Тухгүй 21 сар

Dembee Tsogoo
Dembee Tsogoo
Published in
2 min readNov 9, 2020

Бүхий л насаараа олны өмнө тавьсан илтгэл, хэлбэр нь өөр ч тайз бүр дээр гарах танил мэдрэмжүүд. Гэхдээ эхлэл бүр нь дотор гижигдэх бяцхан айдас, сандралтай.

Өндөр уулс. Сүр бараанд нь сэтгэл мохох ч хүршгүй мэт орой руу нь чиглэх алхмуудын хөлсний амттай.

Сэтгэл гижигдэх ч ойлгомжгүй зүйлсээр арвин сорилтууд. Үр дүнд нь бялуурав ч, үүлс мананд халхлагдах зам харгуйнуудтай.

Өсөж хөгжих хүсэл, эрмэлзэл бүхэн өөрийн гэсэн саад тотгортой. Шинэ содон зүйлтэй танилцаж буй тархи маань эргэлзэж, мунгинаж алдаа гаргалгүй л яах вэ. Гаргасан алдаанаасаа айж, эмээгээд зориг хүрэхгүй үе бий бий. Үүндээ стрессдэх, шантрах ч өөртөө жаахан боломж олгоод, дахин ажиглаад, оролдоод үзвэл бяцхан ч гэсэн ахиц гаргасан л байдаг.

Эхлэх, дахин эхлэхэд зориг хэрэгтэй, тав тухгүй байна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. “Хэдий чинээ бид тав тухгүй орчиндоо ажиллана, төдий чинээ бидний тав тухтай орчин тэлэх болно.” -Robin Sharma

Дээрх эргэцүүлэлтэй холбоотойгоор өөрийн мэдэлгүй, өөртөө бий болгосон тухгүй орчин бол миний хүйтэн шүршүүрт орох зуршил юм. Үүнийг хэрэгжүүлээд хэдийн 21 сар өнгөрсөн бөгөөд таньж мэдсэн нэг зүйл бол би хэзээ ч хүйтэн шүршүүрээс айх айдсаа дарж чадаагүй. Өглөө босоод, дасгал хийсний дараа шүршүүрт ороод халууныг сонгох боломж байв ч өөрийн хүслээр хүйтнийг сонгоод усаа гоожуулж эхлэх нь хамгийн хэцүү алхам. Ууланд алхах, 5 кмт гүйж эхлэх, шинэ зүйл эхлүүлээд үргэлжлүүлэх үйл явц толгой, бие өвтгөм хэцүү байв ч эцсийн үр дүн нь кайфтай, тааламжтай байдагтай яг л адил шүршүүрийн хүйтэн усанд бие минь бага багаар дасаж, тухгүй байдлыг мартан сэргэх мэдрэмж хамгийн сайхан нь.

Бие сэргэх тэр мэдрэмж, хүйтэн ус гоожуулах хоёрын дунд айдас л оршиж байдаг. Тиймээс би дотор хүн маань хүсэв ч зориглож чадахгүй нөхцөлд сургамж болог гэж үзэн тогтмол хэрэгжүүлдэг зуршлаа болгосон юм. Энэ хүртэл уншсан хүн бүрийг хүйтэн шүршүүрт орж байгаарай гэж зөвлөхгүй ч оролдоод үзэхийг санал болгоё. Таалагдахгүй бол дахиад нэг туршаарай. Тэгээд ч болохгүй бол өөрийгөө тухгүй байдалд оруулдаг өөр нэгэн зуршлыг олоорой.

Сорилт бүхэн бидний тухгүй болгодог, гэхдээ үүнгүйгээр бид өөрчлөгдөж чадахгүй.

Photo by Galen Crout on Unsplash

Миний өмнөх туршлагыг уншихыг хүсвэл доорх линкээр зочлоорой

--

--