Мунхагийн амьдрал агаад гүн харуусал :Акүтагава Рюүносүкэ

Otgonjargal Amarjargal
Book Quotes Mongolia
4 min readFeb 15, 2020

--

”Найз, Күмэ Масаод

Би энэхүү гар бичмэлийг нийтлэх эрх болоод хэзээ, хаана хэвлүүлэх шийдвэрийг чамд итгэн үлдээе гэж бодлоо. Чи энэ гар бичмэлд гарах бараг л бүх хүмүүсийг таних болов уу гэж тунгаана. Гэхдээ чи үүнийг хэвлүүлэхээр болсон тохиолдолд уг хүмүүсийн талаар тэмдэглэн бичихгүй байгаасай гэж хүснэм.

Би одоогоор хамгийн гунигтай жаргал дундаа амьдарч байна. Гэсэн ч хачирхалтай нь надад ямар ч харуусал алга. Би зөвхөн над шиг муу нөхөр, муу хүү, муу эцэгтэй байсан тэр хүмүүст л гүнээ харамсана. Ингээд хагацая даа. Би уг бичмэлдээ бага ч болтугай ухамсартайгаар өөрийнхөө тухай танилцуулах гэж хичээгээгүй.

Эцэст нь гэхэд яагаад чамд л энэ бичмэлээ даатгасан бэ гэвэл чи намайг хэн хүнээс илүү мэдэх нэгэн гэж бодож буй болохоор тэр юм шүү. Би хотын соёлжсон хүний арьс нөмөрсөн нэгэн мөн ч бай биш ч бай уг бичмэлд гарах миний мунхаг байдлыг л шоолон инээгээсэй гэж хүсье.

Акүтагава Рюүносүкэ

1927.06.20 ”

Гэсэн богино зурвасаар Рюүносүкэгийн амьдралынх нь сүүлчийн өдрүүдэд бичигдсэн “Мунхагийн амьдрал” буюу 或阿呆の一生 гэх намтарчилсан өгүүлэл нь эхэлдэг. Уг өгүүлэлдээ зурвасдаа дурьдсанчлан ухамсартайгаар өөрийнхөө амьдралыг нэг нэгэнгүй хүүрнэх гэхийн оронд эргэн тойрных нь зүйлс, хүмүүс, дотоод ертөнц нь түүнд яаж нөлөөлж, юмсыг хэрхэн харж мэдэрснээ, өөрт хоногшсон хэсэгхэн мөчөө бичсэн — үйл явдал, түүх дурсамжаас илүүтэйгээр мэдрэмжийн тухай өгүүлэл болов уу хэмээн уншигч миний зүгээс дүгнэгддэг юм.

Энэ намтарчилсан өгүүлэлийнх нь дараахан түүнд юу тохиолдсоныг түүний зохиол бүтээлийг унших дуртай хүмүүс бүгд мэдэх бизээ. Амиа хорлолт.

Яагаад тэр вэ?Яагаад гэвэл түүнд түмэн асуудал нуугдаж байх шиг. Эх нь түүнийг төрүүлснийхээ дараа солиорох өвчинд автаж, эцэг нь байсан хэдий ч өөрөө нагац ахдаа үрчлэгдэн өсөж ториносон ч эргэн тойрноо үзэн ядах сэтгэл зүрхэнд нь бугширч эхлэсэнээс үү. Хамгийн гол нь эргэн тойрноо, эцэг, эхээ, ядуу буурайгаа үзэн ядаж буй өөрийгөө хамгийн ихээр үзэн яддаг байснаа “Дайдожи Шинсүкэ — түүний багын он жилүүд” өгүүлэлдээ дурьдсаныг юу гэх вэ. Энэ бүхний үндэс суурь ахлах сургуульдаа ч хүүхдүүдэд дургүй, найз нөхөд ч цөөхөн, хүмүүст итгэдэггүй зожиг жаал байснаас гэж үү. Багаасаа хайрлаж явсан эмэгтэйтэйгээ суух гэтэл гэр бүлийн эсэргүүцэлтэй ч тулгарч байсан удаа буй шүү дээ. Энэ үед харууссан тухайгаа ч мунхагийн амьдралдаа буулгажээ. Ингээд анхны хайртайгаа биш ч нэгэн бүсгүйтэй суусан ч түүнийгээ бүрэн хайрлаж чадаж буй эсэхдээ эргэлзсээр л. Хүүхдээ төрөхөд тэр юу бодов оо ? “Ийм харгис ертөнцөд чи яах гэж мэндэл вэ?Зовж зүдрэхээс өөрийг мэдрэхгүй шүү дээ. Яах гэж чи над шиг муу эцэгтэй болж төрөв өө. . .”

Хүүгээ төрөхөд дотроо бодсон уг бодол нь үнэндээ өөрийнх нь амьдралтай яг тохирч байсан гэвэл хилсдэхгүй болов уу. Зовлон зүдгүүр түүний амьдралаас үнэхээр салсангүй. Зохиолч, багшийн орлогоор тэр юу олж шалих вэ. Эхнэр, гурван хүүхдээ арай ядан тэжээх зуур эгчийнх нь гэр шатаж, үүний дараагаар нөхөр нь амиа хорлов. Ингээд эгчийгээ болон түүний хоёр хүүхдийг асарч хамгаалах гэсэн асуудал Рюүносүкэгийн нуруун дээр улам л хүнд ачаа болон нэмэгдлээ. Тэр энэ бүхнийг давж гарахыг хүссэн ч харж суухаас өөр чадал түүнд байгаа бил үү гэсэн бодол дотрыг нь эзэмдээгүй гэж үү.

Анх удаа нутгаасаа гарч Хятад орныг зорин, ажил төрлөө дээшлүүлэхийг хүссэн ч маш их өвчин зовиурыг өөртөө тээн гэртээ буцаж ирэв. Энэ л түүний зовлон, цөхрөлийн тухай бодлыг улам зузаалсан болов уу хэмээн уншигч миний бие таамаглана.

Өөрийгөө сул доройгоор мэдрэх, үзэн ядах . . . хэрэгцээгүйгээр мэдрэх . . . өдөр болгон өвдөж шаналах . . . унтаж ч чадахгүй байх . . . өнгөрсөн гунигт амьдралаа ухраан бодох . . . ирээдүйгээ олж харахгүй байх . . . энэ бүхэн хэнийг ч үхэл рүү дуудахгүй гэж үү.

Мунхагийн амьдралд тэр бичнэ.

Эхнэрийнхээ найзтай платоник холбоосоор анх удаа амиа хорлох алхам хийх гэж оролдохдоо ийн хэлнэ :Би үхэхийг хүссэн юм биш ээ. Амьдрахаас л залхсан юм.

Тэр мөн бурхдыг амиа хорлолттой холбон ёжилж байлаа :Бурхад бидэнтэй адил амиа хорлож чадахгүй нь л гунигтай юм.

Залуу оюутан Рюүносүкэгээс асуух ажээ : Хийж бүтээхийг хүснэ гэдэг амьдрахыг хүсэхийн нэг хэсэг биш гэж үү. Гэвч Рюүносүкэ бодсоор л. Амиа хорлолт л түүнд үүрдийн амар амгаланг авчрах мэт.

Эцсийн эцэст утга зохиол ч хүн болгоны зүрх сэтгэлийг татаад байдаггүйг тэр мэдэж байсан тул өөрийнх нь хийж бүтээхийг хүссэн зүйлийг өөр шиг нь хүмүүс болоод, өөрийнх нь туулсантай адил замаар явж үзсэн хүмүүс л ойлгоно гэж бодож байв.

“Мунхагийн амьдрал”-д тэрбээр эцсээ хүртэл гунигт бодролыг тээсээр, амиа хорлохуйг өөрөөсөө нэхэн асуусаар сүүлийн бүлэгт гүн харууслаа хүлээн, ялагдлаа өчив.

51. Ялагдал (Мунхагийн амьдрал — сүүлчийн хэсэг)

Үзэг барьсан гар нь салгалж, шүлс нь гойжиж эхлэв. Вероналыг 0.8 гм-аар хэрэглэсэн үедээ л түүний толгой эрүүл саруул байв. Гэсэн ч ийм байдал нь 30 минут эсвэл 1 цагаас хэтрэхгүй. Залуу ердөө л бүрхэг харанхуйн дунд уг амьдралыг туулж байлаа. Зүйрлэвээс холтос шиг болж буй нарийхан сэлэм шиг л хөсөр хэвтэнэ.

Энэ бүхний адагт дүгнэхэд өвчин л түүний саруул ухааныг аваад одчихлоо доо гэсэн шаналант бодол надад төрнө. Хэчнээн зовж зүдрэвч тэрбээр Вольтер шиг өөдрөг байхыг, ядахнээ Бурханд хүртэл итгэхийг эс оролдсон гэж үү. Тэр өөрийн хэлсэн шигээ эртний грекийн домгийг мартан түүнд аз жаргалыг бэлэглэсэн далавчтайгаа наранд ойрхон явахыг хүссэн гэж үү. Ердөө л газар дээр алхаж буйдаа ч баяртай байгаагүй гэж үү.

Бие махбодийн өвдөлт зүрх сэтгэлд нь шингээд, оюун бодлыг нь булингартуулж цөхрөлийг түүнд авчрав хэмээн бодно. Хэдий ийм байж болох ч биеийн өвчин үгүй гэж төсөөлөхөд сэтгэлийн зовиур арилна гэж үгүй тул эцсийн үр дүн нь адил дуусах байсан эсэхийг бид хэзээ ч мэдэж чадахгүй биз ээ.

Гэсэн ч Акүтагава Рюүносүкэ бол Японы хамгийн агуа зохиолчдын нэг байсан гэдэг үнэнг цаг хугацаа ч балартуулж чадахгүй гэж өчүүхэн миний бие найднам. Онцгой тохиолоор луу жилийн, луу сарын, луу өдрийн, луу цагт төрсөн энэ эрхэм Токиогийн эзэн хааны их сургуулийг дүүргэж, залуу цагтаа маш олон бүтээлийг тууриван, Нацүмэ Соүсэкид сайшаагдаж, үхэн үхтлээ бичсээр гучин тавхан насандаа амь эцэслэснийг өнөө цагийн уншигчид бид санан дурсаж явах ёстой болов уу.

Мунхагийн амьдралыг уншаад түүнийг шоолон инээхээсээ илүү түүнтэй цуг гүнээ харуусах ажээ. Муу эцэг, муу эр нөхөр, муу хүү байсан гэж үзээд түүний өмнөөс гүнээ харуусна. Харин мунхаг явсан л гэж хэлж чадахгүй нь.

Амгалан нойрс доо Акүтагава Рюүносүкэ.

Тэмдэглэлийг бичсэн : Bookquotesmongolia

--

--