Технологи анхдаг ч уу? Хэрэгцээ анхдаг ч уу?

Өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу? Мэдээж та өндөг гэсэн хариултыг их сонсож байсан байх, мөн тахиа гэсэн хариултыг ч их сонссон байх. Үүнтэй адилаар мэдээллийн технологи эрчимтэй хөгжиж буй 21-р зуунд ТЕХНОЛОГИ АНХДАГ Ч УУ, ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА АНХДАГЧ УУ? гэсэн асуулт гарч ирж болох юм. Өөрөөр хэлбэл биднийг технологи хүрээлчихэв үү, бид технологиор хүрээлүүлчих үү? Хариулт нь ямар байх нь хамаагүй. Гэхдээ хувь хүн, албан байгууллага, улс үндэстэн бүгд л технологиос хамааралтай болж байгаа нь илт юм.
Би ч мөн адил технологиор хүрээлүүлэн амьдарч байна. Өглөө сэрүүлгэний дуунаар сэрж, орой утас түгжигдэх чимээнээр унтах хүртлээ гар утас, компьютер гэсэн төхөөрөмжүүдийг ашиглан интернэт гэх орчинд бүтэн өдрийг зарцуулж байна. Тиймээс мэдээллийн технологи бидний харилцаанд болон бизнес эрхлэгчдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар өөрийн бодлыг бичье.
Хүмүүсийн харилцаан дахь технологийн нөлөө

Гар утас, суурин утас бий болохоос өмнө хүмүүс хоорондоо мэдээлэл солилцох гэж асар их цаг хугацаа зарцуулдаг байсан. Өөрөөр хэлбэл Улаанбаатараас Дархан аймагт байгаа хүнд мэдээлэл хүргэхийн тулд бараг л 2–3 хонодог байсан гэхэд буруудахгүй байх. Технологийн ачаар энэ асуудал шийдэгдэж хүмүүс хоорондоо ямар ч хугацааны алдагдалгүйгээр мэдээлэл солилцдог болжээ. Өнөөдөр, харилцаа холбооны технологийн улам хөгжснөөр буюу Facebook, WhatsApp, Viber, … гэх мэт аппликейшнууд гарч ирснээр хүмүүс хоорондоо орон зайнаас үл хамааран чатлах, дүрс дүрсээ харж ярих бүр цаашлаад сонирхолтой байлгах үүднээс элдэв emoticon ашиглах нь элбэг болжээ.
Ирээдүйд ч мөн адил Virtual Reality /VR/ технологийг ачаар харилцаа холбооны салбар хөгжих буюу хүмүүс дэлхийн хаанаас ч хоорондоо харьцсан нэг газар суугаад ярьж байгаа мэт мэдрэмжийг авах боломжтой болох нь ээ. Хэдий тийм ч технологи нь хүмүүсийн амьд харилцаанд сөргөөр нөлөөлж байгаа билээ.
Бизнесийн орчин дахь технологийн нөлөө

Технологи хөгжихийн хэрээр хүн төрөлхтөн өмнөхөөсөө илүү залхуу, илүү тэвчээргүй, илүү хурдан шийдвэр гаргадаг болж байна. Энэ нь хүмүүс бизнес эрхлэгчдээс илүү сайн үйлчилгээг, илүү хямд үнээр, илүү хурдан хугацаанд авахыг шаарддаг болсон гэхэд буруудахгүй. Өнөөдрийн нөхцөл байдалд, бизнес эрхлэгчид хэрэглэгчийнхээ, харилцагчийнхаа хэрэгцээг хангаж ажиллахын тулд технологийг ялангуяа мэдээллийн технологийг өөрийн бизнесийн үйл ажиллагаатай хослуулан ашиглахаас өөр аргагүй болж байгаа юм. Өмнө нь зөвхөн томоохон, мөнгөтэй байгууллагууд л мэдээллийн технологийг ашиглаж чаддаг байлаа. Учир нь өндөр хөрөнгө оруулалт, мэргэшсэн инженер, найдвартай үйл ажиллагааг шаарддаг байсан болохоор мөнгө багатай жижиг дунд бизнес эрхлэгчийн хувьд мэдээллийн технологи ашиглана гэдэг нь бараг л хар дарсан зүүд байсан гээд хэлэхэд хэлсдэхгүй. Гэсэн хэдий ч харилцагч, хэрэглэгч нь чанартай, найдвартай, хурдан, хямдхан үйлчилгээг нэхсэн хэвээр л байгаа, цаашид ч мөн адил нэхсээр л байх болно.
Азаар мэдээллийн технологийн хурдацтай хөгжиж, үүлэн шийдлүүд /Cloud solutions/ бий болсноор том жижиг гэлтгүй бүхий л бизнес эрхлэгчд ижил түвшин өрсөлдөх таатай нөхцөл бүрдэж байгаа гэхэд буруудахгүй. Өөрөөр хэлбэл өндөр зардал гаргахгүйгээр мэдээллийн технологийг бизнестээ ашиглаж, түүн дээрээ анализ хийж, бизнесийн үр бүтээмжээ улам сайжруулах боломжтой болсон юм.
Ирээдүйн мэдээллийн технологийн хөгжилд, хувьсалд IoT, Big Data, AI, Robot гэх мэт хүчин зүйлс хүчтэй нөлөө үзүүлнэ гэж олон эксперт, мэргэжилтэн, хүмүүс итгэж байгаа юм. Та ч гэсэн эдгээр нэрсийг ирээдүйд илүү их сонсож, амьдралдаа ашиглах нь гарцаагүй ээ.

Миний бодлоор мэдээллийн технологийн хөгжил, хүн төрөлхтний хэрэгцээ шаардлага нь ирээдүйд бий болох шинэ инновациуд, шинэ хувьсалуудтай салшгүй холбогдох юм.
Магадгүй 9 сарын 12 танилцуулах Apple-ийн шинэ утаснууд, мөн 10 сарын 9-нд танилцуулах Google-ийн шинэ утаснууд нь бидний амьдрал цоо шинэ хэрэгцээ шаардлагыг бий болгох, эсвэл бидний хэрэгцээ шаардлагад нийцсэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах нь дамжиггүй юм.
