Улс төрийн мухар сүсэг

Yugostaat
Altan Gurgaldai
Published in
6 min readJun 11, 2019

Сармагчин ч ойлгох улс төр #1: Үзэл суртал

South China Morning Post

Illustration: Craig Stephens

Та нам дагадаг уу? Үзэл суртал дагадаг уу?

Толгой эргүүлсэн олон намууд, бидэнд юу амлаад байгааг нь ойлгохын тулд Сармагчин ч ойлгох улс төр цувралаа эхлүүлж байна.

УИХ-н 76 гишүүдийн нэрсийг цаасан дээр биччихээд малгайнд хийе. Малгайнаас ямар ч хамаагүй цаас сонгож ав. Гишүүний үзэл суртал, байр суурийг нь ч ингээд сонс.

Та гишүүнийг аль намынх вэ гэдгийг тааж чадах уу? Ер нь энэ намууд өөр хоорондоо ямар ялгаатай болохоороо байнга хэрэлдэж байдаг юм бэ?

I. Байр суурь ба үзэл суртал

“Шашны талаарх байр сууриа илэрхийлээч?”

Улс төрийн үзэл суртал гэж юу вэ гэвээс хүн болгонд “Аан, нэг иймэрхүү зүйл байдаг даа.” гэхээс цаашаа гүнзгий ойлголт байдаггүй. Тэр байтугай улс төрийн байр суурь гэхэд ч бас адилхан хариулт өгч магад. Энэ хоёр өөр хоорондоо ялгаатай байсан юм уу ч гэж бодохоор.

Төрийн ажилчид хахууль авч байна, махны үнэ ихсэж байна, тамхинаас гараад 3 жил болж байгаа ч Улаанбаатарын утаанаас болоод уушги минь өвчилчхөөд байна. Тийм болохоор хахуульчдыг баривчилцгаая, махны үнээ бууруулцгаая, асар том сэнс бариад Улаанбаатарын утааг урд хөрш рүүгээ хийсгэцгээе… Энэ мэтийн улс төрийн үзэл бодлууд хүн болгонд байдаг. Бидэнд адилхан үзэл бодлууд бий ч, өөр хоорондоо ялгаатай үзэл бодлууд ч бас буй. Тийм тулдаа Монгол улсын 3 сая иргэд нь нэг нэгээрээ Ерөнхийлөгч болж үзэхэд 3 сая өөр мөрийн хөтөлбөр гарч ирэхээс өөр аргагүй.

foreignaffairs.com

Энэ олон үзэл бодлыг ялган салгах систем нь улс төрийн байр суурь юм. Монгол хэлний үсгүүдийг эгшиг ба гийгүүлэгч гэж ялгадаг; гийгүүлэгчийг заримдаг ба эгшигт гэж ялгадагтай адилхан байр суурь гэдэг зүйл маань өөр дотроо олон янзаар ялгагддаг. Эцсийн эцэст байр сууриуд маань цугларан цэгцэрч улс төрийн үзэл суртал гэдэг зүйлийг маань тодорхойлж өгдөг.

Үзэл суртал гэдэг нь темпераментын тесттэй адил. Өөрийгөө меланхолик, холерик, сангвиникийн аль нь гэдгээ мэдэж авдагтай адилаар байр сууриараа дамжин та өөрийгөө ямар үзэл сурталтайг тодорхойлж болно.

“Зүүн” VS “баруун”

“Энэ хоёр балай юугаа чалчаад байгаа юм бол оо?”

Ямар ч төр засаг, нам болон хувь хүний байр суурийг тодорхойлохдоо left-wing & right-wing буюу зүүнтний ба баруунтны гэх нэршлүүдийг ашигласаар ирсэн. Зүүн-барууны ялгааг доорх тодорхойлолтоор тайлбарлаж болно:

Зүүнтэн нь нийгэм ба үндэсний тэгш эрх, тэгш бололцоо болон хөгжин дэвших нөхцөлийг хангахын төлөө;

Баруунтан нь нийгэм, соёлын уламжлал болон үндэсний үнэт зүйлсээ хадгалан үлдэхийн төлөө байдаг.

Монголын хоёр том намын мөрийн хөтөлбөрийг уншин ажихад Монгол Ардын Нам нь зүүнтнийх, Ардчилсан Нам нь баруунтных гэж харагддаг. /Энэ хоёр нам нь амьдрал дээрээ энэ байр сууриа яг дагадаг үгүйг ирээдүйн нийтлэлээр хөндөх болно./

Гэсэн хэдий ч аливаа нэг намыг зүүнтнийх, баруунтных хэмээн нэрлэх нь тэдний байр суурийг яг таг тодорхойлохгүй. Оронд нь зүүн-барууны үзэл суртлыг куб хэмээн харвал тохиромжтой. 10 жилийн геометрийн хичээл дээр куб нь урт, өргөн, өндөр гэсэн гурван хэмжээстэй гэж заадагтай адилаар зүүн-барууны бодлогыг доорх гурван хэмжээсээр харж болно:

Эдийн засаг — /Эдийн засгийн тэгш байдал vs. Эдийн засгийн эрх чөлөө/

Гадаад харилцаа — /Олон улсын хамтын ажиллагаа vs. Цор үндэстний эрх ашиг/

Нийгэм ба соёл — /Нийгэм, соёлын дэвшил vs. Нийгэм, соёлын уламжлал/

Эдгээр нь өөр хоорондоо нягт хамааралгүй ойлголтууд учраас эдийн засгийн зүүнтэн нь нийгмийн тал дээр заавал зүүнтэн байх албагүйг санана уу.

Чөлөөт VS хязгаарт

Хууч Зөвлөлт Орос нь одоогийн Сирийн Курдистантай үзэл суртлын хувьд зүүн-барууны шугам дээр онолын хувьд төгс таардаг. Дээр дурдсан бүх хэмжээс дээр энэ хоёр нь хатуу зүүн дээр оршино. Хэдий тийм ч энэ хоёр засгийн газар нь улс төрийн олон олон асуудлууд дээр ялгаатай. Жишээлбэл, нэг нь ардчилсан, нөгөө нь ардчилсан биш юм даа.

cbsnews.com

Тэгвэл энэ ардчилал нь зүүний үзэл юм уу, барууны үзэл юм уу? Үнэн гэвэл ардчиллаас авахуулаад олон олон асуудлыг зүүнтэн болон баруунтны байр суурьт хуваахад утгын хувьд таарч өгдөггүй. Зарим нэг зүйлс зүүн, барууны философиос гадна оршдог бөгөөд эдгээрийг ангилахын тулд шинээр хэмжигдэхүүн гаргах шаардлагатай байдаг. Эдгээрийг ихэнхдээ чөлөөт-хязгаарт гэсэн шугамд хувааж өгдөг бөгөөд чөлөөт-хязгаарт гэсэн ойлголтыг зүүн-баруун шиг гүн тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна. Чөлөөт-хязгаарт байр суурь нь дөрвөн хэмжээстэй:

Гадаад худалдаа — /Бизнэсээ хамгаалах vs. Худалдаа өргөжүүлэх/

Хилийн бодлого — /Хаалттай шилжилт vs. Нээлттэй шилжилт/

Иргэний хангамж — /Арвилан хэмнэхүй vs. Халамж тусламж/

Төр засаг — /Дарангуйлал vs. Эрх чөлөө/

Гэхдээ чөлөөт-хязгаарт шугам нь зүүн-барууны шугамын бодлогуудтай шууд хамааралтайгаараа онцлог.

Гадаад худалдаа нь эдийн засаг болон гадаад харилцаанаас,

Хилийн бодлого нь гадаад харилцаа болон нийгмийн бодлогоос,

Иргэний хангамж нь нийгмийн бодлого болон эдийн засгаас,

Төр засаг нь байж болох бүх зүйлсээс,

тус тус шууд хамаарна. Энэ долоон зүйл дээр та өөрийнхөө байр суурийг бодоод үзээрэй. Ирээдүйн нийтлэлүүдэд эдгээр хэмжигдэхүүнүүдийг нэг нэгээр нь авч үзэн бодлогын ялгаа хэрхэн гарч илэрдгийг тайлбарлах болно.

“Мухар сүсэг лугаа адил”

“Хөдлөх шинж байна уу?” “Хөдлөхгүй юм шиг байна аа…”

10 жилээ төгсөөд, эцэг эхдээ хувийн хэргээ ичингүйрэн байн үзүүлээд, одоо л нэг амьдралаа хөөе дөө гэсэн ихэнх хүмүүст тулгардаг ганц том асуулт бий: Би одоо ямар мэргэжил эзэмших вэ? Өөрийн дотоод хүсэл мөрөөдөл, дур сонирхлоо дагах уу? Өнөөгийн эдийн засагт цалин хангамж өндөртэй харагдаж буй мэргэжлийг хөөх үү? Дээд сургууль энэ тэр гэж зүтгэж байсны оронд орон нутгийнхаа техникийн коллежид элсэх үү? Эсвэл гадаадад хар ажил хийж гэр лүүгээ хэдэн төгрөг явуулах уу?

Өөрийнхөө ирээдүйн амьдралыг шийдэх гэж ингэж бодлоо гашилгаж буй түмэн бид ямар нууц тархины потенциалаараа улсынхаа ирээдүйг тодорхойлоод, төрөө маллаад авч явж чаддаг юм бол оо? Бид шүтэх бурхнаа сонгоод тэрийгээ зөв нь байгаасай гэж найддаг шиг, хүүхдээ сургах сургуулиа сонгож өгчхөөд таарсан сургууль нь байгаасай гэж хүсдэг шиг, таалагдсан хөлбөмбөгийн багийнхаа тоглолтыг шөнө болгон 4 цаг хүртэл үзэж суудаг шиг…

“Би саналаа өгөхгүй ч гэсэн улсаа муулна!”

Хүн болгонд улс төрийн ертөнцийг харах өөрийн гэсэн өнцөг, өөрийн гэсэн дүгнэлт байдаг. Гэхдээ бурхан, сургууль болон хөлбөмбөгийн багаа сонгодогтой адилаар бид энэ дүгнэлтэд хүрэхдээ үнэн төгс мэдээллийн үндсэн дээр хүрсэн үгүй нь маргаантай. Дөнгөж сонгууль өгөх насанд хүрэхдээ ээж аавынхаа өгсөн намд нь дуурайгаад саналаа өгсөн хүмүүс олонтаа байдаг даа.

news.vice.com

Монгол Ардын Нам нь социал демократ мөрийн хөтөлбөртэй, зүүнтэн дамнасан нам атал Ардчилсан нам нь неолиберал мөрийн хөтөлбөртэй, баруунтан дамнасан нам юм. Гэхдээ сонгуулийн үеэр саналаа өгөхдөө үүнийг бодолцож үзсэн хүмүүс Монголд хэд байгаа бол? Энийг бодолцож үзээгүй бол ямар мэдээллийн үр дүнд саналаа өгөөд байгаа юм бэ? Дуртай хөлбөмбөгийн багтаа санал өгч байгаагаас ялгаагүй бус уу?

МАНАН-д саналаа өгөх хүсэлгүй байсан ч гэлээ хангалттай мэдлэг мэдээлэлтэй болсон цагт бид бүгд өөрсдийгөө төлөөлсөн нам байгууллага, улс төрийн хөдөлгөөнийг үүсгэсэн ч буруу гэх юм байхгүй. Эрх нь байна. Бололцоо нь байна. Мэдлэг нь байна. Эцэст нь тэмүүлэл л дутагдаж буй юм даа.

Чи юу гэж бодож байна? Чи хэнд итгэж байна? Тэр хүндээ л саналаа өг. Итгэх хүн олдохгүй бол нам үүсгээд өөртөө саналаа өг.

Сайн байцгаана уу. Намайг Жаргалхурц гэдэг. Дараа дараагийн дугааруудад энэхүү долоон хэмжээсийг нэг нэгээр нь авч үзэн, өөр хоорондоо хэрхэн ялгагддагийг тайлбарлах болно. Medium дээр 50 хүртэл алга ташиж болдог шүү.

Үргэлжлүүлэн унших:

Ana Rita Ferreira, Left and Right: The Great Dichotomy Revisited (2013)

Andrew Heywood, Key Concepts in Politics and International Relations, (2015)

--

--

Yugostaat
Altan Gurgaldai

why should i stop drinking? if i stop drinking, i stop writing. Oh. thats why.