Миний санааг хулгайлчихлаа!

Oko D
Gamma productivity
Published in
2 min readAug 14, 2017

Саяхан би Live with Oko нэвтрүүлгээр энтрепренер хүн гарааны бизнесийн санаа хаанаас олох вэ? Хэрхэн хэмжих талаар live хийсэн байгаа.

Надтай уулздаг олон энтрепренер залуусаас дахин дахин гарч ирдэг асуултууд нь “Санаа юу? Гүйцэтгэл үү?” мөн “Миний санаа бодож байгаа шиг минь том бизнес болох чадвартай юу?” байдаг. Дараагийн 2 нийтлэлийг ашиглан санаа болон гүйцэтгэлийн хоорондын харилцаа болон аль н илүү чухал вэ гэдэг талаас нь бичих болно.

Хэдий гүйцэтгэл сайн байсан ч суурь санаа нь чиг хандлагатай нийцээгүй, хэрэглэгчийн асуудлыг зөв онож харж чадаагүй бол тэр бизнес урт хугацаандаа тогтвортой өрсөлдөх бизнес болж чадахгүй. Харин санаа нь өөрөө зөв шийдлээ олсон бол гүйцэтгэл хэдий төгс бус ч ажилтанд хүрэх магадлал нь илүү боломжтой байдаг. Бүх зүйл санаанаас эхэлнэ гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Амжилттай гарааны бизнес үүсгэхэд санаа болон гүйцэтгэл нь хоёулаа чухал үүрэг гүйцэтгэнэ.

Тэгвэл санааг бид хаанаас олж болох вэ?

  1. Өдөр тутмын өөрсдийн, бусад хүний амьдралд тулгарч буй олон томоохон мөчүүд.
    Үүнд гэр бүлтэй болох, хүүхэд гаргах, сургууль төгсөх, анхны зээлээ авах, анхны машинаа авах гэх мэт амьдралыг өөрчилсөн мөчүүдэд гарч ирдэг олон хэрэгцээнүүд бизнесийн маш гоё боломж тодорхойлж чаддаг.
  2. Бид хөндлөнгийн хүнийг ойлгохоос илүү өөрийгөө ойлгох чадвар нь илүү байдаг учир өөрт тулгарч буй асуудал нь илүү гүнзгий бодит асуудлын эх сурвалж болж чаддаг.
  3. Технологийн тэнцвэргүй нэвтрэлт! Аль нэг салбарт ашиглагдаж буй технологи өөр салбарт ашиглагдахгүй байх. Хэн нэгэн хэрэглэгч болон салбарт тулгараад буй асуудлууд аль хэдийн өөр салбарт шийдэгдсэн байх. Иймэрхүү ялгаа нь санааг шинэ салбарт нэвтрүүлэх гоё эх сурвалж болж өгдөг.
  4. Мөн яах араггүй хөгжингүй орнуудад батлагдсан зарим нэг шийдлүүд нь хөгжиж буй улс оронд нэвтрэхдээ нь Clone Мarket буюу хуулбар зах зээл гэдэг утгаараа шинэ санааны эх сурвалж болж өгдөг.

Хэрвээ та өөрийнхөө санааг үнэхээр амжилттай бизнес болох уу гэдэг өнцгөөс нь хэмжүүр хайж байгаа бол Peter Thiel-ийн Тэгээс Нэг ном нь дээр гардаг 7 асуултын шалгуурыг бүгдэд нь санал болгомоор байна.

Бидний амьдрал эдийн засаг, нийгэм, орчин ба хэрэглээ байнга өөрчлөгдөж байдаг учраас хэрэглэгчид тулгарах асуудал, хүндрэл, хэрэгцээ гэдэг зүйл хэзээ ч алга болохгүй. Энэ өнцгөөс нь хараад үзвэл бизнесийн санаагаа алдана гэдгээс айж болохгүй. Таны алдаж байгаа зүйл чинь зөвхөн тухайн цагт бусдаас түрүүлж харж, анзаарч чадсан зүйлээ л алдаж байгаа болохоос биш санаа олох боломж хэзээ ч хаана ч үргэлж байх болно. Тиймээс та нэг санаа алдлаа гээд сэтгэлээр битгий унаарай.

Сайн энтрепренер хүн бол асуудал хэрэгцээг байнга өдөр шөнөгүй харж явдаг. Энэ нь өнөөдөр бидний амьдралд эргэн тойронд байнга байдаг зүйл. Тэгэхээр дараачийн санаагаа олоход анхаарлаа хандуулах, сониуч байдлаа хурцлаад байж байгаарай.

Oko D, Bali, Indonesia

Дараачийн нийтлэлээр санаа олчихсон гэсэн нөхцөлд (гүйцэтгэл гэж юу вэ) энэ талаар ярилцъя. Та санаагаа олсон гэж бодож байна уу? Та санаагаа алдаж байсан уу? Алдаж байсан бол жишээгээ яриарай та санаагаа алдахаас айдаг уу?

Дараагийн нийтлэлээр уулзацгаая

Oko+Seegii

--

--