“Snap Inc.” хувьцаагаа анхдагч зах зээлд гаргахдаа “Nasdaq”-ийг биш Нью Йоркын хөрөнгийн биржийг сонгожээ

Anu Harchu
2 min readFeb 1, 2017

--

“Snapchat” апп-ийн толгой компани “Snap Inc.” Нью Йоркын хөрөнгийн бирж дээр IPO гаргахаар төлөвлөж байгаа талаар дотоод эх сурвалж мэдээллээ. АНУ-ын Үнэт цаасны хороонд IPO гаргах хүсэлтээ аль хэдийн хүргүүлээд байгаа “Snap Inc.” энэ долоо хоногт хувьцаагаа анхдагч зах зээлд хэрхэн гаргах мэдээллээ дэлгэх хүлээлттэй байгаа юм. “Facebook” 2012 онд IPO-гоо “Nasdaq” бирж дээр гаргахад арилжааны согог үүсч байсан. Ингэснээр үүнээс хойш “Twitter”, “Alibaba” зэрэг технологийн компаниуд “Nasdaq”-аас илүү Нью Йоркын хөрөнгийн биржийг сонгож байгаа.

“Walgreens Boots Alliance” компани “Rite Aid” корпорацитай нэгдэх хэлцэл монополийн эсрэг хуультай зөрчилдөж байж магадгүй болсонтой холбоотойгоор хэлцлийн үнийн дүн хоёр тэрбум ам.доллараар буурсан байна. АНУ-ын Засгийн газрын зөвшөөрлийг авахын тулд нэгдэн нийлэх ажиллагаанд хамрагдах дэлгүүрүүдийн тоог ийнхүү цөөлөх болжээ. 2015 онд хоёр компани нэгдэж байгаагаа зарлахад “Rite Aid”-ийн нэгж хувьцааг “Walgreens” есөн ам.доллараар буюу нийт компанийг 9.4 тэрбум ам.доллараар үнэлж байсан. Одоо нэгж хувьцаанд 6.5–7 ам.доллар төлөх болсон нь хэлцлийн нийт үнийн дүнг 6.84–7.37 тэрбум ам.доллар болгож байна.

Үүрэн холбооны “Vodafone” групп Энэтхэг дэх нэгжээ “Idea Cellular” компанитай нэгтгэхээр хэлэлцэж эхэлжээ. Ингэснээр Энэтхэгийн үүрэн холбооны хамгийн том компани бий болно. “Idea Cellular”-ийн удирдлагын багцыг эзэмшигч “Aditya Birla” групптэй хийж буй хэлцлийн хүрээнд “Vodafone” юун түрүүнд Энэтхэгийн нэгжээ бие даасан компани болгох шаардлагатай юм байна. Гэхдээ нэгдсэн компанид хоёр тал ижил саналын эрхтэй байна. “Idea” 2007 онд IPO гаргаснаас хойш ханш нь 29 хувь өсөж, зах зээлийн үнэлгээ нь таван тэрбум ам.долларыг даваад байгаа юм. Харин энэ хугацаанд “Vodafone”-ийн ханш 4.1 хувь өссөн.

--

--

Anu Harchu

Content Creator w/ 10+ years of experience in news broadcast television and publishing pivoting into Sustainability (ESG) in telecommunications & technology.