Хамгийн холын аян

Libraro
Libraro
3 min readMay 20, 2023

--

Таван сарын сүүл, хаялах цас, бүрсгэр тэнгэр, цонхоор харагдах дутуу баригдсан өндөр барилгууд, би гэртээ ганцаар… харахад хүйтэн ч сэтгэлд дулаахан юутай үзэсгэлэнтэй, юутай гунигтай өдөр вэ?

Гадаах гунигийг сэтгэлдээ мэдрэхийг хүсээд дэлгэцээ асаан суусан ч юу бичихээ мэдсэнгүй. Саяхан явсан аялалынхаа талаар бодвол харсан, үзсэн санаанд буухаас бус сэтгэлд мэдрэгдэх нь алга. Угтаа би зүүн өмнөд Азийн хэд хэдэн орноор хагас сар гаран явсан юм.

Ийнхүү бууж өгөөд уншиж буй номоо барьж, тэмдэглэж авна аа гээд нугалсан хуудаснуудаа эргүүлж ганц хоёр өгүүлбэр бичиж эхлээд дараах эшлэлийг харлаа.

Холын аянд явж үзээгүй атлаа хорвоог таньчихсан хүмүүс байдаг шүү дээ. (59-р хуудас “Хайрын дөчин дүрэм” Элиф Шафак)

Хорвоог таних хэмээх ойлголтыг “өөрийгөө таних”-тай зэрэгцүүлэн ойлгодог. Хол газар зорчиж, үзэж хараагүйгээ үзэх нь хорвоог танихад нэмэртэй гэдэгтэй огт маргахгүй. Харин хорвоог танихын хамгийн эхний алхам өөрийгөө таних хэмээн сэтгэвэл хамгийн холын аян гэдэг өөрийн дотоод руу хийх аялал билээ.

Дотоод сэтгэлдээ ганц ч алхам ахиагүй бол дэлхийн хаа ч очсон “харсан, үзсэнээс” хэтрэхгүй. Ихэнх үед хол зам, алс газар, танихгүй хүмүүс бидний дотоод ертөнцийг маань тэлж байдагтай маргахгүй ч хол газар очсон бүхэн энд ингэдэг, тэнд тэгдэг гэж ярихаас бус өөрийн ертөнцийг тэлээгүй байдаг нь харамсалтай.

Санаанаас огт гардаггүй, ой санамжаа дахин ухвал одоо ч биед мэдрэгдэхээр хоёр дурсамж надад бий билээ. 7 эсвэл 8 жилийн өмнөх хаврын орой хичээлээ тараад дотуур байр руугаа алхаж явахдаа тэнгэр ширтээд таг хөшиж билээ. Сургуулийн голд байдаг хиймэл нуурын хажуугаар явахдаа дээш харвал үргэлж манантай юу ч олж үздэггүй тэнгэрт хоёр гуравхан од харагдсан юм. Толгойноос хэвлий хүртэл хүйт гүйгээд өөрийн ямар өчүүхнийг санаж билээ. Гараг эрхэсийн тухай, хязгааргүй том орон зайн тухай олон удаа боддог байсан ч тэр үед биеэрээ мэдэрсэн минь энэ. Дэлхий хэмээх өчүүхэн цэг дээр өчүүхнээс өчүүхэн би амьдарч байна шүү дээ. Харин одоо би өөрийгөө саран дээр байгаагаар төсөөлөөд тэндээс би дэлхийг харж суувал амьдралд тулгараад байгаа асуудлууд хэчнээн жижигхэн, хэрэггүй санагдахыг мэдрэх дуртай. Хязгааргүй орон зайн дунд өөрийгөө мэдэрсэн минь энэ.

Харин дараагийн удаад Алтай таван богдыг зорин морьтой явахдаа дараахыг утсан дээрээ тэмдэглэн үлдээсэн билээ.

Энэ сүрлэг уулсын дунд, энэ цас мөсний оронд, цэцэгс дэлгэрсэн ногоон талд, голын шуугиан, салхины исгэрээнээс өөр чимээгүй энэ аниргүй нутагт дөрвөн улирал ээлжилсээр, зуу зуун жилд энэ л зун үргэлжилдэг гэж бодохоор…

Тэр л цэцэгс зун бүхэн дэлгэрээд, тэр л уулс зуун зуун дамжин ханхайсан аниргүй тэр нутаг… Гэтэл би зуу хүрэхгүй жил амьдраад энэ хорвоогоос ул мөргүй арилах билээ. Цаг хугацааны уртад өөрийгөө мэдэрсэн минь энэ билээ.

Хол газар, шинэ содон зүйлс, огт уулзаж байгаагүй хүмүүсээс илүүтэй одтой тэнгэр, уулсын дундах аниргүй миний хамгийн холын аяны нэг хэсэг болсон билээ.

Саяхан явсан аялал минь сайхан дурсамж үлдээсэн нь гарцаагүй үнэн. Харин тухлан суугаад бодож, мэдэрч чадаагүйгээс л аян зам минь зурагнаас өөр зүйлгүй үлдэж дээ.

Ингэхэд хамгийн холын аяны талаар бичиж байсан шүү дээ. Амьдраад л байна, амьдраад л байна. Бодох, мэдрэх, тунгаах цаг хугацаа үгүй бол, өөр дотроо ганц ч алхам хийгээгүй бол нэг л цэгтээ амьдраад байгаа хэрэг. Хэчнээн хол газар зорчин очлоо ч ялгаагүй хэмээн бодно.

Цонхоор тэнгэр ширтээд, өөрийгөө эргэцүүлэн бодоод, жаахан гунигтайгаа ганцаар суух, тэгээд замбараагүй бодлоо хаман бичих энэ цаг хугацаа миний хамгийн холын аяны нэг хэсэг болдогт талархнам.

--

--