмадууд популистуудад саналаа өгч байгаа явдал нь тэдний аврал эрсэн дуу хоолой мөн. Энэ бүгдийг зөвөөр ойлгож, ухаалгаар шийдэх үүрэг соён гэгээрүүлэгч улс төрчдийн гарт үлджээ.

Эдоардо Кампанелла нь Мадридын Их Сургуулийн Хувьсгалт Засаглалын Төвийн Дэлхийн Төлөөлөгч болно. © Project Syndicate, 2018

Орчуулсан: Б. Ану

Эх нийтлэл:

--

--