2020 оны дүгнэлт

Dembee Tsogoo
Dembee Tsogoo
Published in
5 min readJan 1, 2021

2020 онд жинхэнээсээ алаад өгнө гэсэн ч үгүй байв.
Гэхдээ материаллаг зорилтуудын хувьд шүү. Томоохон гэрээний ажлаа дуусгах, мөнгөн орлогын зорилтдоо хүрэх, аялах гэх мэт зорилтууд маань биелсэн үү гэвэл үгүй. Гэхдээ энэ жил Bronnie Ware-ын “Top Five regrets of th dying” нэртэй номын үндсэн агуулгатай уялдуулан илүүтэй дотоод хүн рүүгээ хандсан зорилтуудыг тавьсан юм.

Хандлага

Дээрх номын үндсэн таван агуулга нь

  • Бусдын хүлээлтээр бус өөртөө үнэнчээр амьдрах зоригтой байсан ч болоосой
  • Хэтэрхий их ажиллаагүй байсан ч болоосой
  • Өөрийн мэдрэмжээ хуваалцах зоригтой байсан бол
  • Найзуудтайгаа тогтмол харилцаатай байсан бол
  • Өөрийгөө аз жаргалтай байхыг зөвшөөрсөн бол

Аав ээж маань гэр бүлийн амьдрал ахуй, аюулгүй байдлын төлөө мэрийн ажилласан он жилүүдэд надад анхаарах цаг хомс байсан нь өөрийгөө таних үйл явцыг илүү хожуу эхлүүлсэн гэж хувьдаа дүгнэдэг. Гэхдээ анзаараад байхад 90-ээд оны залуусаас ажиглагддаг нийтлэг төрх юм шиг. Ямартай ч саяхнаас өөрийгөө хүлээн зөвшөөрч өөртөө үнэнч байх, өөрийн мэдрэмжээ хуваалцах зоригтой болж байна.
Өөртөө өгөх сануулга: Хүн өөрийгөө танихын хэрээр л илүү өөртөө үнэнч, зоригтой болдог юм байна.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд идэвхтэй хэрэгжүүлж буй дадал бол найзууддаа өмнөхөөсөө илүү нээлттэй байх, тэдэнд туслах, цаг гаргах, харилцаандаа хөрөнгө оруулах. Утга учиртай харилцаа, бат бөх нөхөрлөл бидний амьдралд утга учир нэмдэг гэдэгт итгэдэг л бол жил бүрийн зорилгодоо уг дадлыг суулгах хэрэгтэй. Найз нөхдийнхөө мэндийг мэдэж, яриаг нь сонсож, боломжтой бол өдрийн хоол хамт идэх гэхдээ ёс болгохгүй, өөрийн хүслээр дээрхийг хийх нь найзын хувьд бахархалтай үйл гэж би хувьдаа дүгнэдэг.
Өөртөө өгөх сануулга: Би хариу нэхэхгүй өгдөг найз байхыг л хүсэж байна.

Харин ажлын хувьд “Хэтэрхий их ажиллаагүй байсан ч болоосой” гэдэг бол миний насанд хэтэрхий харьцангуй ойлголт. Одоо л сайн ажиллаж ирээдүйдээ хөрөнгө оруулах нь чухал. Гэхдээ ажилдаа төвлөрөхийн зэрэгцээ жилийн яг л энэ үед өөрөөсөө би үнэхээр хүссэн зүйлээ хийж байгаа уу? өөрийгөө ирээдүйд уг ажлаар төсөөлж байгаа юу? зэрэг асуултуудаар чиглэлээ тодорхойлох нь энергиэ буруу зүйлд бага, зөв зүйлд их зарцуулахад тус болдог.
Өөртөө өгөх сануулга: Дэмий зүйлд бага цаг зарцуулж, хэмнэсэн цагаа утга учиртай зүйлсэд хөрөнгө оруул.

2020 оны зорилтуудаа дүгнэхэд

Хандлагын хувьд ийм дээрх зүйлсийг хэрэгжүүлэх гэж оролдсон жил байсан бол 2020 онд тавьсан зорилгуудаа эргээд харвал бараг бүтсэн зүйл ховор байлаа.

  1. Эрүүл мэндийн хувьд жилд нэг удаа шүдний эмчид үзлэгт орох, хоёр жилд нэг удаа бүтэн шинжилгээнд хамрагдах төлөвлөгөөтэй. Шүдний эмчид шүднүүдээ үзүүлсэн бол дараа жилийн хавар бүтэн шинжилгээнд хамрагдана. Харин тогтмол дасгал хөдөлгөөний хувьд Nike Training Club-ын 150 удаагийн нийт 4500 минутын зорилтдоо арай л хүрч чадсангүй.

Гэхдээ ууланд алхах, 7 хоногт 2 удаа гүйх, энэ зун аавтай хамт зуслан дээр газар шорооны ажил тогтмол хийснээ бодоод үзвэл харьцангуй идэвхтэй жил болсон гэж дүгнэж байгаа. Хооллолтын хувьд тодорхой хугацаанд цагаан хоолтон болох төлөвлөгөө тавьсан ч хэтээс их мах иддэггүйн дээр уншиж судлах тусам тодорхой дэглэмээс илүү тэнцвэртэй хооллолт нь илүү чухал гэдгийг ухааран хэрэгжүүлэхгүй байхаар шийдсэн.

2. Карьерын хувьд дизайн, мэдрэмжийг загварчлах чиглэлийг хаяхгүй нь тодорхой, урт хугацаанд үүнийг хийнэ гэдэг маань төсөөлөгдсөн хэвээр байгаа. Гэхдээ цаг хугацаа явахын хэрээр нийгэмдээ өгөөжтэй байлгах талаас хэрхэн ажиллах талаас илүү бодохыг дотор хүн маань хүсээд буйг анзаарсан.

Коронавирусээс үүдэн брендинг дээр нь ажиллаж байсан олон улсын хурал маань хойшлогдож, үүнээс үүдэн шинэ ажлууд олох гээд нэлээн адал явдалтай байлаа. Орлогын хувьд төсөөллөөс хэт хол зөрсөн ч өөрийгөө гололгүй, шинэ зүйлсэд сорьсон жил болов.

3. Хувь хүний хөгжил

Уншсан номууд гэвэл (Англиар бичсэнүүдийг Англи хэл дээр):

  • Team of Teams: New Rules of Engagement for a Complex World — by Stanley A. McChrystal
  • Quiet — by Susan Cain
  • Хайр — Ричард Давид Прехт (дахиж)
  • Гэдэс — Жулиа Эндэрс
  • Агнистын гэгээ боть 19
  • Агнистын гэгээ боть 20
  • This is Marketing — by Seth Godin
  • Zag — by Marty Neumeier
  • Algorithmic leader — by Mike Walsh
  • Цойлогсод
  • Nudge — Ричард Х.Талер

Мөн 12-р сарын эхэнд MasterClass-ын эрх худалдан авсан ба туйлын сэтгэл хангалуун байгаа. Өөрийн салбараа гүн гүнзгий мэддэг нэр алдартай хүмүүсээс суралцана гэдэг ховор завшааны дээр сургалтын агуулга, бэлдсэн материалууд нь тун чанартай санагдсан.

Блог бичих зорилтын хувьд 24 гэдэг тоо тавьсан ч 15 дээр буулаа. Өөрийн бичвэртээ хэт шүүмжлэлт хандаж байсан маань бичих урам зориг тэр бүр бадраасангүй. Хэдий тийм ч өөрийн тархийг бүтээлчээр ажилладаг байхад дасгалжуулахын тулд бичих чадвараа улам бүр л сайжруулахыг эрмэлзэнэ. Боломж гарвал гэсэн ангилалд байсан багшлах зорилго маань энэ жил өөрөө над дээр ирж их сургуулийн 4-р курсийн оюутнуудад хичээл заах санал хүлээн авсан ч бэлтгэлгүй байсан тул татгалзав. Гэхдээ энэ санал надад өөрийгөө хөгжүүлэх маш их урам өгсөн ба ирээдүйд ирэх саналд би бэлэн байхыг хүсэж байна.

Аяллын хувьд Индонезид Freelancer-уудтай танилцах, Сингапурт Startup Weekend-д оролцох маань мэдээж биелээгүй. 1-р сард явах гэж байсан би вирусээс үүдэн хойшлуулсан маань зөв шийдвэр болсон. Харин Startup Weekend-д арга хэмжээнд онлайнаар оролцож баг маань финалын 12-т үлдсэн. Хэдий тийм ч тус арга хэмжээнд оролцсон туршлага надад таатай санагдаагүй. Шинэ хүмүүстэй танилцах, тэдний сэтгэл хөдлөл, үйлдэл, яриаг дэргэдээс нь мэдрэх хүн хоорондын холбоо үгүйлэгдэж байсан нь технологи хэдий өндөр хэмжээнд хөгжсөн ч үүнийг нөхөж чадахгүй гэсэн итгэл үнэмшлийг надад илүү бат суулгаж өгөв.

4. Харилцааны хувьд ямартай ч болзоонд хэд, хэдэн удаа явсан. Гүйцээ. Үүнээс цааш бичмээргүй байна. 😜

2020 оныг эргээд дүгнэхэд ийм байлаа. Төлөвлөж байсан зорилгууд маань биелээгүй ч хүлээн зөвшөөрч болохуйц жил болж өнгөрөв. Суралцах зүйл ихтэй сорилттой жил байсан тул гомдоллох хүсэл алга.

Энэ хүртэл уншсанд баярлалаа. 2021 он таны төлөвлөгөө, зорилго биелсэн, ухаарал хайрласан, адал явдлаар дүүрэн жил байх болтугай. Гэхдээ 2020 он шиг биш. 😜

Photo by Immo Wegmann on Unsplash

--

--