Хүмүүс кофе шопт юу хийж байна вэ?

Caffe Bene Mongolia
caffebene
Published in
4 min readApr 24, 2017

Би бараг л өдөр бүр кофе шопт сууж ажилладаг юм. Улаанбаатар хотын хаа сайгүй тааралдах Caffe Bene-д суух нь бүр ч олонтаа. Humans of UB ярилцлагаа хийнэ, авсан ярилцлагаа цахим бичгийн машин дээрээ тачигнатал буулгана гээд л олон зүйл амжуулж суудаг.

Ингэхдээ би “бусдыг юу хийж байгаа бол?” гэдгийг мэдэхийг үргэлж хүсдэг байлаа. Нэг бариста “Хүмүүс яг юу хийдгийг нь мэдэхгүй л дээ, гэхдээ лав их л нухацтай хэрнээ жаргалтай, амар тайван суугаа харагддаг.” гэж билээ.

Ингээд энгийн нэгэн ажлын өдөр Humans of UB-ийн баг хамт олонтойгоо Caffe Bene 40К салбарт сууж байгаа хүмүүсээс тэднийг яг тухайн мөчид юу хийж байгааг нь асуухаар шийдсэн юм. Бас тэдний юу захиалдаг, хэр их кофе шопт суудгийг ч асуусан. /бидний сонирхол татагдаад өөр хэдэн салбараар ч бас орсон/ Магадгүй тухайн үед ажлаа эсвэл хичээлээ хийж суухад нь төвөг учруулсан үйлчлүүлэгчид уншиж байвал уучлал хүсье. Бидний хэсэг бүлэг сэтгүүлч нар утасны voice recorder-оо ажиллуулаад энд тэнд сууж байгаа үйлчлүүлэгчдээс асууж гарав. Дашрамд хэлэхэд хүмүүс асуудаггүй л болохоос бусдыг юу хийж байгаа бол гэдгийг үргэлж сонирхдог байсан байна шүү дээ. Үр дүнг нь та бүхэнтэй хуваалцах болсондоо баяртай байна.

“Би яг одоо хятад хэлээр кино үзэж байна. Өглөө нэг дуу орчуулсан. Миний хувьд хэлээ сайжруулах хичээлийн танхим кофе шоп.”

“Би нэг тэтгэлэг хөөцөлдөж байгаа юм. Тэрнийхээ ярилцлаганд бэлдээд сууж байна. Өнөөдөр энд 8 цагийг өнгөрөөх төлөвлөгөөтэй байна.”

“Би хувиараа ажил эрхэлдэг. Wifi ашиглаж бизнес модель бичиж байна. Ажлынхаа хажуугаар цайны цагаараа энд ирж цагаа өнгөрөөдөг.”

“Би хөгжим бичдэг. Одоо хүн хүлээнгээ аяа дуусгах гээд байж байна. Студигүй үедээ хамт дуу бичдэг найзуудтайгаа энд уулздаг юм. ”

“Би энэ зун гадагшаа явах гэж байгаа болохоор дадлагаа одоо хийж байгаа юм. Яг одоо сонинд өгөх материалаа шивж байна. Гэртээ байвал төвлөрөхгүй, номын санд тухтай байж чаддаггүй болохоор кофе шопыг сонгодог.”

“Яг одоо зүгээр л дуу сонсоод дуртай кофегоо уугаад амарч байна. Энэ салбарт долоо хоногт 4–5 удаа тогтмол орж ирдэг.”

“Би интернетээс хэрэгтэй материалаа олох гээд сууж байна. Чөлөөт цагаараа орж ирж интернет ашиглаад суудаг.”

“Хувиараа төсөл дээр ажилладаг юм. Одоогоор гадагшаа мастерын зэрэг хамгаалах зорилготойгоор сургуулиуд судалж байна. Эндэхийн кофе нь жигд амттай гардаг болохоор байнга үйлчлүүлдэг.”

“Энд ихэвчлэн хичээлээ хийх гэж орж ирдэг юм. Чимээгүй тухтай байдаг. Яг одоо дипломоо бичиж байна.”

“Манай багш маргааш Солонгос явах гээд бид нар гаргаж өгч байна. Бас битгий яваач гэж ятгаад л байж байна. Бид нар 2 долоо хоногт 1 удаа хичээлээ хийж ном уншихаар кофе шопт цуглараад бүгд ижил латте захиалдаг. ”

“Кофе шопын үнэр намайг сэргээдэг юм шиг санагддаг. Тэгээд л энд дуу сонсоод хичээлээ хийнэ дээ.”

“Би их ажлын ард гарсны баяр хийж байна. Ойрд кофе шоп орох завгүй байлаа. Харин яг одоо өөртөө шагнал болгож дуртай номоо уншингаа кофе ууж сууна даа. Сайхан байна аа. Аан тийм, би өөртөө ямар кофе зохих бол гэж бодоод бүгдээс нь ууж үзсэн. Тэгээд хамгийн их таалагдсан нь американо, одоо уугаад сууж байна. ”

“Би энэ кофе шопт өглөө ажилчидтай нь бараг зэрэг ирдэг. Өдөрт багадаа 6, ихдээ 12 цагийг энд өнгөрөөдөг. Одоо хичээлээ хийж байна.”

Бид салбаруудаар явж хүмүүсийн юу хийж байгааг асуугаад сонирхолтой байсан ч ядарсан тул Номин салбар дээр амрах зуураа патиараа татуулав. Өөрсдийгөө хэрхэн мартах билээ.

Энэ хэдэн царайнууд бол дээрх бяцхан харилцан яриаг үйлчлүүлэгчидтэй өрнүүлсэн бидний хэдэн сэтгүүлчид. Бид “бидэн шиг сониуч хүмүүс л бусдын юу хийж байгааг сонирхдог юм болов уу” гэтэл хүмүүс ч бас тэр талаар сонирхдог байж ээ. “Дараагийн удаад бүгдээрээ аль салбараар орох уу?” гээд ярилцсан юм. Та кофе шопт юу хийдэг вэ?

--

--

Caffe Bene Mongolia
caffebene

Caffe Bene кофе шопын сүлжээ танд аагтай халуун кофе ☕, шинэхэн Бельги вафель, амтат Итали желатогоор өдөр бүр үйлчилж байна. Have a Bene day!