Хүсэл . . . . . . Итгэлийн зааг

Dembee Tsogoo
Dembee Tsogoo
Published in
2 min readJul 31, 2020
Photo by Malcolm Lightbody on Unsplash

Би багадаа “Ирээдүй рүү буцсан” нь гэдэг киног үзээд амьдрал дээр биелэх боломжгүй зөгнөлт кинонд дуртай болж билээ. Уг киног хэд ч үзсэн юм бүү мэд. Хэдий бүтэхгүй ч цаг хугацаагаар аялагч ДеЛореан гэдэг машинтай болохыг одоо хүртэл хүсдэг. Америкт 28,000 долларын үнэтэй уг машин бол машин барихаас алхахыг илүүд үздэг миний хувьд ердөө л хүсэл төдий. Үүний төлөө юу ч хийж байсангүй. Магадгүй зүгээр л мөрөөдөхөд сайхан бага насны минь дурсамж биз.

Бидний өдөр тутмын амьдралын ихэнх шийдвэр бидний хандлага, итгэл үнэмшил дээр 80% хувь суурилдаг. Хандлагаа бид туулсан замналаараа, өөрийн үнэнээр бүтээдэг. Гэхдээ заримдаа үг, үгийн сонголт бидний тархинд нөлөөлөх үе ч бий. Тиймдээ ч би хүсэх, итгэх гэдэг хоёр үгийн ялгааны талаар бичихээр шийдсэн юм.

Амьдралаас бид олон зүйлийг хүсдэг. Эрүүл саруул бие, гэр бүлээ энх тунх байхыг, ажил амьдралаа амжилттай байхыг гэх мэтээр зүлгэн дээр хэвтээд толгойд орж ирэх бүгдийг л хүсэж чадна. Гэхдээ бидний хүссэн шиг байдаг билүү? Хөдөлмөрлөхгүйгээр амжилтанд хүрч, дэг журамгүйгээр эрүүл биетэй байж, анхаарал халамж тавихгүйгээр сайхан харилцаатай амьдарч чадна гэж үү? Хүч зарахгүйгээр, золиос гаргахгүйгээр хүслээ биелүүлж чадна гэдэгт би лав итгэхгүй л байна.

Ингээд харвал итгэхийн тулд бид зайлшгүй ямар нэг хэмжээнд хөдөлмөр зарцуулахаас өөр аргагүй. Бүтэн жил шалгалтдаа бэлдэж өгөөд сайн дүн авсан байгаасай гэж итгэх, сонгож авсан хоолны дэглэмээ эхлүүлээд үр дүн гараасай гэж итгэх. Өөрөөс хамаарах бүхнийг хийгээд эцэст нь хийж чадах бидний цорын ганц зүйл бол итгэх юм. Хоосон хүслүүд дундаасаа итгэж чадах зүйлээ барьж аваад оролдох л хэрэгтэй.

Чи хийхийг хүсэж байна уу? Тэгвэл оролдоод үз, хөдөлмөр гаргаад, цагаа зарцуулаад үз, үр дүнд нь итгээд урагшил.

Өөрийнхөө төлөө хөдөлмөрлөсөн хүн л өөртөө итгэдэг байх учиртай.

--

--