Гуниг хайн ирсэн нь

Libraro
Libraro
2 min readAug 7, 2023

--

Өглөөний зургаан цагт огт унтаагүй мэт нүдээ нээн сэрж, шөнө яаж унтсан яг л тэр байрлалдаа өөрийгөө байгааг анзаардаг, хоол халбагадаад амандаа хийсэн ч амтыг нь мэдэрдэггүй, инээдэггүй, уйлдаггүй, өмнөх өдрүүд шигээ сэтгэлээр унадаггүй. Хөдөлдөг, алхдаг, хэдэн үг амнаасаа унагадаг “хөшөө” болчихсон мэт тийм үе нэг удаа тохиож билээ. Сэтгэл гутрал хүндэрснийг ойлгоогүй боловч энэ л үед анх удаа гуниглахаас айж үзсэн. Амьдралын хий хоосон, утга учиргүй байдал, түүний тухай санаашрал, мөн чанарын тухай эргэцүүлэл, эдгээрээс мэдэрдэг байсан гунигтаа дургүйцэх нь байтугай, зарим үед үгүйлэн санадаг байсан надад гэнэт л айдас мэдрэгдсэн. Мэдрэмжээ, амьдралаас авдаг таашаалаа алдаж эхэлсэн тул зогсоож чадахгүй бол, хэтэрвэл гэсэн айдас үргэлж л хамт явдаг болчихсон. Ингээд би өөрөө ч мэдэлгүй тултлаа гуниглахаас, тултлаа хий хоосныг мэдрэхээс, тултлаа утга учиргүйг ургуулан төсөөлөхөөс эмээдэг болчихсон. Дуу сонсохоос, кино үзэхээс, уран зохиол уншихаас, тэдгээрээс үүдэх мэдрэмжээс айдаг болчихсон. Тухайн үед эдгээрийг өөрөө ч сайн ойлгодоггүй байв. Зургаа, долоон жил өнгөрчээ.

Харин өнөөдөр ганцаардахаас айдаг болсноо ч ухаарав. Гунигтаа хайртай гэмээр нандигнан үздэг байсан би түүнээсээ эмээдэг болсон ч ганцаараа байхаас, ганцаардахаас огт зугтаж үзээгүй байв. ‘Өөртэйгөө байж чадахгүй хүн бусадтай ч байж чадахгүй’ хэмээн боддог, уйтгартай уйтай үеүд бий боловч ганцаардаж үзээгүй, өөрөө өөртөө хэзээд хань болж чадна хэмээн итгэдэг байсан минь гурван жилийн өмнөх явдлаас хойш ердөө л өөртөө итгүүлэн хэлдэг хоосон үг төдий болчхож. Тэр үед хайр дурлалаас болж анх удаа шархлаад хэдэн сар огт инээлгүй явж билээ. Амьдрал хажуугаар минь урсан өнгөрч, бодол сэтгэлээ захирч дийлэхгүй, өөр зүйлд төвлөрөх чадваргүй болоод сэтгэлээ онгойлгохоор толгойгоо өвдтөл уйлдаг ч дотор хэзээ ч цэлмэдэггүй байв. Уулзсан хүмүүс “өвдчихсөн юм уу” хэмээн асууцгааж, уншиж байгаа номынхоо хуудсыг хоёр дахаа давтан харах боловч дахиад л бодол минь тэнэж юу ч ойлгоогүйгээ ухаарна. Үүнээс хойш би ганцаардахаас ч айдаг болжээ. Мөн чанартаа хүн бүхэн сайн сайхан гэсэн гэнэн нүдээр хорвоог харж амьдрахаар хичээхээ ч больсон байна. Өөрийн дуртай, өөрийнхөө хайртай “өөрийгөө” би нэгэнт алдсан бололтой. Амьдрал богинохон атлаа урт шүү дээ, одоохондоо амьдраад л байхаас.

Өглөөнөөс хойш сэтгэл дараад, нүдэнд нулимс цийлгэнүүлээд байсан бодлууд минь энийг бичихтэй хамт намдав. Манилад гэнэт бороо асгарч, тэнгэр цочтол хүрхрэн дуугараад, гудамны гэрлүүд асаж өдөр дууссаныг зарлалаа. Одоо л нэг гүн амьсгаа авч чадахаар болов. Өөртөө цаг хугацаа олгохоор, бүхнээс холдохоор, өнөөх гуниг ганцаардлаа эрэн хайхаар ирсэн шүү дээ. Шийдэл, гарах гарц хайхгүй ээ. Зүгээр л “Сайн уу? Гуниг минь” хэмээн мэндэлье.

230807

--

--