2019 оны 2 дахь хагас жилийн зорилго ✧

Azzaya Nomuunbayar
Azaa’s blog
Published in
3 min readJul 1, 2019
Learn everyday!

Шинэ он гарах тоолонд ирэх жилдээ хийж, бүтээж, амжуулна гэсэн олон зүйлсийг бодоод өнгөрдөг. Хааяа цаасан дээр буулгах нь ч бий. Гэхдээ тухайн жил өнгөрөөд эцэст нь дүгнэхэд өөрийн төлөвлөж бодсон зүйлсээ сэтгэлд хүртэл бүрэн хийсэн байх тохиолдол бараг байдаггүй. Үүнтэй адил энэ жил ч гэсэн урсгалаараа өдөр хоногийг өнгөрөөсөөр нэг л мэдэхэд 2019 оны маань эхний хагас өнгөрчихжээ. Харин энэ оныг би дахин “тэгэх байж” гэсэн бодлоор үдмээргүй байна. Надад тэгэхгүй байх боломжийг бүтээх бүтэн 6 сарын хугацаа байгаа. Тиймээс ч энэхүү нийтлэлээрээ би өөртөө бичгэн амлалт өгч, өмнөхөөсөө илүү хувийн сахилга баттай байж, өөрийн төлөвлөгөөгөө бүрэн төгөлдөр биелүүлэхийн тулд өөрийгөө хурцалж байх болно оо!

⋆ Хувь хүний хөгжил
Энэ хэсэгт би биеийн болон оюуны мэдлэгийн хөгжлийг оруулсан байгаа. Шинэ он гарахад л “би энэ жил тэдэн кг хасаж, биеийн энэ хэсгийн өөхөө арилгана аа” гээд бодож л байдаг. Харин энэ жилийн хувьд биеийн жин биш биеийн галбир илүү чухал юм байна гэдгийг ойлгосон. Яг л адилхан жинтэй ч булчин болон өөхний хэмжээ мөн биеийн онцлогоосоо шалтгаалаад шал өөр харагдаж болдог. 2019 ондоо яг хүссэн галбиртаа хүрэхгүй байж болох ч хүрэхэд улам ойртох арга хэмжээг өөртөө авах болно. 4 сараас эхлээд 7 хоногт 2 удаа 1 цагаар зумба эсвэл йогоор хичээллэж байгаа ба цаашдаа ч энэ эрчээ алдахгүй. Хотхоны маань фитнесст одоогоор энэ хоёрын л сургалт явагддаг юм. Мөн бассейнтай газар амьдарч байгаагаа ашиглаад долоо хоногт 1–2 удаа сэлж байна. Мэдээж зөвхөн дасгал хөдөлгөөнөөр бие галбир минь өөрчлөгдөхгүй болохоор хоол хүнсэндээ ч анхаарах болно.

Оюуны мэдлэгийн хувьд ойрын хугацаанд чухал хэрэгцээтэй байгаа гадаад хэл болон мэргэжлийн чадвараа дээшлүүлэхэд бараг өдөр бүр цаг гаргана. 4 жилийн дотор авна гэж зорьсон хэлний оноо руугаа бага багаар ойртоно.

My happiness

⋆ Гэр бүл
Гэр бүлийнхээ эрүүл мэнд, аз жаргалд цаг гаргадаг гэж бид боддог ч тэр цагаа хэр үр дүнтэй өнгөрүүлдэг бол? Би лав яг одоогоор өөрийгөө дүгнэхэд хийж өгч чадах зүйлээ хангалттай хийдэггүй ээ. Мөн багахан зүйлд сэтгэл гаргаж чадвал их өөрчлөлтийг авчирч болох юм шиг санагддаг. Тиймээс дараах хэдэн зүйлийг ирэх саруудад хийж үр дүнг нь харна аа.
Хүүгийнхээ хөгжилд зориулан түүнтэйгээ ярилцаж, ном уншиж, юм зааж өгөх цагийг өмнөхөөсөө илүү гаргаж өгнө. Хүүдээ өгч болох, сонирхлыг нь татах олон төрлийн өглөөний цайг туршиж, хүүдээ зориулсан цэстэй болно.
Харин ханьтайгаа сардаа нэг удаа романтик болзоонд явж хоёулхнаа хамт байх цагийг гаргана.
Эрүүл мэнддээ анхаараад зогсохгүй мөнгөө хэмнэх зорилгоор ханьдаа болон өөртөө өдрийн хоолоо гэртээ бэлдэж байгаа. Мөн хоносон хоол биед муу болохоор өглөө эрт босоод хоолоо хийж авч яваад бас хөөрхөн хугацаа өнгөрчээ. Цаашдаа ч үүнийгээ хэрэгжүүлсээр байна. Мэдээж богино хугацаанд хийхээс гадна авч явахад амар хоол хийдэг болохоор хоолны төрөл маань гарын хэдхэн хуруунд л багтаад байгаа. Тиймээс амралтын өдөр хоол хийхдээ шинээр 1 хоол эсвэл зууш мөн 1 төрлийн амттан хийж туршиж байна.

⋆ Сошиал медиа хөгжүүлэлт
∼ Medium blog: Блог дээрээ нийтлэхээр одоогоор 10 гарчиг жагсаагаад биччихсэн байгаа. Ямартай ч ирэх 6 сард доод тал нь 10 нийтлэл та бүхэндээ хүргэх нь ээ. Мөн бусад Монгол блогчдынхоо нийтлэлийг уншиж дэмжиж байх болно.
∼ Youtube суваг “Azaa and Margaa”: 2 долоо хоногт доод тал нь 1 влог бичлэг оруулж байна. Энэ бас л чанга санагдаад байгаа. Тиймээс хурцлаад дэмжиж байгаарай. 😉
∼ Facebook page “Azaa and Margaa”: Youtubed тавьдаг бичлэгүүдээ энэ хуудсандаа ч шууд үзэхээр тавьдаг болно.
∼ Facebook page “Азаатай Англи Хэл”: “English Grammar in Use” анхан шатны номын хичээлээ оруулж дуусгана. 7 хоног болгон 10 хэлц үг тайлбар, жишээтэй нь оруулна. Англи хэлийг илүү сонирхолтойгоор бусдад зааж болох арга судалж туршина.
∼ Instagram account “azzayanb”: Фото зураг ялангуяа self-portrait авах чадвараа дээшлүүлж илүү гоё зургуудыг бусдад хэрэгцээтэй мэдээлэлтэй хамт хүргэнэ.
∼ Instagram account “azaaandmargaa”: Өчигдөрхөн нээсэн энэ аккаунтдаа өөрсдийн хайрын түүхээ эхнээс нь хуваалцан гэр бүлийнхээ нандин зургуудаас хүргэх болно.

Зиа зөндөө юм хийнэ, тэгнэ гээд биччихлээ. Мэдээж эдгээрээс гадна өөр зүйлс ч бас бодолд минь үлдлээ. Ойр ойрхон энэ нийтлэлээрээ шагайж өөрийгөө хянан бас жилийн эцэст дүгнэн биелүүлэлтээ шалгана аа! Та бүхэн маань ч өөртөө зорилго тавьж, төлөвлөгөө гарган, тэрийгээ бичиж баримтжуулаад, түүндээ хүрээрэй! Бүгдээрээ хамтдаа хөгжицгөөе! 💪

Анхаарал тавин уншсанд баярлалаа!
✧ Аззаяа нь

--

--

Azzaya Nomuunbayar
Azaa’s blog

Амьдралын зөв хэвшил, адал явдал, эерэг байдал, аялал… Мэддэг бүхнээ хуваалцаж, бусдаас ч суралцахыг эрхэмлэгч!