Libraro
Libraro
Published in
2 min readMar 20, 2023

--

Миний итгэдэггүй хүмүүс

Эго өндөртэй, өөрийгөө бусдаас ямар нэгэн талаараа илүү гэж үздэг, өөрийнхөө зөвийг бусдад тулгадаг хүмүүст би итгэдэггүй ээ. Тэдэнд би дургүй биш, зүгээр л итгэдэггүй.

Шаналж чаддаггүй, гуньж мэддэггүй, уйтгарлаж гансардаггүй тэгээд ганцаараа байж тэсдэггүй хүмүүст би бүр ч итгэдэггүй.

Хэлсэн үгүүд нь хоорондоо зөрчилдөөд байвал итгэхгүй ээ. Өмнөхөө мартчихаад дараагийнхаа ярьж явдаг тэр хүмүүс худлаа ярьдаггүй байх, зүгээр л хөнгөхөн бодолтой, үгүй юм аа гэхэд хуумгай сэтгэлээр ярьж байгаа хэрэг. Тийм хүнд хэрхэн итгэх билээ.

Өө бүр, өөрөөсөө ичдэггүй, өөрөөсөө эмээдэггүй, өөрийгөө хуурдаг хүмүүст үү?

2020.3.21

Хэн нэгнийг дурсаад л дээрхийг бичсэн хэрэг. Хүмүүсийг хараад итгэж болох, болохгүйн талаар огт боддоггүй мөртлөө, өөрөө ч ойлгоогүй “Чи итгэж болох хүн биш” гэдэг үгийг яагаад тэгтэл олон хэлснээ, хэлсээр атлаа итгэчихсэн явснаа санаад бичсэн юм. Бусдыг харахдаа бид өөрөөрөө л хардаг. Ном уншихдаа өөрийгөө л уншдаг. Хөгжим сонсохдоо өөрийгөө л сонсдог.

Хууран мэхлэнгээ цэвэр ариухан, цовоо сэргэлэн амьдарч буй, аль бөгөөс амьдарч чадах итгэл үнэмшлээр дүүрэн хүн гээчийг л үл ойлгоно.
Ай, итгэл гэдэг нүгэл юм уу?
~ Дазай Осамү “Хүн байх эрхгүй”

ИТГЭЛ…

Итгэл гэдэг хязгааргүй олон янз, энд би нэгэнт хүнд итгэх талаар бичиж эхлэсэн бололтой.

Өөрийгөө гомдоох, шархлуулах, шаналгах, зовоох эрхийг өгчхөөд, сул дорой, эмзэг тал бүрээ гарт нь атгуулчхаад хүний “сайн”-д итгэн суух. Тэр итгэл эвдэрвэл гомдох эрхгүй, хүнээ олж итгээгүй миний л буруу. Тэгэхээр итгэнэ гэдэг хэцүү. Ханаа нураах хэцүү. Тийм зоригтой байх бэрх.

Хэн нэгний “зүрх сэтгэлтэй” хүн гэдэгт нь, надаас илүүтэй “өөрийгөө хуурахгүй”, “өөрөө өөрийнхөө өмнө үнэ цэнтэй, сайн хүн” гэдэгт нь итгэх… Итгэл гэхдээ би үүнийг л ярьсан юм, хийсэн үйлдлүүд хэлсэн үгс түүндээ хүрсэн байдал бус боловсорсон зүрх сэтгэл.

Хүн бүр л чамайг зовооно, тэгэхээр зовоход хангалттай үнэ цэнтэй нэгнийг л олох нь чухал.

“Truth is, everybody is going to hurt you; you just gotta find the ones worth suffering for.” 
~ Bob Marley

Итгэхгүй байна гэсээр байгаад л итгэчихсэн байж билээ. Харин тэр итгэлийнхээ талаар бодох цаг иртэл аль хэдийн хугарчихсан…

Гэхдээ л … Сартрын “Үг” дээр нэг мөр байдаг даа. Би ч бас муухай л хүн юм. Тэр нь ч болж.

“Итгэл хэдий гүнзгий байлаа ч хэзээ ч дүүрэн байдаггүй.”
~ Жан Поль Сартр

2020.05.05

Гурван жилийн өмнөх энэ зургаа харахаар дээрхийг бичсэн тэр л үеийн мэдрэмж тэр чигтээ бууж ирэх шиг болдог. Одоо харин ганц л асуулт байна.

Амьдралд “өөрийгөө” хэрхэн хадгалан үлдэх вэ?

2023.3.21

--

--