“Хариуцлага” гэдэг сонирхолтой үг

Dembee Tsogoo
Dembee Tsogoo
Published in
2 min readAug 19, 2020

Хэл шинжлэлийн бус сониуч хүний бичвэр болно.

Бага насандаа хариуцлага үүрээд алдаж байсан хамгийн таагүй дурсамж Дорнод аймагт 2001 онд болж байв. Өвөө захаас 2 тор дүүрэн мах аваад, надад хариуцуулаад өөр зүйл авахаар явсан юм. Харин түүнийг явсан хойгуур түүнд мах зарсан хүн “өвөө нь махаа буцаалаа гэнэ, ах нь өвөөд нь аваачаад өгье” гэж хэлж авч явснаар бид дахин мах авах хэрэгтэй болсон түүхтэй. Энэ нь надад үлдсэн хариуцлагын тухай хамгийн анхны тод дурсамж. Гэхдээ хувийн түүхээс илүү уг үгийн талаар бичмээр санагдлаа.

Монгол хэлний тайлбар толинд хариуцлага гэдэг үгийг “Хариуцах үйлийн нэр, ажил үүргийг биедээ хүлээсэн нь” (холбоос) гэж тайлбарласан байдаг.

Тэгвэл Англи үгийг нь аваад үзье.

Responsibilty “the opportunity or ability to act independently and take decisions without authorization” (Хариуцлага нь “Дур мэдэн шийдвэр гаргах, бие даан үйлдэх боломж, чадамж” гэсэн тайлбартай байна.)

Responsibility = Response + Ability

*Response (Хариу үйлдэл)
*Ability (Чадал)

Бидэнд тодорхой ажил, даалгавар оногдоход бид хариуцан авах уу үгүй юу гэдэг шийдвэр гаргах хэрэгтэй болно. Үгүй бол тухайн хариуцлага бидэнд бус өөр хүнд шилжиж харин хүлээн авбал бид хариуцлагыг нь хүлээх хэрэгтэй болно. Гэхдээ тухайн ажил, даалгаврыг хариуцах, гүйцэтгэх чадал бидэнд бий юу?

Ажил, даалгаврыг хүлээн авч болох ч араас нь яах аргагүй өөрөөсөө асуух зүйл бол хувь хүний чадамж юм шиг. Бид оноогдсон ажилд хариуцлага хүлээх чадалтай юу? Бага байж болно, их байж болно, бүр байхгүй ч байж болно. Ажилтанд захирал хүний хариуцлагыг үүрүүлэхэд хариуцаад ажиллах түүний чадал хэдий хэмжээнд байх бол? Мэдээж өндөр байхгүй нь гарцаагүй.

Хөдөлмөрийн зах зээл дээр бид хэдий хэмжээний хариуцлага хүлээх чадалтай байна төдий чинээнд л үнэлэгддэг. Гэхдээ дан ганц хөдөлмөр гэлтгүй гэр бүлд ч ялгаагүй. Гэр бүлийн гишүүн бүр тухайн гэр бүлд зүй ёсны үүрэг, хариуцлага үүрдэг. Ямартай ч 2001 оны миний хувьд өвөөгийн өгсөн даалгаврыг хариуцах чадал суугаагүй байсанд тухайн үйл явдал өрнөж түүх болон үлджээ.

Хөндлөнгөөс ажиглахад бид хариуцлага гэдэг үгийг зөвхөн хариуцах л гэж ойлгоод байх шиг. Өөрсдийн чадамж, чадлыг харьцангуй үнэлэн хариуцлага хүлээж бусдад таагүй сэтгэгдэл төрүүлэх, бусдыг, заримдаа хайртай нэгнээ гомдоогоод байгаа харагддаг.

Мэдээж бид хариуцлага үүрч сурах ёстой гэхдээ 10 кг туухай өргөх чадалтай үедээ 100 кг-ийг өргөх гээд зүтгэх хэрэгтэй гэж үү?

Photo by Sven Mieke on Unsplash

--

--