Хакатоноос юу сурав?

Tsolmon Otgonbold
Batu Digital
Published in
2 min readJun 19, 2017

Өнгөрсөн хагас бүтэн сайныг дамнасан 48 цагийн UBHackathon2017-д оролцоод сурсан, мэдсэн, ойлгосон зүйлсээ хуваалцая гэж бодлоо.

Ер нь хакатон гэдэг маань ямар нэг асуудлыг барьж аваад төрөл бүрийн мэдлэг туршлагатай хүмүүс нэгдэн богино хугацаанд тодорхой нэг шийдэлд хүрэхэд зорилго нь оршдог. Төрөл бүрийн мэдлэг туршлагатай хүмүүс нэг баг болж ажилласнаар, тухайн асуудлыг олон талаас нь харж хамгийн зөв цэгт очин дүгнэлтэнд хүрч хамгийн боломжит шийдлийг бий болгодог юм байна. UB Hackathon 2017-ийн сэдэв нь хиймэл оюун ухаан буюу #MachineLearning байсан ба зорилго нь монгол текстээс суралцаад хариулт өгдөг ухаалаг систем бүтээх байсан. Манай багийн хувьд гурван гишүүнтэй. Гурвуулаа хардкор хөгжүүлэгчид бөгөөд нэг маань хиймэл оюун ухаан болон machine learning-ийн талаар нилээн гүнзгий мэдлэгтэй, нөгөө нь NLP буюу natural language processing-ийн талаар туршлагатай хүн байлаа.

Аливаа бүтээгдэхүүн болон шийдлийг боловсруулахад судалгаа шинжилгээ, хөгжүүлэлт, тэгээд тэр бүтээгдэхүүнээ олон нийтэд зөв хүргэх гэсэн үндсэн 3 алхам чухал. Хакатоны хувьд хугацаа богино тул энэ 3 алхамд зарцуулах цагаа зөв хуваарилах нь тухайн багын амжилтанд хүрэх эсэхтэй шууд хамааралтай. Өөрөөр хэлбэл, судалгаа шинжилгээг хэзээ зогсоож хөгжүүлэлтээ эхлэх, хэзээ нь пресентэйшнээ бэлдэж эхлэх зэргээ багаараа ярилцан тохиролцоод ажил үүргээ зөв хуваарилан, хором бүрийг сул зогсолтгүйгээр үр бүтээлтэй ашиглаж чадвал зорилготоо түүртэлгүй хүрэх боломжтой юм байна.

Бидний хувьд эхний 6 цагийг гурвуулаа судалгаа шинжилгээнд зарцуулж боломжит шийдлүүдийг тодорхой болгосон. Дараагийн 6 цагт нь гаргасан шийдлүүдээ туршин үзэж шигшээд хамгийн боложмит нэг шийдлээ сонгож системийн архитектур болон feature-үүдийг тодорхой болгоод хөгжүүлэлт эхлэхэд бэлэн болгосон. Багийн гишүүдийн 2 нь хөгжүүлэлтээ, үлдсэн нэг нь нэгэнт тодорхой болсон шийдлээ пресентэйшн болгох ажлыг хариуцан авч гүйцэтгэсэн юм.

Өөр нэг чухал зүйл нь хакатон зохион байгуулагч болон шүүгчид маань яг ямар үр дүнг хүлээж байгааг сайтар ойлгох. Тэдэнд бүрэн ажилладаг шийдэл буюу бүтээгдэхүүн л хамгийн чухал. Хакатоны сэдэв нь тухайн асуудлыг шийдэхэд заавал 100% ашиглагдсан байх албагүй. 50%, 30% эсвэл бүүр 1% ч ашиглаж болно. Энэ удаагийн даалгаврын хувьд machine learning-ийг бүрэн утгаар нь ашиглахад өгөгдлийн хувьд хангалтгүй байсан тул NLP-ийг түлхүү ашиглах нь илүү тохиромжтой байлаа. Мэдээжийн хэрэг суралцадаг байх ёстой. Үүнийг нь бид системийн ажиллагааны явцад хэрэглэгч болон оператороос суралцдаг байхаар шийдсэн нь шүүгчид болон зохион байгуулагчдад таалагдсан гэж бодож байна.

Эцэст нь хэлэхэд, ямарч ажилд амралт маш их чухал байдаг учраас үе үе завсарлага авч тархи болон биеээ сэргээж байсан нь бидэнд энэ удаагийн хакатоны тэргүүн байрыг хүртэхэд их дэмжлэг түлхэц болсон гэдэгт итгэлтэй байна.

Ингээд UB Hackathon 2017-г амжилттай зохион байгуулсан зохион байгуулагч нартаа талархлаа дахин илэрхийлье. Мөн хамт нэг баг болж зорилгодоо хүрсэн багийнхандаа дахин баяр хүргэе. Нэмээд хэлэхэд өрсөлдөгч багууд маань маш сайн байсан. Тэдэнтэй хамт ажиллаж үзэх юмсан гэсэн хүсэл төрж байснаа энд нуух юун.

--

--

Tsolmon Otgonbold
Batu Digital

Data Engineer | Information security specialist | Full stack developer | AI Enthusiast | Fulbrighter | ISU alumnus | Dad | Husband