Хүйтэн шүршүүрт орсон 8 сар

Dembee Tsogoo
Dembee Tsogoo
Published in
2 min readOct 28, 2019

2 сард буюу 8 сарын өмнө YouTube дээр би нэгэн гайхалтай гэмээр хүний тухай бичлэг үзэв ээ. Тэр хүн Эвэрэстэд шорттой авирч, харзны хүйтэн усанд 2 цаг байж, Намибиа дахь цөлд бүтэн марафон(42км) газрыг ямар ч ус уухгүйгээр туулсан, биеийн бус тархины хүчээр боломжгүй зүйлсийг давах боломжтой гэдгийг өөрийн биеэр баталсан Вим Хоф (Wim Hof) гэх Нидерланд эрхэм байлаа. Бүр судалгааны хүрээлэнтэй хамтран өөрийн биед хортой бактери тариулан бясалгал, өөрийн амьсгалын техникийн хүчээр өөрийгөө эмнэж чадсан түүний түүх намайг өдийг хүртэл хүйтэн шүршүүрт орох шийдвэр гаргахад хүргэсэн юм.

Би ер нь эмийн эмчилгээнд тийм ч таатай ханддаг хүн биш. Ханиад хүрлээ гэхэд хөдөлгөөн хийж цусныхаа эргэлтийг нэмэгдүүлэн дархлаагаа дэмжихийг илүүд үздэг бөгөөд үнэхээр болохгүй бол эм уудаг нэгэн. Бага байхаас л ээжийн заавраар хөлсөө гартал хивс, дрож арчин, сармистай шөл уугаад унтдаг зуршил маань одоо хүртэл хадгалагдсан гэхэд болно.

Ямартай ч Вим Хофын бичлэгийг үзээд шууд л хүйтэн шүршүүрт орсон гэдгээ нуухгүй ээ. Комментыг нь уншихад олон ч хүн тэгсэн байна билээ. Эхний удаад тун тухгүй байсан ба бүх булчин зангирч, жаахан л хөдөлбөл шил шиг хагарчих гээд байх шиг санагдсан. Гэхдээ өдөр өдрөөр орох тусам улам дасаж одоо аль хэдийн 8 сар өнгөрсөн байна. Хирээ арилгахад хүйтэн ус тохиромжгүй гэж бодож байвал халуун усаар биеэ угаагаад, хүйтэн усаар зайлсан ч болно. Гэхдээ ямар нэг эрүүл мэндийн шалтгаантай хүмүүс хүйтэн шүршүүрт орох гээд байх хэрэггүй болов уу.

Хүйтэн усанд дасах хамгийн гол арга бол амьсгалах ба гүнзгий амьсгал авах нь маш тустай санагдсан. Түүнчлэн зорилгоо ухамсарлах. Ууланд гарах үйл явц төвөгтэй, ядраадаг, хэцүү ч уулын орой дээр гарахад ямар их эрч хүч, аз жаргал авдаг билээ. Яг л үүнтэй адил хүйтэн шүршүүрт орсны дараа толгой сэргэж, илүү өөдрөг болох шиг санагддаг.

Түүнчлэн эрүүл мэндийн хувьд цусны эргэлтийг нэмэгдүүлж, дархлааны системийг дэмждэг. Үүнээс гадна(эх сурвалж)

  1. Өөх шатаалтыг дэмждэг. (Тиймээс би голцуу дасгал хийсний дараа хүйтэн шүршүүрт орохыг эрмэлздэг. Булчингийн нөхөн сэргээлтийг хурдасгадаг учраас мэргэжлийн тамирчид бол бүр мөстэй усанд хэвтдэг юм билээ. Даанч надад тийм их мөс бэлдэх мөнгө, цаг байхгүй.)
  2. Тунгалагийн системийг дэмжиж эсээс хаягдлыг гадагшлуулахад тусалдаг.
  3. Мэдрэлийн системийг дэмжиж стрессийн эсрэг хаттай болоход тусалдаг.

Бид өдөр бүр тухтай бүсээс гараад байж чаддаггүй, тэгэх ч боломжгүй тул өөрийгөө тухгүй байлгах хамгийн энгийн арга бол хүйтэн шүршүүрт орох гэдэгт би итгэдэг болоод байгаа.

--

--