Японы бага сургуулийн амьдрал

Azzaya Nomuunbayar
Azaa’s blog
Published in
6 min readJul 10, 2019

10 настай байхдаа ээжийгээ дагаад Японд амьдарч бага сургуульд нь сурах боломж надад тохиосон юм. Тухайн үед түрүүлж явсан ээжийнхээ араас 2 сарын дараа нь би ганцаараа очиж байлаа. За ингээд Японд бүтээсэн дурсамжаар минь хамтдаа аялцгаая!

Хамгийн анхны нислэг, анхны гадаад орон гээд догдолсоор очиж байснаа сайн санадаг. Дөнгөж очоод гэр хүртлээ явах замд 10 настай надад хамгийн их таалагдсан зүйл нь ундааны автомат машин. Зоосон мөнгөө хийн ундаагаа сонгоход тэр ундаа нь унан ирэх тэр агшин гээд үйлдэл бүр нь таалагдаж байсан болохоор тэр орой ууж барахгүй ч хэд хэдэн ундаа авч байж билээ.

Харин дараа нь надаар зогсохгүй ээжийг минь ч гайхшруулсан явдал нь Японы цагаачлалын газрын түргэн шуурхай бас дүрэм журмаа яс баримталдаг чанар юм. Намайг очсон өдрийн маргааш нь ээжийн минь сургуулийн кампустай хамгийн ойр байрлах манайхаар бол сумын төв рүү явж хүнсээ цуглуулангаа орчноо сонирхоод байж байтал Цагаачлалын албанаас залгах нь тэр. Юу гэж, ямар шалтгааны улмаас залгасан гэж бодно? Хүүхэд тань сургуульдаа явсан уу гэж шалгаж залгасан байв. Долоо хоногийн дундуур очсон болохоор ирэх Даваа гарагаас хичээлдээ явъя гээд ээж бид 2 нээх их юм бодолгүй шийдчихсэн байсан юм. Ямартай ч удалгүй хичээлдээ явж эхэллээ.

Хичээлийн эхний өдөр. Санаанаас минь бас гардаггүй өдрүүдийн нэг. Хамгийн түрүүнд захирлынхаа өрөөнд орж Японоор “А” ч үгүй байсан хүүхэд хэрхэн ангийнхантайгаа мэндэлж өөрийгөө танилцуулахад суралцсан. Өөрийн танилцуулгаас гадна Япончуудын хүндэтгэлийн хамгийн чухал илэрхийлэл болох бөхийж мэндлэхийг хэд хэдэн удаа “дахиад доошоо, дахиад доошоо” гэж хэлүүлсээр сурж билээ. За тэгээд сурсан мэндчилгээгээ үзүүлэхээр шинэ ангидаа орох мөч тухайн үедээ үнэхээр аймшигтай байсан байх. Гол шалтгаан нь мэдээж зөвхөн намайг л сонирхож харах хүүхдүүдийн харц болон хэдхэн минутын өмнө сурсан мэндчилгээнээс өөр үггүй Япон хэлний чадвар минь. Гэхдээ тойроод биш туулаад л гарсан даа. Тэгээд суудалдаа суугаад удаагүй байхад л байдалд орох зүйл нэмэгдээд ирэх нь тэр. Биеийн тамирын хичээлтэй гээд бүгд зал руу явах болоход намайг 2 охинд даатгаад хувцсыг нь солиулаад аваад ир гэлээ. Бусад маань намайг ирэхийн өмнө бүгд хувцсаа сольчихсон байж. Надад өгсөн сургуулийнхаа хувцсыг солих гэтэл нөгөө 2 охин маань яг хажууд зогсчхоод харцаа надаас салгадаггүй ээ. Тэр үед ичсэн гэж жигтэйхэн. Юу гэж хэлэхээ мэдэхгүй тэгээд харуулаад л хувцсаа сольсон доо.
Ийнхүү бага сургуульд ороод хамгийн эхний хичээл маань биеийн тамир болж таарсан. Хамгийн анхныхаар зогсохгүй хамгийн ихийг сурсан дуртай хичээл минь болсон юм. Хавар, намар нь заланд тоглоод, өвөл нь цанаар гулгаад, зун нь өдөр болгон бассейнд сэлдэг байсан. Эдгээр чадваруудыг бага насандаа сурсандаа үнэхээр баярладаг.

Cross-country skiing competition

Япон сургууль цэвэрлэгчгүй болон сурагчид нь өөрсдөө цэвэрлэгээ хийдэг талаар та сонсож л байсан байх. Хичээлийн шинэ жил эхлэхэд бүгд анги танхим, зал, угаалгын өрөө гээд бүх өрөөнд хуваарилагддаг. Бага сургууль буюу 1–6 -р ангийн хүүхдүүдээ бүх өрөөнд нэгэн жигд хуваарилаад 6-р ангийн хүүхэд нь ахлаад явдаг байсан. Мэдээж нэг хүүхэд нь шалаа дандаа угаагаад нөгөө нь самбар л арчаад байвал харьцангуй болохоор цэвэрлэгээ хийдэг 4 өдөр өөр өөр үүрэг даалгавар биелүүлдэг байлаа.

Өдрийн хоолны цаг — миний хамгийн дуртай үеийн нэг байсан. Хоол болон аяга саваа зөөх, хувааж аягалах гэх мэт ажлыг мөн л хүүхдүүд өөрсдөө хийнэ. Долоо хоногоор хуваарилагдаж цагаан малгай халаадаа өмсөөд ажилдаа орно доо. Сар сараар цэс гардаг ба би лав бүх төрлийн хоолонд нь дуртай байсан. Одоо ч идмээр санагдаад л байдаг. Анх очоод хэсэг мисо шөл ууж чадахгүй байсан ч сүүлдээ дандаа уусаар их дуртай болчихсон. Ширхэгийн зүйлс нь яг л хүүхдийн тоогоор ирдэг болохоор хааяа нэг ирээгүй хүүхдийн хоолыг идмээр байгаа хүүхдүүд нь хайч чулуу даавуудаад ялсан нь авдаг байлаа. Би ч нэлээн хэд үзэж ялсан удаа ч ихтэй. Мэдээж хоол нэмүүлсэн бол ямар ч хоол үлдээх эрхгүй. Бас нэг сурсан зүйл минь өөрийн оо сойзоо авч явж өдрийн хоолны дараа шүдээ угаах. Одоо ч ажилдаа оо сойзоо аваад явдаг.

Өдрийн хоолны дараа цэвэрлэгээтэй өдөр 30 минут, цэвэрлэгээгүй Лхагва гарагт 1 цаг амрах буюу хүссэн зүйлээ хийж болдог цагтай байсан. Бас л өдрийн хамгийн хүлээлттэй үе. Энэ цагаар хүүхдүүд зал явж тоглох (тэнд нь төрөл бүрийн бөмбөг, цагираг, дээс бүгд бий), ангидаа тоглоомоор тоглох, компьютерийн өрөө орж нетээр аялах, номын санд суух, мөн гадаа гарч тоглох гээд сургууль дээр юу хийж болно хүссэнээ л хийдэг байлаа. Миний хамгийн дуртай нь гадаа гарч ганц дугуйт унах байсан. Төрөл бүрийн хэмжээтэй ганц дугуйт гадаа зүгээр л өрөөстэй байж байдаг. Тийм сонирхолтой зүйлээс яасан гэж буцахав ганц дугуйт унаж сурах боломжийг ч алдаагүй шүү. Мөн компьютерийн өрөөнд байдаг камернаас аваад хүссэн зургаа дарж болдог байсан. Түүнийгээ компьютерт хуулаад өнгөтөөр хэвлэх боломжтой нь тэр үедээ ч одоо ч бодоход үнэхээр гайхалтай.

Unicycling with my best friend in front of our school.

Дараагийн сэтгэлд минь хоногшсон зүйл бол хичээл. Ялангуяа хоолны хичээл болон хөгжмийн хичээл. Хоолны хичээлийн өрөө гэхэд арын хана нь тэр чигтээ сав суулганы шүүгээ, хичээлийн бүх ширээ нь угаалтуур, плитктэй, мэдээж хүнсээ хадгалах хөргөгчтэй гээд хоол хийхэд хэрэгцээтэй бүх юм хүүхэд бүрд хүрэлцээтэй. Мөн бага сургуулиас нь эхлээд хоолоо өөрөө хийж идэх буюу бие даахад сургадаг нь их зүгээр санагдсан. Хөгжмийн өрөө нь бас л биширмээр, багахан концертын зал шиг л байдаг байсан. Хүүхдэд төрөл бүрийн хөгжим тоглох боломжийг олгохоос гадна бүгдэд нь лимбэ зааж өгдөг. Тэр үед надад өгч байсан лимбэ нь одоо ч Монголд гэрт минь байгаа.

Ямар ч Япон хэлний мэдлэггүй би анх хэрхэн ойлголцож яаж хэл сурав? 3-р ангиасаа буюу жил гаран үзсэн Англи хэлний минь мэдлэг их тус болсон. Мөн сургуульд маань Узбек 2 хүүхэд байсан болохоор ганц хоёр удаа надад Оросоос Япон руу орчуулж өгч байсныг санаж байна. Мөн үсэг болон соёлд суралцахад их тус болсон нь гадаад хүүхдүүдэд зориулсан анги болон багш. 4-р ангийн Япон хэлний хичээл мэдээж хүнд, би тэнд юу ч ойлгохгүй болохоор яг тэр цаг дээрээ гадаад хүүхдүүдэд зориулсан ангидаа оччихдог байсан. Ихэвчлэн ганцаараа эсвэл 1–2 хүүхэдтэй л хамт өөрийнхөө түвшинд хичээллэдэг. Олон ч юм зааж хамгийн анх сүши хүртэл идүүлж үзүүлсэн Цүна багштайгаа боломж гарвал дахиад уулзахсан эсвэл ядаж онлайнаар холбогдохсон гэж их боддог. Ямартай ч жаахан хүүхэд байсан болохоор хэлийг дорхноо сураад гадаад хүүхэд гэж ялгагдахааргүй болж байсан ч харамсалтай нь сайн ашиглахгүй байснаас болоод ихэнхийг нь мартаад одоо дахин эхнээс нь үзээд явж байна даа.

Япон сурагчдын талаар бас сонирхож байгаа байх. Ээжийн ангийн хүний хүүхэд гээд Токиогоос ирсэн хүү манай ангид орсон юм. Манай ангийн хүүхдүүдийг Токио дахь сургуулийн хүүхдүүдээс хамаагүй гоё ааштай, анги нь амар тайван, их сайхан юм байна гэж байсан. Гэхдээ сурагчдын нэгнээ гадуурхах, дарамт үзүүлдэг байдал тэнд байж л байсан. Томоохон хотуудад энэнээс хэд дахин аймар гэж бодохоор үнэхээр энэ асуудлаар амиа хорлолт их байдагт гайхах зүйлгүй санагдсан. Ангид маань жаахан эмэгтэйлэг эрэгтэй хүүхэд байдаг байсан юм. Ер нь байж байгаа, биеэ авч явж байгаа нь эмэгтэй хүүхдээс нээх ялгарахгүй. Гэхдээ тэр хүүхдийн дотоод хүн нь бол үнэндээ ангийн бүх хүүхдээс хамгийн цагаахан цайлган, сайхан сэтгэлтэй нь байсан байх. Тэр хүүхэдтэй бусад нь ерөөсөө зүгээр ярьдаггүй, дээрэлхсэн, загнасан, хэрүүл гуйсан янзтай харьцдаг байлаа. Миний ойлгодоггүй байсан нэг үйлдэл нь хүүхдүүд тэр хүүд санаатай болон санаагүйгээр хүрэх огт дургүй байсан. Хэрэв санаандгүй хүрчихвэл хамгийн заваан юманд хүрчихсэн аятай л аашилна. Гараа арчаад л эсвэл өөр хүүхдэд тэр гараараа хүрвэл нөгөөх нь бас сэжиглэж зугтаад л. Хичээлийн шинэ жил эхлэхэд нэрсийн дарааллаар суулгана гээд нэг хэсэг би тэр хүүгийн хажууд суух болоход ангийн хүүхдүүд миний өмнөөс санаа зовоод “Зүгээр үү? Чи яаж чадаж байна аа?” гээд л асуудаг байсан. Би яахав тэр хүүхдэд муу юм хийсэн биш зүгээр харьцдаг байсан болохоор надад их л сайн ханддаг байсан. Хэрэв тэр хүүхдийн оронд би байсан бол үнэхээр тэвчихгүй байсан байхдаа гэж бодогддог.

Бичсээр овоо урт болчихлоо. Амьдралынхаа хамгийн аз жаргалтай үеүдийн хэсэгхэн дурсамжаас уншигч тантай хуваалцлаа. Японд долоохон сар амьдарсан ч хүүхэд насны минь хамгийн тодхон мөч байсан юм. Намраас Япон руу аялахаар төлөвлөөд байгаа. Тэр үед влогтой маань хамт байгаарай!

Баярлалаа ◠‿◠

--

--

Azzaya Nomuunbayar
Azaa’s blog

Амьдралын зөв хэвшил, адал явдал, эерэг байдал, аялал… Мэддэг бүхнээ хуваалцаж, бусдаас ч суралцахыг эрхэмлэгч!