Өөрийн “аз”-ыг бүтээх нь

Түүх өгүүлье

Dembee Tsogoo
Dembee Tsogoo
2 min readSep 8, 2020

--

Нэгэн өдөр тариаланчийн ганц морь хашаагаа эвдээд ой мод руу яваад өгч. Хөрш тариаланч нь хадлангийн улирлаар морь нь яваад өглөө, азгүй байна даа гэхэд морио алдсан эр азтай, азгүйг мэдэхгүй юм даа гээд яваад өгч.

Гэтэл маргааш өдөр морь нь хоёр зэрлэг морь дагуулаад ирж гэнэ. Хөрш нь хадлангийн үеэр гурван морьтой болчихлоо. Хадлангаа хурдан хадна, эсвэл энэ хоёрыг нь зараад баяжиж ч болно, чи үнэхээрээ азтай юмаа гэхэд морины эзэн азтай, азгүйг мэдэхгүй юм даа гэж хэлэв.

Тухайн өдөр хүү нь зэрлэг морьдоо сургаж байгаад унаад хөлөө гэмтээв. Мөн л хөрш нь их ажлын үеэр туслах хүү нь хөлөө гэмтээчихдэг азгүй хүн юм аа гэхэд тариачин эр тоосон шинжгүй азтай, азгүйг мэдэхгүй юм даа л гэж хариулав.

Хэд хоногийн дараа дайнд цэрэг татахаар засгаас хүмүүс ирж. Идэр чийрэг эрсийг татсан ч тариаланчийн хүүг гэмтэлтэй хөлтэй тус болохгүй гээд үлдээчхэв. Хүүгээ цэрэгт явуулсан хөрш нь нүдэндээ нулимстайгаар хүүгээ аваад үлдчихдэг азтай эр юм даа чи гэхэд тариаланч азтай, азгүйг мэдэхгүй юм даа гэсэн гэдэг.

© Dembee Tsogoo

“Бэлтгэл, боломжийн уулзвар дээр амжилт оршдог”

Азтай ч бай, азгүй ч бай бидний амьдрал үргэлжилсээр л байх болно. Амьдралдаа тохиолдож буй болгоныг сайн, муу азаар тодорхойлж, хэтэрхий их ач холбогдол өгөх нь биднийг цааш үргэлжлүүлэн ахиж, дэвшихээс хазаарлах юм.

Ихэнх тохиолдолд хүмүүс сайн зүйл тохиолдохыг аз гэж хүлээн авдаг. Гэхдээ тохиол бүрийн ард үр дагавар оршсоор л байдаг. Үүнийг хүлээн авч буй хүн сэтгэл зүйн хувьд, төлөвшлийн хувьд, туршлагын хувьд хэр бэлтгэгдсэн хүн бэ гэдэг тохиолдож буй азаасаа илүү чухал. Сугалаанд асар их мөнгө хожсон азтай түүхүүд эмгэнэлтэйгээр төгссөн нь даанч их. Магад тэдгээр хүмүүс тийм их энергийг өөртөө шингээх хүчгүй байсан биз.

Амьдралд ирсэн боломж бүрд алдаж, онож, ухаарснаар бид дараа дараагийн тохиолуудад бэлтгэгдэх учиртай. Бидэнд тохиол, боломж (юу гэж нэрлэхээ та өөрөө шийд) хэзээ нэг өдөр ирж л таараа. Магадгүй боломжийг бүрдүүлэх шаардлага гарч болох ч бүрдүүлсэн, бүрдүүлээгүйгээс үл хамааран бид үүнийг хүмүүсийн хэлдгээр “аз” болгож чадах уу гэдэг өөрийгөө хэр сайн бэлдсэнээс л хамаарна. Магадгүй бэлтгэлгүйгээсээ болоод алдаж болох ч алдаанаасаа суралцдаг байх нь чухал юм.

“Заримдаа ялна, заримдаа суралцана”

Мэргэжлийн тамирчид жилийн маш бага хэсэгт албан ёсны тоглолт хийдэг. Харин үлдсэн хугацаанд бэлдэнэ. Бэлтгэл дээр алдсан ч бай, оносон ч бай тэд бэлтгэлээ хийх нь л чухал. Бэлтгэл дээр л тэд олон нийтийн өмнө үр дүнгээ харуулахаар ажилладаг. Ялагчид өөрийн статусаа хадгалах гэж, харин бусад нь өөрт ирэх боломжоо хүлээн өөрийгөө бэлдэнэ. Тэмцээн яаж ч өндөрлөсөн бай маргааш болж бүх зүйл дахиад л шинээр эхлэнэ. Спортоос сурах зүйл бол өчигдөр чи ялсан үгүй нь хамаагүй, маргааш бүгдэд адил боломж бий.

Боломжийг амжилт болгох нь биднээс л хамаарна. Хүмүүс сайн, муу “аз” гэж тодорхойлсон ч бай, үгүй ч бай маргаашийн нар мандаж амьдрал үргэлжилсээр л байх болно. . .

--

--