Миний 2020 оны зорилтууд

Dembee Tsogoo
Dembee Tsogoo
Published in
3 min readJan 2, 2020

Ирэх жилийн зорилтоо төлөвлөж эхлээд 3 жил өнгөрчээ. Жил бүрийн төлөвлөгөөгөө дүгнээд, алдаа оноогоо зассаар энэ жилийн хувьд санхүү, хувь хүний хөгжил, эрүүл мэнд, карьер, харилцаа гэсэн 5 чиглэлд өөрийн зорилтуудаа тусгав.

Санхүү

Санхүүгийн хувьд би сүүлийн 9 жил зардлаа тэмдэглэж, хэрэглээгээ хянаж, 8 жил хөрөнгө оруулсан тул энэ тал дээр харьцангуй туршлагатай. Харин энэ жилийн хувьд гадаад хувьцаанд хөрөнгө оруулж эхлэх нь миний үндсэн зорилго. Сүүлийн 1,2 жил уншиж, судалж, зохиомол арилжаанд орсон ч нэг л зориг хүрэхгүй байсаар яг хямралын үед шийдвэр гаргачихлаа. Гэхдээ суралцах зүйлс ихтэй жил байх болно оо.

Хуримтлалын хувьд ихэнх нь хувьцаа хэлбэрээр байгаа тул үүнийгээ төгрөгийн хадгаламж руу хийж аюулгүй болгох төлөвлөгөөтэй байна. Мөн орлогоо нэмэх арга замуудыг эрэлхийлж хуримтлалаа нэмэгдүүлнэ.

Эрүүл мэнд

Хэдий хөдөлгөөнтэй хүүхэд байсан ч махлаг биетэй өссөн би турж чадахгүй гэдэгтээ бараг л итгэчихсэн, бууж өгчихсөн байлаа. Харин 2016 оноос гүйж, жингээ хасах өөрт тохирсон аргачлалаа олсондоо урамшсанаар энэ жил ямартай ч Nike Training Club app дээр 150 өдөр 4500 минутын дасгал хийхээр төлөвлөсөн. 2019 оны сүүлд 2 сарын сорилтыг өөртөө тавьсан нь үр дүнтэй байсан тул энэ жил урамтайгаар үргэлжлүүлж байна.

2019 онд үзлэгт орсон тул энэ жил алгасах төлөвлөгөөтэй.

2020 онд тавьсан цөөн хэдэн том зорилтын нэг нь 4 сар цагаан хоолтон болох. Цаг уур, оюун санаа, амьтдын эрх гэсэн хүнд хүнд сэдвээс илүүтэй хүнсний хэрэглээ талаасаа өөрийн өнцгөө тэлэх, мах хэрэглэхгүй амьдрах нь миний биед хэр нөлөөтэй байхыг мэдрэх зорилгоор ийм шийдвэр гаргасан.

Карьер

Өөрийгөө танин мэдэж явсаар их хожуу ухаарсан нь бүтээлч салбараас л гарч болохгүй гэдэг бодол. Тиймээс энэ жил загварчлалд суурилсан бизнес, менежментийн талаар ном, хичээлүүд уншиж, суралцах нь миний тэргүүн зорилго. Зах зээл ч загварчлалыг илүү төгөлдөржүүлэхийг шаардаж би ч дизайн, бизнесээс сонирхлоо татаж чадахгүйгээ ухаарсан тул яг л сайхан цаг таарч байна.

Мөн гадны тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдахаар төлөвлөсөн ба ДААД-ын тэтгэлэгт ихээр анхаарч байгаа.

Хувь хүний хөгжил

Карьерийн зорилттой холбоотойгоор илүү сайн түүх өгүүлж, илэрхийлж сурахын тулд үргэлжлүүлэн нийтлэл бичих хүсэлтэй байгаа. Тиймээс энэ жил 24 буюу сард 2 нийтлэл бичих зорилт тавьсан. Гэхдээ бусдаас хуулахгүй, орчуулахгүй зөвхөн өөрийн үзэл бодол, туршлага, мэдрэмжээс гарах бичвэрийг буулгамаар байна.

Хэдий дуу багатай, дотогшоогоо хүн ч бусдад мэддэг зүйлсээ хуваалцах, багшлах хүсэл миний дотор маш олон жил тээлгээстэй байсан. Төгссөн сургуульдаа багшлах хүсэлтэй байсан бол өнгөрсөн жил Хэнтий рүү аяллаар явснаас хойш Хэнтийн арван жилд багшлах хачирхалтай хүсэл толгойноос гарахаа больчихсон. Тиймээс энэ жил багшийн сургуульд сурч багшлах эрх авах хүсэлтэй байгаа. Гэхдээ энэ зорилгоо заавал гэхээс илүү боломж гарвал гэсэн ангилалд багтаасан.

Өмнө жил ажилтай байгаад аялж чадаагүй. Харин энэ жил аялж шинэ газартай танилцах хүсэлтэй. Амьдралын хэв маягийн хувьд Digital Nomad болох урт хугацааны зорилготой би 2017 онд Сингапурт оролцсон Startup Weekend тэмцээнд энэ жил дахин оролцож дараа нь Индонезид урт хугацааныхаа төлөвлөгөөнд хүрэхэд минь тус дэм болох шинэ хүмүүстэй танилцаж, танилын хүрээгээ тэлэх төлөвлөгөөтэй байгаа.

Харилцаа

Мэдээж гэр бүл, найз нөхөрлөлийн өмнө тогтсон харилцаагаа үргэлжлүүлэн усалж, батжуулах нь зайлшгүй хийгдэх ажил. Үүнээс гадна хостой болох үүний тулд болзоонд явах нь энэ жилийн зорилтод дахиад л байр эзэлж байна. 😅

Энэ жилийн хувьд урт хугацааны зорилгодоо бат суурь болох, богино хугацаанд шаардлагатай, сонирхолтой, сониуч хүслээр дүүрэн тэнцвэртэй зорилт тавилаа.

Энэ хүртэл уншсанд баярлалаа. Таны төлөвлөгөө, зорилго биелсэн, ухаарал хайрласан, адал явдлаар дүүрэн жил байх болтугай.

--

--