Достоевскийтой уулзсан минь

Otgonjargal Amarjargal
Book Quotes Mongolia
3 min readMar 8, 2020

--

Гоо сайхан ертөнцийг аварна гэдэг үгийг анх сонсохдоо хэдтэй ч байсан юм дээ, сайн мэдэхгүй юм. Гэхдээ ямартай ч эмэгтэй хүнийг хэлж байна гэж ойлгоод өөрийгөө охин хүүхэд шүү дээ надад мэдээж бүтэн дэлхийг биш юм аа гэхэд ганц хүний ертөнцийг аврах хүч байгаа гэж итгэж байсан гэвэл арай худлаа ч өөрийгөө хөөрхөн гэж эсвэл хөөрхөн байх ёстой гэж анх удаа бодсон байх шүү.

Ном утга зохиолд “дурласан” хүний хувьд надад өөрөөрөө бахархаж явдаг хэдхэн л юм байдаг юм. Тэр нь Акутагава, Достоевский хоёрыг өөр хэнээр ч хэлүүлэлгүй өөрөө олж авсан минь. Тэрэндээ ч юм уу энэ хоёр зохиолч миний хувьд бурхан л гэсэн үг.

sorry hhA

Өнгөрсөн онд, ингэж хэлэхээр догь байна л даа, үнэндээ хэдхэн сарын өмнө би гэнэтхэн шинэ оноор Орост аялах шийдвэр гаргасан юм. Их хөнгөн шийдсэн шүү. Юу юу ч тодорхойгүй, баталгаагүй тийм шийдвэр. Магадгүй миний гаргаж байсан хамгийн тэнэг шийдвэр байх. Гэхдээ л харамсахгүй байна. Үр дүн нь ямар ч байлаа би шүтээнтэйгээ уулзаж чадсан.

Анх найз маань Москва явах санал тавихад би хэрвээ би орос явбал Санкт Петербург л орно гэж зөрсөөр аяллаа долоо хоногоор уртасгаад “Үхэхээсээ өмнө Эрмитаж үзнэ” гэсэн мөрөөдлөө биелүүлэхээр болсон юм. Нийт 12 өдөр автобус, галт тэрэг, онгоц, метро, троллейбус, трамвай хольж аялахдаа сайн муухай олон зүйлтэй таарсан. Тэр болгон нь ч чимэг болсон байх. Нийт аяллынхаа тухай дараа тусдаа бичвэр оруулна аа.

Ямартай ч аяллын минь highlight хайрлаж явдаг зохиолчийнхоо уран бүтээлээ туурвиж, аж төрдөг байсан гэрт музейтэй нь танилцсан минь болсон. Бүх барилга нь уран зураг шиг, эртний сайхан хэв маягаа авч үлдсэн Санкт Петербург хотын төвөөс гурван гудамны зайтай, таван давхар орон сууцны булангийн хаалган дээр “Музей Достоёского” гэсэн самбар хаджээ. Орж үзэхэд 250 рубль. Итгэж байна уу? Оюутан байхдаа өмхий тахимд өөрөөсөө гадна хорин настай дөчиөд залуустай агаар булаацалдан лекц сонсож суухдаа ханцуйгаараа нууж уншдаг байсан тэр зохиолчийн суудаг байсан дүүжин сандал, гудмаар уйтгарлаж алхаж орж ирээд хүрмээ тайлж өлгөдөг өлгүүр, малгайгаа тавьдаг тавиурыг ердөө нэг бик мактэй тэнцэх мөнгөөр орж үзсэн.

Достоёвский кузнечный переулокт байх энэ түрээсийн байранд уран бүтээлийнхээ эхэн үед буюу 1846 онд хэсэг амьдарч байгаад, сүүлд 1878 онд бага хүү нь өвчнөөр өөд болсны дараа дурсамж нь дүүрсэн байшингаа сэлгэх хэрэгтэй гэж үзээд хуучин байрандаа нүүн ирж, 1881 онд таалал төгстлөө эхнэр гурван хүүхдийн хамт амьдарч, уран бүтээлээ туурвижээ.

Музейн нэг давхарт түүний дурсгалд зориулсан фото зураг, гар бичмэл, нэг хоёр уран баримал бүхий үзэсгэлэнтэй, харин хоёр давхарт түүний амьдарч байсан орон сууц нь тэр чигээрээ хадгалагдаж үлджээ.

Метрогоо олохгүй тойрч будлиж явсаар байгаад хаахаас нь нэг цагийн өмнө очиж үзсэн болохоор үзэсгэлэнг нь ер нь шавдуухан хараад хараад өнгөрсөн. Гэр музейг нь харин удаан гэгч нь тойрч үзсэн. Хэчнээн сайн арчилж тордсон ч байшин нь бүтэн зуун жилийн өмнө баригдсан болохоор цаанаа л нэг бүүдгэр, умгар мэдрэмж төрүүлсэн. Зохиолчийн өөрийнх нь бичгийн өрөө хаалттай, зөвхөн гаднаас нь л харах боломжтой байсанд жаахан сэтгэл дундуур байсан ч эхнэр Анна Григоревнагийн ажлын өрөө, хүүхдүүдийн өрөө, зочны болох зоогийн өрөө бүгдэд нээлттэй. Гагцхүү спичк асааж зураг авч болохгүй, гэрэл муутай байсан болохоор зураг авах үед утас автоматаар спичкээ асаагаад, орос эгчийн зэмлэнгүй харцтай нүүр тулаад авсан. Музейгээс гарах үед доор нь жижигхэн лангуун дээр хөргөгчний соронз, зурагт хуудаснуудыг 60–200 рублийн үнэтэй арилждаг юм билээ. Утсаа эвдээд хамаг мөнгөөрөө засуулчихсан болохоор харамлаж, харамлаж ганц соронз,ганц зурагт хуудас авсан ч ирээд эгчдээ булаалгачихсөөн.

Уг зохиолчийн бүтээл, туурвилд дуртай, үнэлдэг хүн бүр очиж сонирхвол зохилтой газар шүү. Миний таамаглаж буйгаар энэ байрандаа Ядуу хүмүүс /1846/ , Ноён Похарчин зэргээ бичсэн бол, суут бүтээлүүдийнх нь оргил гэгддэг Ах дүү Кармазовын хөвгүүдийг /1880 / энэ байрандаа нүүж ирэхээс нь өмнөхөн нас барсан хүүгийнхээ дурсгалд зориулан бичиж дуусгасан байдаг.

--

--