Photo by UX Indonesia on Unsplash

Блокчэйн + UX

Блокчэйн технологи дээр суурилсан тархмал бүтэцтэй аппуудын (dApps) UX дизайнд тулгарч буй асуудлууд

Boldmaa Solongontuya
Published in
5 min readDec 26, 2022

--

Блокчэйн технологи дээр суурилсан тархмал бүтэцтэй(decentralized) аппууд ихээр хөгжүүлэгдэж байгаатай холбоотой хэрэглэгчдэд эдгээр аппуудыг ойлгомжтой болон хэрэглэхэд хялбар байдлаар хүргэх шаардлага гарч байна. Олон давуу талтай шинэ технологи үүсч болох ч хэрэглэгчдэд ойлгуулж нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх нь том даваа байдаг. Мөн нөгөө талаасаа блокчэйн технологи нь хурдацтайгаар хөгжиж хөгжил нь хаашаа эргэх нь тодорхойгүй байгаа нь алхам бүрт шинэ асуудалтай нүүрэлдүүлж байна.

Эхлээд блокчэйн технологи, UX дизайны үндсэн ойлголт болон түлхүү хэрэглэгддэг нэр томьёонуудын талаар ойлголттой болцгооё.

Блокчэйн технологи гэж юу вэ? — Блокчэйн технологи нь тархмал бүтэцтэй өгөгдлийн сан бөгөөд өөрөөр хэлбэл сүлжээнд холбогдсон олон компьютерүүд дээр байршсан нээлттэй өгөгдөл юм. Блокчэйн технологийн үндсэн шинж чанаруудыг дурдвал:

  1. Тархмал өгөгдлийн сан
  2. Peer-to-peer тархалт (P2P)
  3. Хэрэглэгчийн нууцлал бүхий өгөгдлийн ил тод байдал
  4. Устгах боломжгүй бүртгэл

UX дизайн гэж юу вэ? — UX дизайн нь бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн хэрэгцээг хангасан болон хэрэглэхэд хялбар болгон загварчлах дизайны нэг чухал салбар юм.

Төвлөрсөн бүтэцтэй аппликэйшн(centralized application) гэж юу вэ? — Төвлөрсөн бүтэцтэй аппликэйшн гэдэг нь зөвхөн нэг этгээдэд апп-ын хэрэглэгчдийн өгөгдлийг цуглуулах, боловсруулах гэх мэт бүх эрх олгогдсон байхыг хэлнэ. Жишээ нь Facebook-г авч үзвэл таны хийж байгаа үйлдлүүд болох зураг оруулах, бичлэг хуваалцах болон мэдээлэл оруулах зэрэг нь Facebook-н серверт хадгалагддаг. Энэ тохиолдолд Facebook өгөгдлийг хадгалах болон дамжуулах гэх мэт бүх эрхийг эзэмшиж байгаа юм.

Тархмал бүтэцтэй аппликэйшн(decentralized application) гэж юу вэ? — Тархмал бүтэцтэй аппликэйшн нь хэн ч тухайн системийн бүх эрхийг эзэмшихгүй байж системийг олон хэрэглэгч хянах болон өгөгдлийг цуглуулах эрхтэй байх шинж чанартай. Энэхүү системийг төлөөлөх нэг жишээ нь Torrent юм. Torrent нь peer-to-peer зарчмаар ажилладаг бөгөөд энэ нь хэрвээ та ямар нэгэн файлыг torrent-с татвал зөвхөн нэг төвлөрсөн серверээс татахгүй ба тухайн файлыг хадгалж байгаа олон Torrent хэрэглэгчдийн компьютераас татдаг байна.

2022 онд зохион байгуулагдсан Web3 UX Unconference-ийн үеэр томоохон (Ethereum Foundation, uPort, Metamask, balance.io гэх мэт) dApp хөгжүүлэгчид цугларч өөрсөддөө тулгарч байгаа томоохон асуудлуудын талаар ярилцсан байна. Мөн энэ уулзалтын бас нэгэн зорилго нь тулгарч байгаа асуудлуудын талаар нэгдсэн ойлголттой болох ба эдгээр асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар байсан байна. За ингээд энэхүү уулзалтаас гарсан Web3 UX дизайнд тулгараад байгаа томоохон асуудлуудтай танилцъя.

Асуудал 1 — Харийн нутагт харийн хүмүүс (Strangers in a strange land)

Блокчэйн технологи болон тархмал бүтэцтэй дижитал бүтээгдэхүүнүүд гэдэг нь шинэ ойлголт учраас эдгээр бүтээгдэхүүнийг технологийн үндсэн суурь ойлголтгүйгээр хэрэглэх нь технологийн салбарын бус байтугай технологийн салбарын хэрэглэгчдэд ч хэцүү байдаг. Мөн шинэ нэр томьёонууд нь хэрэглэгчдийг ихээр төөрөгдүүлдэг байна. Хэрэглэгчид үндсэн ойлголттой болохын тулд судалгаа хийдэг боловч зарим талаараа энгийн болон сайн чанарын мэдээлэл олгох мэдээлэл муу байдаг. Бас нэгэн томоохон асуудал нь хэрэглэгч dApp хэрэглэж эхлэхийн тулд өөрийн гэсэн хэтэвч болон ямар нэгэн төрлийн койн хэрэгтэй болдог учир эхний энэ алхмаас эхлээд л хэрэглэгчид 2 хэсэгт хуваагдаж нэг тал нь туршилт хийн койн худалдан авч эхэлдэг бол нөгөө хэсэг нь тэр чигээрээ ашиглаж үзэлгүй орхидог байна.

Асуудал 2 — Газ

Газ буюу блокчэйн гүйлгээний шимтгэл нь шинэ хэрэглэгчдэд бас нэг төрлийн асуудал болдог. Гүйлгээний шимтгэл нь блокчэйнд бичих үйлдэл хийх болгонд шаардагддаг бөгөөд UX дизайнд нэмэлт алхмуудыг нэмж төвөгтэй байдлыг нэмдэг байна.

Асуудал 3 — Нууц үг хадгалах болон нууц үг сэргээх

Нууц үгээ хадгалах болон удирдах нь хамгийн том асуудлуудын нэг хэвээрээ л байна. Энэхүү асуудлаас болж олон хэрэглэгчид хулгайд өртөх болон өөрийн хөрөнгөндөө хандах боломжгүй болсоор байгаа. Тархмал бүтэцтэй хэтэвч нь таны нууц үгийг ямар нэгэн сервер дээр хадгалахгүй бөгөөд мөн мартсан тохиолдолд сэргээх боломжгүй юм. Одоогоор хэрэглэгчдийн түлхүү хэрэглэж байгаа арга болох цаасан дээр тэмдэглэн авах арга нь түр зуурын хэрэглэгдэж байгаа найдваргүй аргын нэг юм. dApp хөгжүүлэгчид хэтэвчиндээ хандах найдвартай, хялбар байж болох аргуудыг дизайндаа шингээж өгч байна. Эдгээр аргуудад нууц үг хадгалдаг гуравдагч талын аппликэйшн, нууц үгийг төхөөрөмж дээр хадгалдаг тусгай хэтэвч (hardware wallet) гэх мэт аргууд орж байна. Гэвч дээр дурдсан аргууд нь шилдэг арга мөн эсэх нь одоог хүртэл эргэлзээтэй байна.

Асуудал 4 — UX дизайны стандартчилал

Web3 UX conference-ээс гарсан бас нэг чухал үр дүн нь dApps хөгжүүлж байгаа олон багууд бүгд нэгэн ижил асуудалтай байгааг мэдсэн явдал юм. Олон баг хөгжүүлэлт хийж өөрийн шийдлээр шийдэж байгаа боловч тухайн асуудлуудыг шийдэж байгаа UX дизайны тогтсон хамгийн шилдэг шийдэл одоогоор байхгүй байна. Багууд асуудлаа тус тусдаа шийдэх гэж оролдож байгаа нь тухайн асуудлын шилдэг шийдлийг олоход цаг алдах нэг хүчин зүйл болж байгаа юм. UX судалгаа, нээлттэй санал хүсэлт болон UX бүлгэмийн хамтрал нь UX дизайны шилдэг шийдлийг олоход түлхэц өгөх юм.

Асуудал 5— Тодорхой байдал

dApp хэрэглэсний дараа хэрэглэгч бүрэн дүүрэн ойлголттой байх нь ховор бөгөөд цаанаа яг ямар зүйл болсныг ойлгоогүй байх нь элбэг. dApp байнга хэрэглэдэг хэрэглэгчид хүртэл энэ талаарх мэдлэг бага байдаг бөгөөд хэрэглэж сурсан зуршил болон өөрийн туршлагын дагуу хэрэглэдэг. UX талаасаа хэрэглэгчдэд цаанаа ямар процесс болж байгааг ойлгуулан харуулах нь бас нэгэн асуудал байдаг.

Асуудал 6— UX дизайнеруудын оролцоо

Одоогийн байдлаар хамгийн их оролцоотой байгаа хүмүүс нь хөгжүүлэгчид, судлаачид болон арилжаачид байна. UI/UX дизайнерууд тархмал апп-ын хөгжүүлэлтийн багт оролцох нь бага байсан нь UX дизайныг шийдлийг орхигдуулах гол шалтгаан болж байв.

Харин сүүлийн үед олон баг өөрсдийн төслүүддээ UX дизайнер хамруулахыг хичээж байгаа бөгөөд энэ нь Web3 UX дизайны шилдэг шийдэл бүхий стандартчилагдсан дизайн гаргахад томоохон хувь нэмэр оруулах юм.

Дүгнэлт

Протокол түвшиндээ явж байгаа судалгаа эсвэл техникийн мэдлэг өндөртэй блокчэйн технологийн цаадах учрыг мэддэг хүмүүст зориулсан бүтээгдэхүүний хувьд UX муу байх нь асуудал биш. Гэвч муу дизайнаас болж хэрэглэгч буруу хаяг руу шилжүүлэг хийх зэрэг зайлсхийж болох байсан алдаа гаргах нь тухайн бүтээгдэхүүнд итгэх итгэлийг алдах нөхцөл болдог.

Манай ТЕО баг блокчэйн технологийг ашиглан нийгэмд тулгарч байгаа асуудлуудыг шийдэн олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх dApp хөгжүүлдэг учраас хэрэглэгчдэд ойлгомжтой, энгийн дизайнтай бүтээгдэхүүн хөгжүүлэх зайлшгүй шаардлага гарч байна.

UX дизайны судалгааны явцад олж мэдсэн хэсэг мэдээллээсээ энэхүү нийтлэлээрээ хуваалцлаа.

Хэрэв та Web 3.0 UX дизайны талаар сонирхдог ба энэ чиглэлээр ажиллах сонирхолтой бол танд олон янзын боломжууд байгаа бөгөөд шинээр гарч байгаа асуудлуудыг шийдэн UX стандартыг тогтооход хувь нэмрээ оруулаарай.

Энэ хүртэл уншсан танд баярлалаа. ^_^

Эх сурвалжууд:

--

--