“Төгс тоо” Ёко Огава

Орч: Н. Өнөржаргал (©2022 Нил Паблишинг)

Libraro
Libraro
Published in
3 min readAug 29, 2022

--

“13” гэдэг тоонд хэзээнээс л хайртай байв. Тиймээс ч Тарковскийн тэмдэглэлд “Миний азын тоо 13 гэдгийг санав” хэмээн бичигдсэнийг хараад учиргүй догдолж билээ. Төгс тоо номд харин Энацү «1, 13, 28» тоонуудаас 28-г сонгодог. “13”-н тоонд хайртай болохоор ч юм уу анхны тоонуудад дуртай билээ.

Тоо гэдэг сэтгэлд ойр атлаа, зүрхэлж хардаггүй сэдэв байжээ. Сургуульд бол өөрт оногдсоноо хийчхээд л математикийн хичээлийг орхидог байв. Оролдож, оролдож бодсон бодлогын хариу харин сэтгэлд баяр хөөр, хангалуун мэдрэмж төрүүлдэг байсан санагдана. Хичээж сурсан минь үгүй ч, математиктай холбоотой асуудал гаралгүйгээр, дүн маань ч боломжийн сайн тэр л жилүүдийг үдэж. Иймээс миний хувьд тоо гэдэг төвөгшөөлгүйгээр сэтгэлдээ ойр дотно байлгасан ч түүртэж тэрнээс цааш хөл гишгээгүй их цөл байж.

Тиймээ би “байж” гэлээ. “Төгс тоо”-г уншаад л тоо гэдэг зүйлийн талаар, тоотой холбогдсон өөрийн дурсамжийг бодсон минь энэ. Харин цөл гэх үгийг тус номд тоог эзэнгүй цөлтэй зүйрлэснийг бодоод ашигласан юм. Өөрийн минь талаар бодуулдаг, өөрийгөө эргэцүүлэхэд хүргэдэг, мэдрэмж дурсамжийг минь тэмтэрдэг ийм л номуудад талархдаг. Тэгээд тэрхүү сэтгэгдлээ бичихийг хүсдэг билээ.

Өмнө нь би ер анзаардаггүй байв «ТОО ХЭЧНЭЭН ҮЗЭСГЭЛЭНТЭЙГ» Номын төгсгөл хэсэг хүртэл тоог үзэсгэлэн гоо гэхтэй таарахдаа би ер хүлээж авсангүй. Номоо хаагаад арын хавтсыг нь ширтэн суух уншигч миний сэтгэлд тоо гэгч гэнэтхэн “үзэсгэлэнтэй” болоод хувирах нь үнэхээр л математикийн эд хав уу? Эсвэл уран зохиолын ид шид үү? гэлтэй.

“Хүн үүсэхээс ч өмнө, дэлхий ертөнц бий болохоос ч өмнө тоо байсан юм.” -33

Дээрх эшлэлийг хараад би үнэхээр л зогтуссан. Номоо дэлгээтэйгээр нь ширтээд хэдэн хором бодсон. Эцэст нь энэ ухагдахууны үнэн худал, зөв буруу эсэх биш өнөөг хүртэл ийм бодол толгойд минь нэг ч төрөөгүйг л гайхав. Философийн ч гэмээр иймэрхүү асуудалд зөв хариунаас илүү олон талын санаа, үзэл бодол, шинэ гаргалгаанууд сонин байдаг даа. Математикийн тэр олон томьёо тэгшитгэлийг байг гэхэд хязгааргүйнх нь тухай бодоход л сүрдмээр. Гэтэл бас цаг хугацааг даваад хоёр тийш урсдаг хэрэг үү.

“Төгс тоо” номын үйл явдал, өрнөл нь голын ус намуухан урсах мэт. Эхнээсээ дуусах хүртэл сэтгэл зүрхийг аажуухнаар хаман одно. Харин энэ голыг юу ийм тунгалаг болгоно вэ? хэмээн бодохуй хүн хоорондын чин сэтгэл, хайр халамж, ёс суртахуун л гэж хэлмээр. Хурц тод өрнөлгүй энгийн түүхийг, хамгаас энгийн үгсээр уншигч миний тархиар урсгаж, зүрхэнд хүргэв.

Номд гурван гол дүр бий. 80 минутын ой санамжтай профессор бол өглөө бүрийн тэсэшгүй шаналан, урсах нулимсыг даван гараад инээж чаддаг хүүхдэд хайртай хүчирхэг оршихуй. Харин арван настай бейсболын шүтэн бишрэгч “язгуур” бол жаахан хүүхдээс гарамгүй их хайр энэрэл, хүнийг ойлгох сэтгэлтэй хүү. Тэр их хайр нь язгуурын тэмдэг адил бүгдийг дороо хучин багтаах мэт. Түүний ээж буюу тус түүхийг хүүрнэн өгүүлэгчийн хувьд чигч шулуун байдал, чин сэтгэл, ёс суртахууны үлгэр жишээ гэмээр эмэгтэй. Миний хувьд ийм л гурван дүр сүлэлдэн урссаар голын адагт хүрэхэд тунгалаг их усыг нь ширтэхдээ өөрийн дотор руу өнгийх шиг боллоо.

Эргэн тойрон, ахуй амьдралд хаа сайгүй л таарах тооны үзэсгэлэн гоог тогтож харсан минь үнэн. Түүнээс дутахааргүй гоо үзэсгэлэнг энгийн нэгэн түүхийн гурван баатраар сүлэн бичсэн нь математикийн эд хав уу? Эсвэл уран зохиолын ид шид үү? хэмээн дуу алдахад хүргэсэн билээ.

Эшлэлүүд:- Уур цухлынх нь цаана гүн гүнзгий айдас хургаж байх шиг санагдав.- Хүн чанар үгүй бол царай зүс, хэл усаар яах ч билээ.- Мөнхийн үнэн ил харагддаггүй, тиймээс чин үнэнийг эд зүйл, байгалийн үзэгдэл, бүр хүмүүсийн сэтгэл хөдлөлөөс ч олохгүй.- Энэ хүн амьдрах гэж яасан их хичээл зүтгэл гаргана вэ? Ямар их энэлэн шаналанг туулан байж инээмсэглэх хүч олно вэ?- Хүүхдүүд төрсөн өдрөө тэмдэглэх хэрэгтэй. Бялуу, лаа, алга ташилт, инээд хөөрөөс илүү багачуудыг аз жаргалтай болгох юм юу байх вэ? Ийм энгийн зүйлсэд баярлаж чаддаг нь үнэхээр гайхам шүү.

--

--