Ардчилсан намын VI их хурлаар шинэ дүрмээ эцэслэнэ

Э.Анхбаяр | @Anhaa

Ардчилсан намын VI их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн их хурлаас гарах бодлого, шийдвэр гишүүдийн дунд хүлээлт үүсгээд байгаа бөгөөд өнөөдөр намын үзэл баримтлал, үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулна. Дүрмийн төсөлд Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүний тоог одоо 228 байгааг 48-аар нэмж, 296 болгохоор төлөвлөсөн байна. Мөн Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүний жилийн хандивыг тав дахин өсгөж, таван сая төгрөг болгохоор заажээ. Хандивыг нэмэх саналыг хурлын үеэр зарим гишүүд шүүмжилж байсан юм. Үүнээс гадна намын дотоод сонгууль буюу Үндэсний Зөвлөлдөх Хорооны чөлөөт гишүүдийг хоёр жил тутамд 50 хувийг нь сэлгэх заалтыг дэмжихгүй байгаагаа гишүүд илэрхийллээ. Үндэсний Зөвлөлдөх Хороо байх ёсгүй гэсэн саналыг ч хэлж байв.

Түүнчлэн “Намын дарга УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулж байгаа нь буруу, тийм учраас намын даргын эрх мэдлийг тодорхой хүрээнд хязгаарлах ёстой” гэсэн байр суурь илэрхийлж байлаа. Мөн Ардчилсан нам Төрийн эрхэнд байх үед сайд, дарга нарыг томилохдоо Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүдэд давуу боломж олгож байгааг дүрэмдээ хязгаарлах ёстой гэж тус намын зарим гишүүд үзэж байна. Түүнчлэн намын гишүүдийн чадвар, үүрэг хариуцлагад илүү анхаарах ёстойг зарим төлөөлөгч онцолсон юм.

Ардчилсан намын их хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Үндэсний Зөвлөлдөх Хорооноос баталсан ч зарим төлөөлөгч намын даргыг томилох асуудлыг яаралтай хэлэлцэх санал гаргалаа. Үүнээс өмнө Үндэсний Зөвлөлдөх Хорооны хурлаар намын даргыг сунгаанаар тодруулахаар санал нэгдээд байсан юм. Ардчилсан намын их хурлаар өнөөдөр шинэ дүрмээ эцэслэхээр байна.