Сахиусан тэнгэртэй учирсан хоёр хором

Libraro
Libraro
Published in
2 min readJul 18, 2022

--

Өчигдөр орой сахиусан тэнгэртэй таарлаа. Биедээ далавчгүй болохоор нисдэггүй, харин сэтгэл нь тэр дээр тэнгэрт явна лээ.

Хоёр эсвэл гурван настай л болов уу, нүүр дүүрэн инээмсэглэсэн жижигхэн охин. Сайн сайхан, гэрэл гэгээ, цэвэр тунгалаг бүхнийг надад санагдуулав. Өсөж томроод ямар хүн болох бол? Тэр цагаахан цаас энэ хорвоог туулахдаа цагаан өнгөний толбо ч үгүй үлдэж мэднэ. Гэвч, энэ цаг мөчдөө бол жинхэнэ сахиусан тэнгэр, дагина, хайр, өөрөөр юу ч гэмээр юм.

Мөрөө шүргэсэн үстэй тэр охин, жижигхэн биеэрээ өмнө минь тулж ирээд огтоос танихгүй миний нүүр өөд харж, шингэхэн, зөөлөн атлаа эрч хүч дүүрэн хоолойгоор “Хүн ээ” хэмээн дуудсан гээд бод доо. Өөдөөс нь инээмсэглээд “Сайн уу?” гэтэл, хоёр жижигхэн уруулаа томоо сунгаж инээгээд, бяцхан гараа уртаа алдалж хөлөөр минь шууд л тэвэрчихсэн. Ямар ч хатуу хайлмаар, ямар ч гуниг үргэмээр, ямар ч зовлон инээмээр. Гайхамшиг!

Нэгэн цагт би, ямар ч хүний дотор гэрэл гэгээ байдагт, тэртээ дор, сэтгэлийн мухарт нь дарагдсан “сайн сайхан” оршдогт итгэдэг байж билээ. Тэр л итгэл минь намайг амьд байлгаж, утга учиргүй хоосон энэ орчлон амьдрахаар үнэ цэнтэй газар хэмээн ятгадаг байв. Одоо харин би өөрийгөө ч танихгүй өөр хүн болжээ. Үүнийг л надад сануулахаар, сайн сайхан, гэрэл гэгээнд итгүүлэхээр тэр сахиусан тэнгэр надтай учраа биз ээ.

Дараа нь би тэнд зогсохдоо охиныг энд тэнд гүйхийг хэсэг ажиглаад бидний учрал төгссөн. Хамгаас цэвэр ариун, нандин, гэрэл гэгээтэй, тунгалаг санагдсан тэр жаалхан охин хамгийн муугийн дотор ч сайн сайхан оршдогийг өгүүлэх мэт…

“Хүүхэд бол цэвэр ариун умартал, шинэ эхлэл, тоглоом, өөрөө өнхөрдөг дугуй, эхний хөдөлгөөн, баталгаа болох ариун үг.”- “Заратустра” Фридрих Ницше (Орч: Б. Батаа)

Буйр нуур, 22.07.13

--

--