“Learned Helplessness” Нөхцөл байдалд бууж өгөх нь

Libraro
Libraro
5 min readSep 2, 2022

--

Сэтгэл судлалаар сурч эхлээд хэрхэн үр дүнтэй суралцах талаар бодож мэдиум дээрээ Psych нэртэйгээр тусдаа хэсэг гаргасан ч юм бичилгүй олон сар болсон байна. Сонирхолтой туршилт, судалгаа, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлтүүдээс хуваалцах гэсэн юм. Хэрэгтэй, хэрэггүй зөвлөгөө, ингээрэй, битгий тэг, ийм харилцаанаас татгалз гэсэн зүйлс хуваалцахгүй ээ. Бүх хүнд тохирсон дүгнэлт, хүн бүрийн оршихуйг төлөөлсөн тодорхойлолт гэж үгүй билээ.

“Learned Helplessness”-г зарим эх сурвалжид “суралцсан аргагүй байдал”, Сэтгэл судлалын толь бичиг (Батсайхан ба Дэлгэржав, 2015)-т “тогтсон сул дорой шинж” гэжээ. Энд би “Learned Helplessness” гэдгээр шууд ашиглахаар шийдлээ.

“Learned Helplessness” нь тохиолдох муу зүйлсээс зайлсхийж чадахгүй нөхцөл байдалд өөрийгөө байна гэж үзэх буюу нөхцөл байдлыг өөрөө удирдах боломжгүй гэж бодсон тохиолдолд тэрхүү зүйлээс сэргийлэх оролдлого цаашид хийхгүйгээр, тухайн байдлыг хүлээн зөвшөөрөх үзэгдэл юм. Өөрөөр хэлбэл өвдөлт, шаналал, таагүй байдлаас ангижрах арга зам байсан ч түүнээс зайлсхийх үйлдэл хийхээ болино гэсэн үг. Тус ойлголтоор хүний зарим ойлгомжгүй зан үйл болон сөрөг үр дагавартай үйлдлүүдийг тайлбарладаг бөгөөд сэтгэл гутралтай холбоотойгоор авч үзэх нь элбэг байдаг байна.

Дараах жишээнүүдийг авч үзье.

  • Математикийн дасгал ажил, тестүүдийг бодохдоо муу хүүхэд тун удалгүй өөрөө яаж ч хичээсэн гүйцэтгэл нь сайжрахгүй гэдэгт итгэж эхэлдэг байна. Үүний дараа математикийн холбогдолтой ямар нэгэн даалгавар өгөгдөхөд “helplessness” мэдрэх буюу угаас өөрийгөө чадахгүй гэж бодсоноос оролдож үзэхгүйгээр бууж өгөх магадлалтай.
  • Олны дунд байх, нийгмийн харилцаанд орохдоо ичдэг хүн яваандаа өөрийгөө юу ч хийгээд нэмэргүй мэтээр мэдэрч болно. Ичих, эмээх тэрхүү байдлаа өөрөө удирдах боломжгүй санагдсанаар цаашид нийгмийн харилцаанд оролцох, олны дунд байхаас аль болох татгалзаж, өөрийгөө тусгаарлаж боломжтой.
  • Сэтгэл зүйн хүчирхийлэлтэй харилцааны хохирогчид энэхүү шинж тэмдэг илрэх нь элбэг. Хохирогч хүчирхийлэгчийг орхих, салах алхам хийхэд хүчирхийлэгч санаа тавьж, анхаарч эхэлдэг боловч цаашид өөрчлөгддөггүй, хохирогчийг явахаас сэргийлж дүр эсгэснээр хохирогчийн мэдрэмжийг дардаг байна. Энэ нөхцөл олон дахин давтагдсаар хохирогч бууж өгч, өөрөө юу ч хийгээд нэмэргүйгээр мэдрэх болно.

Энэхүү үзэгдлийг нохойн дээр туршилт хийж байхдаа Мартин Селигман анх ажиглаж дараа дараагийн судалгаа явагджээ. Селигман нарын эрдэмтдийн “Learned Helplessness” -г судлах туршилтаас товч тайлбарлая.

Martin Seligman

Селигманы туршилт

  • Туршилтын эхэнд нохойнуудыг 3 бүлэгт хуваасан байна.
  • 1-р бүлгийн нохойнуудыг цахилгаан гүйдлээр цохиулсан ч хоншоороороо хөшүүргийг дарснаар цахилгаан гүйдлийг зогсоох боломжтой байж.
  • 2-р бүлгийн нохойнууд 1-р бүлгийн нохойнуудтай ижил хугацаанд, ижил хүчтэй цахилгаан гүйдэлд цохиулж байсан боловч тэд өөрсдөө ямар ч үйлдэл хийгээд цахилгааныг зогсоох боломжгүй. Харин 1-р бүлгийн нохой хөшүүргийг дарснаар цахилгаан 1 ба 2-р бүлэгт зогсоно. Өөрөөр хэлбэл 1-р бүлгийн нохой хөшүүргийг өөрөө дарж цахилгааныг зогсоож байхад 2-р бүлгийн нохойны хувьд цахилгаан гүйдэл зогсох нь тохиолдлын, санамсаргүй зүйл байв.
  • 3-р бүлгийн нохойнуудыг ямар ч цахилгаан гүйдлээр цохиулаагүй байна.
Rose M. Spielman, PhD — Psychology: OpenStax, p. 519, Fig 14.22

Туршилтын дараагийн хэсэгт бүх нохойг 2 хэсэгтэй хайрцагт оруулна. Хайрцгийн нэг хэсэг цахилгаан гүйдэлтэй бөгөөд нохой нөгөө тал руу гарснаар цахилгаан гүйдлээс зугтах боломжтой байв. 1 ба 3-р бүлгийн ноход энэхүү даалгаварт хурдтай дасан зохицож хайрцгийн нөгөө тал руу гарснаар цахилгаан гүйдлээс зайлсхийж байсан байна.

Харин яагаад ч цахилгаан гүйдлийг зогсоож чадахгүй байсан 2-р бүлгийн нохойнуудын ихэнх юу ч хийлгүйгээр гаслан хэвтэж байжээ.

2-р бүлгийн нохойнуудын хувьд цахилгаан гүйдлийг юу ч хийгээд зогсоох боломжгүй гэсэн хүлээлттэй тул өөрсдөө юу ч хийхээр оролдохгүй байна.

Learned Helplessness-с үүдэх 3 хомсдол

Селигман нарын 1978 оны судалгаагаар удирдаж, хянах боломжгүй нөхцөл байдал нь дараах 3 үр дүнд хүргэдэг гэжээ.

  1. Танин мэдэхүйн хомсдол — Өөрийн нөхцөл байдлыг өөрөө хянах, удирдах боломжгүй гэж үзэх
  2. Урам зоригийн хомсдол— Сөрөг нөхцөлөөс зайлсхийх боломжит хариу үйлдлүүдийг үзүүлэхгүй байх
  3. Сэтгэл хөдлөлийн хомсдол — Өөрийгөө хянах боломжгүй сөрөг нөхцөлд байна гэж мэдэрснээр сэтгэлийн хямрал, гутрал ихсэх

Мөн тус судалгаандаа Learned Helplessness-с үүдэлтэй сэтгэл гутралыг даван гарах 4 аргыг тусгасан байна. Эдгээр нь хэд хэдэн утгыг хамарсан ойлголт байсан бөгөөд энд товчхон дурдсан болно.

Learned Helplessness-с үүдэлтэй сэтгэл гутралыг даван гарах 4 арга

  1. Тооцоолсон сөрөг үр дагавар гарах магадлалыг багасгах. Орчин, нөхцөлийг өөрчилж эерэг, хүсэн хүлээсэн үр дүнг ихэсгэхэд анхаарах. Жишээлбэл, өвчтэй хүнд өвдөлтийг нь багасгах, өвчин намдаах эм өгөх, ажилгүй хүний ажилд зуучлах
  2. Хүлээлтийг багасгах. Сөрөг үр дүнд дургүйцэх байдлаа багасгах. Илүү бодитой зорилго зорилт тавих, хүрэхийн аргагүй зорилгыг дахин нягталж үзэх, хүрч чадахгүй заримыг нь хүлээн зөвшөөрөх. (Бүх зүйлээрээ ангидаа тэргүүлэгч байх, өөгүй төгс байж чадахгүйгээ хүлээн зөвшөөрөх)
  3. Өөрийн хянаж чадах зүйлсийн үр дүнд анхаарах, өөрөөс шалтгаалахгүй зүйлсэд бага анхаарах. Харин өөрөөс шалтгаалах зүйлсийг илүү амжилттай байлгахаар хичээх
  4. Бүтэлгүйтэл ба амжилтын талаар бодитой бус ойлголтоо өөрчлөх. Жишээлбэл, тухайн нийгмийн систем эмэгтэйчүүдийн боломжийг хязгаарлаж байгаа нь эмэгтэй хүн чадваргүйг илэрхийлэхгүй гэх мэт.

Энэхүү үзэгдэл нь хүн болон амьтдын хувьд төрөлх шинж чанар биш тул “суралцсан буюу learned” хэмээсэн байна. Өөрт тохиолдох үйл явдлыг хянах чадваргүй, хянах гэж оролдох нь үр дүнд хүргэхгүй хэмээх итгэл үнэмшил нь хүнд олон удаагийн туршлагаар суух зан үйл юм. (Гэхдээ зарим судалгаанд энэхүү үзэгдлийг суралцсан зан үйл бус түүний эсрэгээр суралцаагүй байгаа хариу үйлдэл буюу идэвхгүй байдал гээд нөхцөл байдлыг удирдах, хянахад суралцсанаар даван гарна гэснийг хэлэх хэрэгтэй байх.)

“Learned Helplessness” гэж юу болох, хэрхэн бий болдог талаар товч тайлбарлахыг хичээлээ. Үүгээр яаран дүгнэлт хийх, хэн нэгнийг хамааруулан тодорхойлох нь буруу юм. Харин өөрийн нөхцөл байдлуудыг дахин харж, асуудалдаа шинэ өнцөг, гаргалгаа олоход дэм болж мэдэх билээ.

--

--