Дайтахад хэзээд бэлэн бай

Dembee Tsogoo
Dembee Tsogoo
Published in
3 min readAug 12, 2020

Дайн тулаан хэзээд өрнөж байдаг. Таныг үүсэхээс өмнө, таныг унтаж байхад, таны дотор, эргэн тойронд, таныг үгүй болсны дараа ч өрнөсөөр байх болно. Амьдрал хэзээд тулааны талбар байсаар ирсэн. Харин энэ дайн тулааныг хэрхэн хүлээн авч, дасан зохицох нь хувь хүн танаас л хамаарна. Цэрэг дайны стратегийг таниулан бичигдсэн ч эцэстээ нийгмийн бүхий л оролцогчдын үйл ажиллагаанд ач тусаа өгсөн Сүнзийн “Дайтах урлаг” номонд дээрх ухаагдахууныг тайлбарлажээ.

Уур бухимдалдаа эзлэгдэх үү эсвэл үүнийг удирдах уу гэдэг нь хувь хүний дотоод чадвар, зах зээлийг ямар аргаар, тактикаар, хэдий хугацаанд эзлэх нь байгууллагын төлөвшил, бусдыг хэрхэн манлайлж, чиглүүлэх нь удирдагчийн ур ухаанаас гардаг. Гэхдээ бид дотоод хүнтэйгээ, гадаад хүчин зүйлтэй алиных нь ч эсрэг дайнд орсон бай үүнийг хэрхэн хүлээн авч, шийдвэрлэж буй нь бидний “Дайтах урлаг”-аас хамаардаг болой.

Дайн хийх дүрэм журам нь дайсан ирэхгүй гэж бодоход биш, харин түүнийг би юугаар, юутай угтах билээ гэж бодоход, дайсан довтлохгүй гэж бодоход биш, харин түүний хувьд над руу довтлох боломж байхгүй болгохын тулд би юу хийх билээ гэдгээ бодоход агуулагддаг болой.

Хэрвээ бид стресс, бухимдлыг өөрсдийн дайсан гэж үзвэл дайн хэзээд болоход бэлэн. Бид өмнө нь зуу, зуун дайнд ялсан байж болох ч ирээдүйд дахин болж л таараа. Тиймээс би стресстэхгүй гэж бодохдоо бус хэрхэн үүнийг даван туулах, өөрт тохирсон эрүүл аргыг олоход буй.

Дайнд хамгийн гол нь хурд: дайсны хүрч очиж амжаагүй тэр зүйлийг эзэмдэх хэрэгтэй; түүний санаанд ч ороогүй тэр замаар явж, сэрэмжилж болгоомжлоогүй тэр газарт нь довтол.

…Тиймээс дайны үед уран чадварлаг бус ч, хурдан шаламгай ажилласнаар амжилт олсон тухай сонсдог боловч уран чадварлаг хэрнээ удаан хугацаанд сунжруулснаар амжилт олж байсныг үзэж байсан нь үгүй болой.

Өрсөлдөөн биднээс маш их хурд, тууштай байдлыг шаарддаг. Магадгүй технологийн нөлөөгөөр улам ихийг шаардаад байх шиг. Өрсөлдөөний талбарт бид өрсөлдөгчөөсөө хэдийн хоцорсон бол дээрх зарчим бидэнд ялт ч үгүй нэгийг хэлнэ.

Ялагдашгүй дайсантайгаа тулгарах үед армийн хийдэг зүйлийг зөв тулаан болон манёвр хэмээнэ.

Судалгаа хийж, ирээдүйг таамаглаж, шинэ аргачлалыг нээж, өөрийн зөвийг тодорхойлсноор бид өрсөлдөөнд дахин орох боломж хэзээд бий. Гэхдээ амьдралд юу ч тохиолдох боломжтой тул уян хатан байдлыг биднээс шаарддаг.

Эцэст нь. . .

Хүч чадал гэдэг бол ашиг тусыг нь харгалзан үзэж, тактик хэрэглэх чадвар юм.

…Тиймээс дайн хийж чаддаг хүн тулалдаанд орохгүйгээр харийн армийг эрхшээлдээ оруулж, бүслэн суухгүйгээр цайз бэхлэлтийг эзлэн авч, цэрэг армиа удаан барьж саатуулахгүйгээр харийн улс гүрнийг бут цохидог.

Бид дайн тулаантай хэзээд тулгарах л болно. Дотор хүнтэйгээ, ажлын талбарт, гэр бүл дотроо, нийгэм дээр гээд бүхий л талбарт, цаг хугацаанд дайтсаар л байна. Гэхдээ тухай бүрд хүчээр шийдэхээс илүү нөхцөл байдлыг ухан ойлгож, хор хохиролгүй даван туулах чадварт бид яах аргагүй суралцах хэрэгтэй биз ээ.

Дайтах урлаг, тактикийн талаар олон арвин арга, туршлагуудыг багтаасан дээрх номыг уншаад өөрийн мэдрэмж, ухаан, бүтээлч оюунаар ухан бодож өөрийн арга барилыг бүтээхийг танд хувийн зүгээс санал болгож байна.

. . .

аа бас, хайр ч гэсэн дайн 😉.

Photo by alessandro fazari on Unsplash

--

--